З.БАТЦЭЦЭГ
Германы гүн ухаанч. Байгалийн хүчний шатлалын талаарх таамаглалын философийг бий болгосон. Шеллинг 1775 оны нэгдүгээр сарын 27-нд Леонберг хотод төрсөн. Түүний аав Этингер теологийн магистр, эртний хэл судлаач, Вюртембергийн протестан сүмийн удирдагч байсан. Удалгүй гэр бүл нь Вебенхаузен нууж, аав нь шашны дунд сургуульд багшлах болов. Фридрих зургаан настайдаа сургуульд орон, найман наснаасаа эртний хэл судалж эхлэв. Түүнийг хоёр жилийн дараа Нюртенгенийн латин сургуульд өгчээ. Тэрбээр энэ сургуульд удсангүй. Багш нь түүнийг сургуулийн бүх программыг мэдэж байна хэмээжээ. Фридрих гэртээ буцаж ирээд сүмийн сургуульд оров. Бүгд түүний чадварыг гайхаж байлаа. Тэрбээр латин, грек, эртний еврей, араб хэлээр чөлөөтэй шүлэг бичиж байлаа. Хуулиар зөвшөөрөгдсөнөөс гурван жилийн өмнө буюу 15 настай байхад аав нь хөөцөлдөж байгаад түүнийг Тюбингенийн теологийн их сургуульд оруулжээ. Энд тэрбээр эртний еврей хэлний мэдлэгтэн болов. Сургуульд сурах түүнд их амархан байлаа. Тэр өөрийн авьяас, тогтвортой суух чадвараараа бүхнийг гайхшруулж байв. Үүнийг нь бодоод түүнд олон зүйлийг нь уучилдаг байв. Нэг семестрийн туршид 52 лекц тасалсныг нь хүртэл өршөөж байж. Оюутан байхдаа тэрбээр Гегель, яруу найрагч Гельдерлинтэй найзууд болжээ. Тэд улс төрийн чөлөөт үзэл дээр нэгдсэн найзууд. Францын хувьсгал ид оргил үедээ байсан. Шеллинг франц хэлнээс “Марсельезаг” орчуулан, Гегелийн адил улс төрийн клубт элсэн, хуьсгалын талаар халуун маргаан өрнүүлдэг байв.
1795 онд Шеллинг их сургуулиа төгссөн. Тэр бүх Германы идеалистуудын адил гэрийн багш болов. 1797 онд Фихте түүн рүү анхаарлаа хандуулав. Фихте тэр үед байгалийн гүн ухааны шинэ системийг боловсруулж байсан үе. Тэр үед Шеллингийн “Байгалийн гүн ухааны санаа” бүтээл нь гарч, жилийн дараа гарсан “Дэлхийн оюун санаа. Бүх биетийн талаарх физикийн өндөр тайлбар” ном нь Гётед их таалагджээ.
1798 онд Фихте, Гёте нарын тусламжтайгаар тэр Иенийн их сургуулийн ер бусын профессор болов. Энд тэрбээр Шиллер, Гёте, ах дүү Август Фридрих Шлегель, Новалис, Тик, Фихте, Гегель нартай нөхөрлөв. Тэдэнтэй холбоотой байсан 1798-1803 онд түүний хувьд их үр бүтээлтэй он жилүүд байсан юм. Тэрбээр яруу найрагч Фридрих Шлегелийн эхнэртэй танилцан, тун удалгүй дотносов. Нэгэн түүхчийн бичснээр “Каролина Гётетэй өглөөний цай уун, Фихтэйтэй өдрийн хоол идэн, Шеллингээс бас салдаггүй байлаа”. Ухаантай, авьяастай, хөгжилтэй Каролина романтикуудыг эрэн хайж, зохиол бичин редакторлодог байв. Шиллер түүнийг Люцифер-хатагтай гэдэг байлаа. 1803 оны тавдугаар сарын 3-нд Каролина нөхрөөсөө салав. Тиймээс тэрбээр найзуудтайгаа салах ёс хийгээд Каролинаг аваад Мурхардт дахь аавынхаа жижиг гэрт ирэв. Аав нь Каролинаг дуртай хүлээж авсан шалтгаан нь түүний биширдэг алдартай дорно дахины судлаач Михаэлсийн охин байж. Зургадугаар сарын 26-нд Каролина, Шеллинг нар хуримаа хийжээ. Бал сараа Канштадт-д өнгөрүүлжээ.
Бид байгалиар сэтгээд зогсохгүй, байгалиар төсөөлж, байгальтай уялдан холбоотой байдаг гэж Шеллинг нотолдог. Тэр байгалийн динамик хандлагыг хөгжүүлдэг, байгаль өөрийн хөгжлийн явцад олон үе шаттай, үүнийгээ Шеллинг хүч чадал гэж нэрлэдэг байжээ. Байгаль хоёр туйлтай, эерэг, сөрөг соронзон туйлтай. Энэ бүгдийг тэрбээр байгалийн философи гэж нэрлэсэн. Тухайн цаг үедээ энэ шинэлэг зүйл байлаа.
Шеллингийн үзэл бодол маш хурдан эрдэмтэд дунд нэр хүндийг олжээ. 1798 онд Норвегийн эрдэс судлаач Хенри Стеффенстэй танилцан найзууд болсон байна. Байгалийн шинжлэх ухаанд анагаахын үндсийг олж чадсан хэмээн түүнийг Баварийн анагаахын их сургуулийн хүндэт доктор болгожээ.
Шеллингийн лекц шуугиан тарьж байсан юм. Алдар нэр хүндийг дагаад түүний лекцэнд суух хүмүүсийн тоо нэмэгдэж байлаа. 1800 онд түүний “Трансцендентал идеализм” бүтээл гарчээ. Үүнд байгалийн шинжлэх ухаан, трансцендентал идеализм хоёр бие биеэ нөхдөг шинжлэх ухаан гэж бичсэн байдаг. Хэрвээ дэлхийг байгалийн өнцгөөс нь харвал бодит байдлын объектив материаллаг чанар ажиглагдана. Гэхдээ бид байгалийн шатаар дээш ахих тусам байгаль илүү зохион байгуулалттай, эмх цэгцтэй болдог. Байгалийн хөгжил нь хүний ухамсар бий болсноор дуусдаг.
1801 онд “Таамаглалын физик” сэтгүүлд Шеллингийн “Байгалийн шинжлэх ухааны үнэн ойлголт” нийтлэл хэвлэгджээ. Энэ талаар “Харанхуйд таньдаг замаараа, эргэн тойрноо харахгүй байж алдахгүй зөв явж байгаа юм шиг мэдрэмж төрлөө” гэж Гёте бичсэн. Шеллингийн нэг ангийн найз Гегель олон жилийн хугацаанд холбоогүй байснаа 1800 оны намар дахин эргэж холбогдов. Шеллинг түүнд туслан гэртээ хүлээж аван Иенд авчиран туслах профессор болон лекц уншиж эхэлжээ. Тэрбээр Гегельтэй хамтран их нийтлэл бичин сэтгүүлд хэвлүүлэн, ном гаргаж байлаа. Эхэндээ хамтран санаагаа хуваалцан бичиж байсан бол нас ахиад өөрийн үзэл бодлоо хатуу хамгаалдаг болов. Залуу насны найз Гегелийг нас барсны дараа хамтран бичсэн нийтлэлүүдээ зөвхөн миний санаа байсан, Гегель юу ч бичээгүй хэмээн маргаан дэгдээж байсан. 1803-1806 онд Вюрцбюргийн их сургуульд багшилж байхдаа дотоод үзэл бодол нь өөрчлөгдөн, энэ нь дараа дараагийн нийтлэлүүд дээр нь илүү тод ажиглагдах болжээ. Одоо түүний санааг сайн, муу гэсэн ойлголтууд зовоож байв.
1806 онд Дүрслэх урлагийн академийн нарийн бичиг мөн Шинжлэх ухааны академийн гишүүн болсон. 1807 оны намар эхнэр Каролина нь нас баржээ. Энэ түүний хувьд том цохилт болсон байна. Каролина түүний хувьд зүгээр найз, эхнэр байгаад зогсохгүй өөрийх нь нэгэн хэсэг, уран бүтээл хийх гол хүсэл төрүүлэгч байсан юм. Үүнээс хойш түүнд олон сайхан санаа төрөх ч, тэр дуусгаж чадахгүй, олигтой хэвлүүлж чадахаа болино. Соёлын түүхэнд эхнэр нь ажил, бүтээлд нь ингэж их нөлөөлөх өөр жишээ байдаггүй. Эхнэрээ өнгөрсний дараа тэр гүн сүсэгтэн болсон юм.
Хуульч Эбергард Георгий түүнд гүн ухааны талаар сонирхсон хүмүүст яриа хийхийг санал болгоход тэр зөвшөөрдөг. Гэхдээ цөөн хүн цуглуулж, лекц биш яриа өрнүүлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ. Ингэж “Штутгартын яриа” үүссэн түүхтэй. Тэрбээр эхнэр Каролинагийн дотны найзын охин Паулина Готтертэй их удаан захиагаар харьцаж байгаад 1812 оны зургадугаар сарын 11-нд тэд гэрлэжээ. Тэр “Би хэрэгтэй зүйлээ олсон” гэж хэлсэн байдаг. Паулина нөхөртөө ухаангүй хайртай байлаа. “Би маш их аз жаргалтай байна. Шеллинг дэлхийн хамгийн гайхалтай хүн” гэж Паулина найздаа бичсэн захиандаа түүний талаар өгүүлсэн байдаг. Паулина түүнд гурван охин, гурван хүү төрүүлж өгчээ.
1827 оны тавдугаар сард шинжлэх ухааны цуглуулгын газрын ерөнхий захирал, наймдугаар сард Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч болсон. Амьдрал түүнийг улс төр рүү хөтөлжээ. Максимиллиан хаан түүнээс зөвлөгөө авдаг байлаа. Шеллинг хувьсгалын эсрэг үзэлтэн, ямар ч улс төрийн эргэлтийг тэрбээр эх орны урвалт гэж хардаг. “Энэ дэлхийд төгс засаг гэж байдаггүй” гэж тэр баварийн хаанд бичиж байсан. Тэр “нэгдүгээр” сөрөг гүн ухааны талаар бичээд дараа нь “эерэг” гүн ухааны талаар бичих шинэ санаа түүнд төржээ. 1851 оны зургадугаар сард тэр хүү Фрицдээ гар бичмэлээ илгээгээд “Би сөрөг гүн ухааныг дуусгаад, дахин энэ талаар бичихгүй” гэжээ.
1853 онд тэрбээр хөгширч, бие нь муудаж эхэлмэгц өөрийн гар бичмэлүүдийн талаар гэрээслэлээ үлдээжээ. Тэр 1854 оны наймдугаар сарын 20-нд Швейцарын Рагац хотод нас барсан байна. Түүнийг тэнд нь оршуулан, “Германы анхны сэтгэгчид” гэсэн хөшөө босгожээ. Баварийн хаан Максимиллиан хөшөөг босгож, хүү Фридрих нь бүх бүтээлийг нь нэгтгэн хэвлүүлсэн байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.12 МЯГМАР № 200 (6677)