Б.ДОЛЖИНЖАВ

Тайвань улс ардчилсан Засгийн газраа байгуулахад нь Хятад болон бусад улс шахалт үзүүлэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй гэж тус улсын ерөнхийлөгч Цай Ин Вен мэдэгдэв. Тэрбээр Тайвань Хятадын иргэний дайн дууссанаас хойш сүүлийн 72 жилийн хугацаан дахь хамгийн төвөгтэй нөхцөл байдалтай нүүр тулж байгааг анхаарууллаа. БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Хонгконгод ашигласан “нэг улс хоёр систем” зарчмаараа Тайванийг Бээжинтэй нэгдэхийг уриалсан ч Тайвань эсэргүүцсэн юм. Гэвч Хятад өдгөө хүртэл Тайванийг өөрийн газар нутгийн салшгүй нэг хэсэг гэж үздэг.
Тайвань баярын өдрүүдээрээ Үндэсний батлан хамгаалахын сайд нь  дөрвөн төрлийн дотоодын пуужингаа танилцуулсан билээ. Үүнд олон төрлийн пуужин харвагч “Thunderbolt 2000”, дунд тусгалын Sky Sword II, Sky Bow III болон далавчит Hsiung Feng II and III гэсэн пуужинг танилцуулсан юм. Учир нь сүүлийн долоо хоногт Хятадын Ардыг чөлөөлөх армийн Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү олон тооны байлдааны онгоц, цөмийн бөмбөгдөгч онгоц илгээсэн юм. Тодруулбал, аравдугаар сарын 1-нээс эхлэн эх газраас Тайвань руу сөнөөгч, бөмбөгдөгч, агаараас сэрэмжлүүлэх нисэх онгоцоос бүрдсэн нийт 149 онгоц дөрвөн өдрийн турш хөөргөжээ.
 Үүний дараа АНУ-ын Төрийн департаментаас  мэдэгдэл гаргаж Хятад улсыг Тайванийн эсрэг цэрэг, дипломат, эдийн засгийн шахалтаа зогсоохыг уриалав. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс “Тайванийн бүс нутаг орчмын тайван, тогтвортой байдлыг алдагдуулсан БНХАУ-ын  өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаанд Америк их санаа зовж байна. Америк болон Тайванийн харилцаа нь бат бөх. Тиймээс Тайванийн хоолой, бүс нутгийн энхтайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулна” гэв. Харин Хятадын Гадаад хэргийн яамнаас “АНУ хариуцлагагүй мэдэгдэл хийж, “Нэг Хятад” зарчмыг ноцтойгоор алдагдуулсан” хэмээн шүүмжиллээ.Тайванийн Батлан хамгаалах яам шинэ пуужин хөгжүүлж, зэвсгээ шинэчлэхийн тулд дараагийн таван жилд 8.7 сая ам.доллар зарцуулах төсвийг өнгөрсөн сард мэдэгдэж байв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.12 МЯГМАР № 200 (6677)