Б.ДОЛЖИНЖАВ
Түлшний импорт тасалдсанаас үүдэн Ливан улсын хоёр том цахилгаан станц ажиллахаа больж, улсын ихэнх бүс нутагт эрчим хүч тасарсныг орон нутгийн хэвлэлүүд өнгөрсөн бямба гарагт мэдээлэв. “Ливан улсын эрчим хүчний систем өнөөдөр үд дундаас эхлэн бүрэн зогслоо. Эрчим хүч даваа гараг хүртэл эсвэл хэдэн өдрөөр ч үргэлжлэн тасалдаж магадгүй байна” гэж тус улсын албаны эх сурвалж Ройтерс агентлагт ярьжээ. Харин эрх баригчид “Ливаны өнцөг булан бүрт эрчим хүчийг сэргээхийн тулд онцгой нөхцөлийн үед ашиглахаар нөөцөлсөн түлшнээсээ цахилгаан станцуудад ашиглахаар ажиллаж байна. Тун удахгүй эрчим хүчийг хэсэгчлэн олгож эхэлнэ” гэж ярьсныг “NNA” агентлаг дамжуулав. Ливаны гол хоёр цахилгаан станцын нэг Дэйр Аммарын станц баасан гарагт зогссон бол Захрани станц бямба гарагийн үдээс хойш ажиллахаа больжээ.
Тус улсын эдийн засаг гүн хямарсан учир түлшний импортоо зогсоосон нь эрчим хүч тасалдах үндсэн шалтгаан болсон юм. Тодруулбал, Ливаны мөнгөн тэмдэгтийн ханш 2019 оноос хойш 90 хувь хүртэл унаад байгаа юм. Ливанд үүсээд байгаа эдийн засгийн энэ хямралыг Дэлхийн банк сүүлийн 100 жилийн түүхэн дэх хамгийн гүн, ноцтой хямрал хэмээн дүгнэжээ. Иргэний дайны дараа тус улсын эрх баригчид улс орноо сэргээх боломжийг алдаж, авлига, алба тушаалын хэрэг, өмч хөрөнгийн хулгай газар авсан нь үүнд нөлөөлжээ. Одоо тус улсын банкны систем сүйрэлд орж, үндэсний валютын ам.доллартай харьцах ханш нь 15 дахин унаад байна.Нийслэл Бейрут хотын боомтын агуулахад өнгөрсөн жил хүчтэй дэлбэрэлт болж, их хэмжээний барилга байгууламж, дэд бүтцийг сүйрүүлсэн нь тус улсын эдийн засгийг улам доройтуулсан юм.
Эрчим хүчний хомсдол төдийгүй усны хомсдолоос үүдэн амьдрах нөхцөл нь хүндэрсэн иргэд Ливаны хэд хэдэн бүс нутагт зам хаан жагсжээ. Тус улсын Эрчим хүч, усны сайд Валид Файяд “Ливаныг нэмэлт эрчим хүчээр хэрхэн хангах талаар нухацтай хэлэлцэж байна. Энэ нь Дэлхийн банкны санхүүжилтээс хамаарах юм. Тиймээс би Ойрхи Дорнодын Дэлхийн банкны албаны хүмүүстэй уулзахад манай улсыг зайлшгүй шаардлагатай бүх хэрэгслээр хангаж, эрчим хүчний хямралыг зогсоохоо дамжуулсан” гэж баасан гарагт мэдэгдсэн юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.11 ДАВАА № 199 (6676)