Б.ДОЛЖИНЖАВ
Салбар салбарын дэлхийн шилдгүүдийг тодруулдаг Нобель-2021 арга хэмжээ үргэлжилж байна. Энэ жилийн утга зохиолын салбарын Нобелийн шагналыг Зүүн Африкийн Танзани улсын зохиолч Абдулразак Гурнах хүртлээ. Шведийн Хатан хааны шинжлэх ухааны академиас түүнийг “колоничлолын үр нөлөөг энэрэнгүй бөгөөд хатуу байдлаар гарган ирсэн” гэж магтжээ.
Мөн Нобелийн хорооноос “Зохиолд өгүүлсэн дэлхийн өнцөг булан бүрт тархсан Зүүн Африкийн олон үндэстний өвөрмөц соёл, түүх нь таны нүдийг нээж, хэвшмэл сэтгэлгээнээс салгах болно.Зохиолын дүрүүд соёл ба тив, хуучин амьдрал ба шинээр бий болгосон амьдрал хоорондын орон зайнаас “өөрсдийгөө” хайдаг. Гэвч энэ нь хэзээ ч шийдэж чадахгүй, санаа зовоосон асуудал юм” гэж мэдэгджээ. Харин Гурнах “Үнэхээр гайхалтай том шагнал хүртлээ. Ингэснээр дэлхийн шилдэг зохиолчдын жагсаалтад орлоо. Ер бусын гэнэтийн тохиол байлаа. Шагнал хүртсэнийг зарлах хүртэл би итгэж чадсангүй” гэж ярьжээ.
Тэрбээр Вөүл Соянкагаас /Wole Soyinka,1986/хойших Нобель хүртэж байгаа анхны хар арьст Африкийн зохиолч юм.
Өдгөө 73 настай Абдулразак Гурнах нь “Диваажин” /Paradise/, “Цөллөг” /Desertion/ гэсэн 10 гаруй зохиол туурвисан билээ. Түүний 1994 онд бичсэн XX-р зууны эхэн үеэр Танзани улсад өсч хүмүүжиж байгаа хүүгийн тухай өгүүлдэг “Диваажин” зохиол нь “Booker Prize” наадамд нэр дэвшиж байсан юм.
Тэрбээр 1948 онд Танзанийн Занзибарт төрсөн ч 1960-аад оны сүүлээр Англи руу дүрвэсэн байна. Ийн тэтгэвэрт гарах хүртлээ Кентийн их сургуулийн колоничлолын дараах үеийн уран зохиол ба Англи хэлний тэнхимд профессороор ажиллаж байв. Энэ тухайгаа “Би шагнал хүртсэн нь дүрвэгчдийн хямрал, колоничлол гэсэн миний туулж өнгөрүүлсэн бүхнийг хэлэлцэх үндэс болсон гэж бодож байа. Учир нь бид өдөр бүр эдгээр зүйлстэй тулгардаг. Дэлхийн эргэн тойронд хүмүүс бэртэж гэмтэж, амиа алдаж байна. Эдгээр асуудлыг бид хамтран хамгийн энэрэнгүй зарчмаар шийдвэрлэх ёстой. Намайг Англид ирэхэд терроризмын улмаас зугтсан, хүнд нөхцөлд орсон олон хүн тааралдсан ч тэднийг орогнол хүсэгч хэмээн нэрлэдэггүй байв. Гэвч 1960-аад оноос хойш дэлхийд хүчирхийлэл асар их нэмэгдсэн” гэж ярив.
Түүнээс сэтгүүлч 2016 онд “Таныг колоничлолын өмнөх эсвэл дараах үеийн зохиолч гэж нэрлэх үү” гэж асуухад “Би эдгээр үгсийг ашиглахыг хүсдэггүй. Би өөрийгөө аль ч төрлийн зохиолч гэж нэрийдэхгүй. Нэрнээс минь өөрөөр намайг дуудах нь таатай санагддаггүй” хэмээн хариулж байв. Тэрбээр 10 сая Швед кроны шагналыг ганцаараа хүртэнэ.
Утга зохиолын Нобелийн шагналыг өмнө нь Эрнест Хэмингуэй, Габриэл Гарсиа Маркез зэрэг үргэлжилсэн үгийн зохиолч нар, Пабло Неруда, Иосиф Бродский, Рабиндранат Тагүр зэрэг яруу найрагчид хүртэж байв. Харин өнгөрсөн оны Нобелийн шагналыг АНУ-ын яруу найрагч Луйз Глюк хүртсэн билээ.Өнөөдөр орой энх тайвны шагналтнууд тодрох бол даваа гарагт эдийн засгийн салбарын шагналын эзнийг зарлах юм.
Эх сурвалж:BBC