Б.ДОЛЖИНЖАВ
Хариуцлага, ёс зүй, хүндлэл, шударга байдал гэсэн хэдхэн үгээр Япон хэмээх улсыг бид төсөөлдөг. Алдаа гаргасан л бол ерөнхийлөгч, ерөнхий сайд гэсэн албан тушаалаас үл хамааран уучлал гуйж, огцордог жишиг нь тус улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өндөр байлгадаг. Ийн энэ жишгийн дагуу ердөө нэг жил Ерөнхий сайдаар ажилласан Сүга Ёшихидэ албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, Япон улс 100 дахь Ерөнхий сайдаа хүлээн авлаа. Энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэе.
ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН АРВИН ТУРШЛАГАТАЙ ФҮМИО КИШИДА
COVID-19 халдварын тархалттай үед дэлхийн эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн наадмыг Япон улс амжилттай зохион байгуулсан. Гэвч олимп эхэлсэн цагаас халдварын тархалт нэмэгдэж, хэд хэдэн хот онц байдлын зэрэгт шилжсэн билээ. Мөн иргэд нь олимпийг цуцлахыг шаардан хэд хэдэн удаагийн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байв. Тодруулбал өнгөрөгч наймдугаар сард халдварын тоо өдөрт ойролцоогоор 25 мянгад хүрч байв.Үүнээс үүдэн халдварын эсрэг оновчтой арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн шүүмжилсэн учир Сүга Ёшихидэ огцорохоор болсон юм. Тэгвэл түүнийг албыг Гадаад хэргийн сайд асан Фүмио Кишида залгамжлахаар болоод байна. Сүгагаас өмнө Шинзо Абэ найман жилийн хугацаанд засгийн эрхийг барьж, өнгөрсөн онд эрүүл мэндийн шалтгаанаар огцорсноор Японы хамгийн удаан ажилласан ерөнхий сайд болсон билээ.
Япон улсад энэ сарын 4-нд болсон парламентын ээлжит бус хуралдаанаар тус улсын түүхэн дэх хамгийн олон жил Гадаад хэргийн сайдаар ажилласнаар нь олон нийт таних Фүмио Кишида 100 дахь ерөнхий сайдаар томилогдлоо. Тэрбээр 2012-2017 онд Японы Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв. Түүний аав, өвөө нар нь Японы парламентын доод танхимын гишүүд байсан учир Кишидаг удам дамжсан улс төрч хэмээн үздэг. Түүнчлэн тэрбээр намын бодлогын судалгааны зөвлөлийн даргын албыг хашиж байсан.
Ийн 100 дахь ерөнхий сайд Фүмио Кишида даваа гарагт Засгийн газрынхаа үйл ажиллагааг шинэ, хуучин бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор нээсэн. Тэрбээр хууль санаачлагчдад мэхийн ёсолж, талархлаа илэрхийлсэн боловч үг хэлээгүй юм. Харин үүнээс өмнө Фүмио Кишида “Энэ бол жинхэнэ утгаараа шинэ эхлэл байх болно. Би ирээдүйд тулгарах сорилтуудыг хүчтэй хүсэл зориг, эрс шийдэмгий байдлаар даван туулахыг зорьж байна" гэж сэтгүүлчдэд ярьж байв. Ойрын хүрээллийн хүмүүс түүнийг тайван, шударга хүн гэж дүгнэдэг бол шүүмжлэгчид нь түүнийг уйтгартай, шийдэмгий бус улстөрч гэж тодорхойлдог байна.
ХУУЧИН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮН НЭГ ИХ ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ
Парламентын санал хураалтын дараахан Кишида шинэ кабинетээ зарласан. Түүний Засгийн газрын бүрэлдэхүүний ихэнх нь Сүгагийн Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс бөгөөд арав гаруй нь шинэ хүмүүс байв.Тухайлбал, Гадаад хэргийн сайд Тошимицу Мотеги, Батлан хамгаалахын сайд Нобуо Киши нар хуучин албандаа үлджээ.Шинээр сонгогдсон Ерөнхий сайд залуу гишүүдээр танхимаа бүрдүүлнэ гэж амласан ч Засгийн газрынх нь ихэнх гишүүд намын хуучин гишүүдээс бүрдэж байна. Харин Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд асан 68 настай Шүничи Сүзүкиг 81 настай Таро Асогийн оронд Сангийн сайдаар томилсон байна. Ингэснээр есөн жилийн дараа Япон улс шинэ Сангийн сайдтай болж байгаа юм.Эрэгтэй гишүүд давамгайлсан Либерал Ардчилсан нам хүйсийн харьцааг тэнцвэржүүлэхийн тулд шинэ Засгийн газарт гурван эмэгтэй сайдыг томилно гэж мэдээлээд байна.
Шинэ ерөнхий сайдад цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, Хойд Солонгосын цөмийн зэвсгийн аюулаас хамгаалах, АНУ болон Хятадтай тэнцвэртэй харилцааг хадгалах гэсэн үүрэг даалгавар ногдож байна.Үүнээс гадна арваннэгдүгээр сард болох парламентын сонгуульд намаа ялуулах нь түүний нэн тэргүүний чухал ажил юм. Учир нь ирэх сард болох парламентын сонгуульд Либерал ардчилсан намыг ялалт байгуулна гэж үзэж байгаа ч дэмжигчдийн тоо нь буурах хандлагатай байна. Тухайлбал, тус нам өнгөрсөн долдугаар сард Токио хотод болсон орон нутгийн сонгуульд олонхийн санал авч чадаагүй бол наймдугаар сард Йокогама мужийн захирагчийн сонгуульд ялагдсан билээ.Фүмио Кишида сонгуулийг аравдугаар сарын 31-нд болгож наашлуулахаар төлөвлөж байгааг “Kyodo News” мэдээлжээ.
НАМЫН ДАРГАД ХОЁР ЭМЭГТЭЙ НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨВ
Японы эрх баригч Либерал Ардчилсан Намын даргын сунгаа есдүгээр сарын 29-нд болж дөрвөн нэр дэвшигч өрсөлдсөнөөс хоёр нь эмэгтэй байв. Тухайлбал, консерватив үзэл баримтлалтай 60 настай Санае Такайчи болон 61 настай Сейко Нода нар эрх баригч намын даргийн сунгаад өөрсдийгөө “сойсон” юм.Гэвч сүүлчийн шатны шалгаруулалтад Фүмио Кишида энэ удаагийн сунгааны хамгийн нэр хүндтэй нэр дэвшигч болох “COVID-19”-ийн вакцинжуулалтыг хариуцсан сайд Таро Коног ялсан юм. Тэрбээр эрх барих намын гишүүдийн 256 санал /146 хууль тогтоогч, 110 бусад албан тушаалтнууд/ авч, намын даргаар сонгогджээ. Өдгөө 64 настай Кишида өнгөрсөн оны намын даргын сунгаанд өмнөх ерөнхий сайд Сүга Ёшихидэд ялагдаж байсан билээ.
Либерал ардчилсан намын даргын сонгуульд сүүлийн 13 жилд анх удаа эмэгтэйчүүд нэр дэвшсэн тохиолдол нь энэ юм.Нэр дэвшигч эмэгтэйчүүд улс төрийн бодлогын хувьд эрс ялгаатай. Хэт хуучинсаг үзэлтэй Санаэ Такайчи нь үндсэрхэг, цэрэг, армийн хүчирхэгжилтийг дэмждэг бол Сэйко Нода нь энх тайванч үзэлтэй, эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн тэгш оролцоог дэмждэг.“Японы улс төрд эмэгтэйчүүд бол цөөнх. Тэдний сонголт болоод амжилтад хүрэх зам хязгаарлагдмал. Тэд эрэгтэйчүүддээ үнэнч байж чадахгүй л бол улс төрд хол явахгүй” хэмээн Осакагийн урлагийн их сургуулийн нийгэм, улс төр дэх эмэгтэйчүүдийн роль судлаач Маюүми Танигүчи тайлбарлажээ. Өдгөө 60 настай Санаэ Такайчи нь 1993 онд анх парламентад сонгогдсон. Тэрбээр дотоод хэргийн сайд, хүйсийн тэгш эрхийн сайд гэх мэт эрх барих намын засгийн газар дахь гол албан тушаалуудыг хашиж байсан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.8 БААСАН № 198 (6675)