З.БАТЦЭЦЭГ 

Софиягаас дипломатчдыг хөөх санаачилгын ард АНУ байгаа гэж тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Элеонора Митрофанова “РИА Новости” агентлагт ярьжээ. “Софи бие дааж шийдвэр гаргасан гэж бодохгүй байна. Энэ албадан гаргалтын цаана Том ах нараас хэн нь зогсож байна вэ. Мэдээж америкчууд. Тэд оросуудыг Болгарын амьдралын бүхий л салбараас шахаж гаргах зорилго тавьсан бололтой юм” гэж тэрбээр хэлжээ. 
Түүний бодлоор америкчууд зорилгодоо хүрч чадахгүй. Учир нь Орос, Болгар хоёр нэгэн түүхтэй, адил төстэй зүйл ихтэй улс юм. Хоёр улс дипломат харилцааны түвшинг бууруулах, таслах хэмжээнд хүрэх магадлал багатай гэж Митрофанова нэмж хэлэв. Сүүлийн үед Болгар улс Оросын дипломатуудыг хэд хэдэн удаа хөөж гаргасан. Гуравдугаар сарын сүүлээр Элчин сайдын яамны хоёр ажилтанг персона нон грата гэж зарласан бөгөөд Москва үүнд толин тусгал шиг хариулжээ. 
Дөрөвдүгээр сарын сүүлээр Болгар дахь агуулахад бөмбөг дэлбэлсэн хэрэгт ОХУ-ыг сэжиглэж буй тул Оросын цэргийн атташегийн туслахыг персона нон грата гэж зарласан. Сергей Лавровын хэлснээр “Тус улсын эрх баригчид ийм мэдэгдэл хийснээр Прага хотыг давахаар шийдсэн бололтой” гэжээ. Прага нь дөрөвдүгээр сарын дундуур Москваг 2014 онд Врбетика дахь байлдааны зэвсгийн агуулахад гарсан хэрэгт буруутгасан юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.4 № 194 (6671)