Б.ДОЛЖИН

Германыг 15 жил удирдсан канцлер Ангела Меркель өөрийн саналаар суудлаасаа буухаар шийдсэн билээ. Тэгвэл түүнийг залгамжлах дараагийн канцлерыг сонгох сонгуулийн санал хураалт  өчигдөр 00:00 цагт (Улаанбаатарын цагаар) албан ёсоор хаагдлаа. Саналын хуудсыг тоолох үйл явцаас дүгнэвэл зүүн төвийн Социал демократ (SCU) нам 25.8 хувь буюу өрсөлдөгчдөөсөө цөөн саналаар илүү тэргүүлж, ялалтад тун ойрхон иржээ. Намын удирдагч Олаф Шольц ялалт хэдийнэ тодорхой болсон гэж зарлаж байгаа ч эцсийн дүн хараахан гараагүй байна.
Хэдийгээр Меркелийн ард түмэндээ санал болгож, сонгохыг уриалсан залгамжлагч Армин Лашет 24 хувийн санал цуглуулан удаалж, өөрийн Засгийн газрыг байгуулна гэж итгэлтэйгээр амласаар байна. Гэвч түүний Консерватив нам (CDU)-ын хувьд энэ нь түүхэн дэх хамгийн муу үзүүлэлт юм. Энэ удаагийн сонгуульд хоёр Герман нэгдсэнээс хойшх хамгийн олон нам, эвсэл өрсөлджээ. Холбооны сонгуулийн хорооноос улс төрийн 47 нэгдэл оролцсон талаар мэдээлсэн байна
Шинээр сонгогдох канцлер ирэх дөрвөн жилийн турш Европын хамгийн том эдийн засгийг удирдан чиглүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд онцгой анхаарал хандуулан шаргуу ажиллах амаргүй даалгавар биелүүлэх юм. Ойрын хугацаанд Засгийн газрын бүрэлдэхүүнийг урьдчилсан байдлаар хэлэлцэнэ. Олонхийн суудал авсан нам уг хэлэлцээг удирдан явуулж гурван нам эвслийн Засгийн газар байгуулах магадлал өндөр байгаа аж. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)