Б.ДОЛЖИНЖАВ
COVID-19 халдвар тархаж эхэлснээс хойшх хоёр жил орчмын хугацаанд 223 орны 232.5 сая хүн халдвар авч, 4.7 сая гаруй хүн амиа алдлаа. Энэ хугацаанд халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй таван улсын гурав нь Номхон далайн тусгаарлагдсан арал, дөрөв дэх нь Хойд Солонгос, тав дахь нь Туркменистан хэмээн Жон Хопкинсийн их сургууль мэдээлжээ. Төв Азид орших авторитар засаглалтай Туркменистан улс зургаан сая орчим хүн амтай юм.
Гэвч бие даасан байгууллагууд болон сэтгүүлчид Туркменистаныг халдварын гуравдугаар давалгаатай нүүр тулж, эмнэлгүүдийн ор дүүрч, хэдэн мянган хүн амиа алдаж байгааг нотлох баримт байгаа гэж мэдээлэв. Хөндлөнгийн ажиглагчдын мэдээлснээр Туркменистаныг 2006 оноос хойш захирч байгаа дарангуйлагч ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов халдварын мэдээллийг олон нийтэд зарлахаас нуусан гэв. Тодруулбал, Туркменистаны Нидерландад төвтэй бие даасан мэдээллийн агентлаг “Turkmen News”-ээс багш, эмч, уран бүтээлчид бүхий 60 гаруй хүн COVID-19 халдвараар нас барсан жагсаалтыг цуглуулсан гэв. Тус агентлагийн редактор Мятев “Туркменистанд цар тахлын анхны тохиолдол өнгөрсөн оны тавдугаар сард бүртгэгдэж эхэлсэн. Хүмүүсийн дунд ханиадтай төстэй томуу, томуу төст өвчин их дэлгэрсэн. Гэтэл гадаа 40 хэм хүйтэн байх үед энэ жирийн улирлын ханиад байгаагүй” гэж ярилаа. Харин Европт байрладаг бие даасан хүний эрхийн төвийн захирал Диана Серебрианик “Туркменистаны эмнэлгүүд хүчилтөрөгчийн дутагдалд орсон төдийгүй эмчилгээ нь маш үнэтэй байгаа учир олон хүн нас барж байгаа. Эмнэлгүүд дүүрсэн учир өвчтөнүүдийг гэр рүү нь буцааж байгааг танил эмч нар мэдээлсэн” гэв. Хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр тус улс энэ онд 180 орноос 178-т жагсжээ. Тиймээс эмч нар, сэтгүүлчид болон бусад мэргэжилтнийг халдварын талаар мэдээлэхгүй байхыг шаардсан гэж “Human Rights Watch” байгууллагаас мэдээлэв.
Энэ мэдэгдлийг худал, цар тахлыг улс төржүүлэх шаардлагагүй гэдгийг ерөнхийлөгч Гурбангулы Бердимухамедов НҮБ-ын чуулганы үеэр няцаалаа. Гэвч тус улстай хиллэдэг Иран улсад 5.5 сая хүн халдвар авч, тархалт өндөр орны тоонд орж байгаа нь Туркменистанд халдвар бүртгэгдээгүй гэдэгт эргэлзэх үндэс болж байгаа юм. Мөн АНУ-аас Туркменистанд суугаа Элчин сайд өнгөрсөн оны зургадугаар сард тус улсад дотоодын халдвар илэрсэн тул 14 хоног хөл хорио тогтоосон гэж мэдээлсэн боловч Туркменистаны Засгийн газар мөн худал мэдээлэл хэмээн зарласан юм. Үүний дараа мөн оны долдугаар сард ДЭМБ-ын баг тус улсад ажиллаад цар тахлын халдвар бүртгэгдээгүй ч уушгины хатгалгаа нэмэгдэж байгаа нь санаа зовоож байгааг анхааруулсан юм. Тус улс энэ оны нэгдүгээр сард ОХУ-ын Спутник-V вакцинаар иргэдээ дархлаажуулахаа зарлаж байв.
Халдвар Туркменистанд тархсан, олон хүн нас барсныг баримттайгаар нь мэдэх хараат бус байгууллагуудын зүгээс ДЭМБ тэргүүтэй байгууллагуудыг үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.28 МЯГМАР № 190 (6667)