АНУ-аас Гайтид сууж байсан тусгай элч Даньел Фут огцорч байгаагаа тус улсын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд мэдэгджээ. Тэрбээр  “Гайтигийн дүрвэгчдийг мянга мянгаар нь албадан нутаг буцааж буй хүнлэг бус шийдвэр, үйл ажиллагаанд оролцохгүй. АНУ-ын Гайтиг чиглэсэн улс төрийн бодлого хэтэрхий алдаатай байна” гэжээ.
Сүүлийн үед АНУ, Мексикийн хил дээр Гайти голдуу олон мянган дүрвэгч цугларч, эмх замбараагүй байдал үүсээд байгаа. Гэтэл Америкийн Ерөнхийлөгч Жо Байден дүрвэгчдийг албадан нутаг буцаах шийдвэр гаргасан нь ардчилагч, хүний эрхийн төлөө тэмцэгчдийн зүгээс асар их шүүмжлэл сонсч байна. Учир нь өдгөө Гайтид байдал маш хүнд байгаа билээ.  Тусгай элч Даньел Фут Энтони Блинкенд илгээсэн захидалдаа “Гайтид ядуурал, гэмт хэрэг, Засгийн газрын авлига, хүмүүнлэгийн тусламж нэн хангалтгүй зэрэг олон хүнд бэрхшээл тулгарч байгааг онцлон “Дүрвэгчдийг буцааж илгээлээ гээд энэ хөл толгой нь олдохоо байсан газарт иргэдийн аюулгүй байдал, үндсэн хэрэгцээ хэзээ ч хангагдахгүй. Харин ч гэмт хэрэг улам гаарч, хүмүүс улам ихээр дайжих болно. Тийнхүү Гайтид байдал хүндрэх тусам тэдний хямрал зөвхөн нэг улсынх байхаа болин цаашид үргэлжилж, АНУ-д хүртэл нөлөөлнө” гэж бичжээ.АНУ-ын төрийн департментийн хэвлэлийн төлөөлөгч Футээс ирсэн захиа үнэн бөгөөд хэдийнэ огцорсон болохыг баталжээ.

Эх сурвалж: www.polit.mn