Б.ДОЛЖИНЖАВ

Олон сар үргэлжилсэн хатуу хөл хорионы дараа Зүүн Өмнөд Азийн зарим орон “Zero-COVID” бодлогоосоо ухарч, цар тахалтай дасан зохицож амьдрах замыг сонголоо. COVID-19 халдварын дельта хувилбарын улмаас тус бүс нутгийн ихэнх оронд наймдугаар сараас халдварын тархалт оргилдоо хүрсэн билээ. Үүний улмаас доройтсон эдийн засгаа сэргээхийн тулд Индонез, Тайланд, Вьетнам хилээ нээж, аялал жуулчлалын салбараа хөл дээр нь босгохоор хичээж байна. Гэвч вакцинжуулалтын түвшин доогуур, Хятадын Sinovac вакцины халдвараас хамгаалах чадвар багаас шалтгаалан хэвийн амьдралдаа шилжихэд эрт байна гэдгийг шинжээчид анхаарууллаа.
Энэ талаар АНУ-д төвтэй Гадаад харилцааны зөвлөлийн дэлхийн эрүүл мэнд хариуцсан ахлах мэргэжилтэн Янжон Хуан “Халдварын эсрэг вакцинжуулалт хангалтгүй байгаа үед хязгаарлалтыг сулруулвал Зүүн Өмнөд Азийн эрүүл мэндийн системд аюул учирна. Учир нь халдварын тархалт нэмэгдэх тусам өвчтөнүүд хүндэрч, эмнэлгийн ор, хүчилтөрөгч хүрэлцэхгүй болно” гэв. Вакцины нийлүүлэлт хангалтгүйгээс тус бүс нутгийн орнууд зорилтот бүлгээ вакцинд хамруулж чадсангүй. Үүнээс гадна хөл хорионоос үүдэн олон хүн ажил, орлогогүй, амьдрах байргүй болж өлсгөлөнд нэрвэгдэж эхэлжээ. Тиймээс бизнесийн байгууллага, үйлчилгээ эрхлэгчид хязгаарлалтыг сулруулсныг талархан хүлээн авч байна. 
Малайз, Индонез, Тайланд, Вьетнам зургаагаас наймдугаар сард үндэсний хэмжээнд хөл хорио тогтоон, сургуулиудаа хааж, дотоодын аялал, нийтийн тээврийн хэрэгсэл, олон нийтийн цугларалтыг хориглон, иргэдээ аль болох гэртээ байхыг шаардсан билээ. Үүний дараа халдварын тархалт дээрх улсуудад буурсан ч дахин өссөн юм. Тодруулбал, Жон Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр Филиппинд өдөрт 20 мянга, Малайз, Тайланд, Вьетнамд өдөрт 15 мянган тохиолдол шинээр бүртгэгдэж байна. Харин Индонезийн тархалт буурчээ. Ийн эдгээр оронд тархалт өндөр, вакцинжуулалт муу байгаа ч Засгийн газрууд нь хөл хориогоо сулруулахаар шийдвэрлэжээ.
Тухайлбал, Вьетнам ирэх сараас “Phu Quoc” аралдаа гадаадын жуулчид хүлээж авахаар зэхэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Тус улсын хүн амын долоо хүрэхгүй хувь нь вакцины бүрэн тундаа хамрагдсан ч аялал жуулчлалын салбар нь  хүнд байдалд орсон учир ийм шийдвэр гаргаснаа эрх баригчид нь зарлажээ. Мөн Тайланд улс нийслэл Бангкок болон бусад том хотдоо аравдугаар сараас гадаадын жуулчдыг хүлээж авахаар төлөвлөжээ. Тус улсын хүн амын 21 хувь нь хоёр тун вакциндаа хамрагдсан байна. Индонезийн хүн амын 16 хувь нь вакциндаа хамрагдсан ч Бали арал болон бусад аялал жуулчлалын гол бүсээ аравдугаар сараас нээхээр шийдвэрлэжээ. Харин Малайз улсын вакцинжуулалт өндөр хувьтай буюу хүн амын 56  хувь нь вакциндаа хамрагдаад байна. Жуулчдын гол зорьдог 99 арлыг тус улс дотоодын вакцинтай хүмүүст өнгөрсөн долоо хоногт нээлттэй болгосон юм.
Эдгээр улс хязгаарлалтаа сулруулахаас өмнө шинжилгээний таван хувьд эерэг тохиолдол илэрч байсан бол өдгөө 20-30 хувь болтлоо өссөн гэж ДЭМБ мэдээлэв. ДЭМБ-ын зүгээс халдвар авсан иргэдийг илрүүлэх, тусгаарлах, эмчлэх хангалттай хэмжээний эрүүл мэндийн системтэй орнуудыг хязгаарлалтаа сулруулахыг зөвлөөд байгаа юм. Гэвч хоёр жил хязгаарлалттай байсан орнууд бүх зүйлээ нээхгүй бол иргэд болон улс орны эдийн засаг ноцтой байдалд хүрээд байгаа билээ. Тиймээс Улаан загалмай нийгэмлэгээс дэлхийн удирдагчдыг орлого багатай, халдварын тархалт өндөр байгаа Зүүн болон Зүүн Өмнөд Азийн орнуудад вакцин хандивлахыг уриалж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.23  ПҮРЭВ № 187 (6664)