Франц улс Парист зөвлөгөөн хийхээр Вашингтон, Австралиас Элчин сайд нараа татав. Тухайлбал Францын гадаад хэргийн сайд Жан-Ив Ле Дриан “Ерөнхийлөгч Эммануэль Макроны хүсэлтийн дагуу би нэн даруй АНУ, Австралид суугаа элчин сайд нараа зөвлөгөөнд дуудаж байна. Зөвлөгөөнөөр энэ сарын 15-нд АНУ, ИБУИНВУ, Австрали гурвын байгуулсан гэрээний талаар хэлэлцэнэ” гэжээ.Тэрбээр мөн “Аукус гэрээнээс болж Канберра, Парисын 2016 онд тохиролцсон шумбагч онгоцны төсөл орхигдож байгаа нь түншүүдийн хувьд хүлээн зөвшөөрч боломгүй үйлдэл. Үүний үр дагавар бидний холбоо, түншлэл, Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн ач холбогдолд сөргөөр нөлөөлнө” гэв.АНУ, Их Британи, Австрали улсууд энэ долоо хоногт цахим хэлбэрээр хуралдаж, орчин үеийн цэрэг армийн дэвшилтэт технологийн туршлага, мэдээллээ хуваалцаж байхаар Аукус гэрээ байгуулсан билээ. Ингэснээр Австрали хоёр холбоотныхоо туршлагад суурилан анхны цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцоо бүтээх боломжтой болсон юм.
Эх сурвалж: www.polit.mn