Б.ДОЛЖИНЖАВ

Манай урд хөрш БНХАУ хэмээх дэлхийн том гүрэн үүссэний ой жил бүрийн аравдугаар сарын 1-нд тохиодог. Энэ баяраар долоо хоног үргэлжилсэн бүх нийтийн амралт болдог бөгөөд үүнийг “Алтан долоо хоног” гэж нэрлэдэг билээ. Тун удахгүй болох Үндэсний энэ том баяраасаа өмнө  Фужян аймгийн өмнөд зүгт тархсан дельта хувилбарын тархалтыг хумихаар Хятадын эрх баригчид яарч байна. Учир нь энэ баяраар олон сая хүн орон нутгийг зорьж, хөл хөдөлгөөн эрс нэмэгдэх учир тархалт улам нэмэгдэх эрсдэлтэй юм.
Тодруулбал, Путиан хотын бага сургуульд халдвар тархсаныг тус улсын төрийн хэвлэлээр “сургууль төвтэй анхны дэгдэлт” хэмээн баасан гарагт зарласан билээ. Үүнээс хойш халдвар Фужян аймгийн гурван хотын 100 гаруй хүнд халдварлаад байна. Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр Фужян аймагт даваа гарагт 59 тохиолдол бүртгэгдсэний 24 нь Путианд, 32 нь аялал жуулчдаараа алдартай Сямэнд бүртгэгдсэн байна. Тиймээс тус хоёр хотын бүх иргэнийг мягмар гарагт шинжилгээнд хамруулж эхэлсэн юм. Тиймээс Путиан хотын гурван сая, Сямэн хотын таван сая иргэн зайлшгүй биш шалтгаанаар өөр хот руу явах эрхээ хасуулав. Хүндэтгэх шалтгаантай иргэд 48 цаг хүчинтэй шинжилгээний сөрөг хариутайгаар зорчих юм. Сямэн хот халдварт өртсөн орон сууцны оршин суугчдыг гэрээсээ гарах, хөршүүдтэйгээ  уулзахыг хориглон хатуу хөл хорио тогтоов. Мөн ирэх ням гарагт эхлэх гурван өдрийн баяр болон бусад арга хэмжээг цуцалж, музей, спорт заал, кино театр, номын санг хаагаад байна.  Путиан хотод мөн ижил хорио цээрийн журам үйлчилж байна. Тус хотод 85 тохиолдол бүртгэгдсэний 30 нь 10-аас бага насны хүүхдүүд байгааг хотын захиргаа мэдээлэв.  Мужийн захирагч Ву Хайдуан “Хүүхдүүдийн дунд халдвар тархана гэдэг бол маш ноцтой асуудал.Хэрэв хүүхэд тусгаарлагдвал бид тэднээс өөрсдийгөө тусгаарлана. Гэтэл хүүхдийн хажууд тэднийг асрах том хүн хэрэгтэй. Тиймээс эцэг эхчүүдийг хажуу өрөөнд  нь тусгаарлаж байна” гэв. 

 

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН СУРГАЛТ ЦАХИМД ШИЛЖЖЭЭ


Шинжээчдийн баг Фужян  аймгийг халдварын өндөр эрсдэлтэй хэмээн дүгнэсэн ч ирэх сард болох Үндэсний амралтын баяраас өмнө тархалтыг хумина гэдэгтээ итгэлтэй байгаа талаар CCTV мэдээлжээ. Тус улсын урт хугацааны амралтын “Алтан долоо хоног” аравдугаар сарын 1-нд эхэлнэ. Энэ нь сая сая хүн онгоц, галт тэрэг бусад тээврийн хэрэгслээр Хятад руу аялахаар ирдэг тус улсын хамгийн их хүн цуглардаг цаг үе нь билээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн энэ баяраар 637 сая хүн дотооддоо аялж, 455 сая юанийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн нь цар тахлын дараах эдийн засгаа сэргээх том арга хэмжээ болсон юм. Харин энэ жил дельта хувилбарын тархалтаас үүдэн энэ баяраар аялж чадахгүй байх вий гэдгээс айж байна. Учир нь хамгийн сүүлийн үеийн халдварын голомт гэгдэж буй Фужян аймагт бага ангийн хүүхдүүд өвчилсөн юм. Тус аймгийн Путиан аймагт цэцэрлэгийн найман хүүхэд, бага ангийн 28 сурагч халдвар аваад байна.  Тиймээс тус хот сургууль, цэцэрлэгээ хааж, цахимд шилжүүлжээ. Өнөөдрийн байдлаар Хятад 12-17 насны 60 гаруй сая хүүхдээ вакцинжуулжээ. Гэсэн ч одоо 3-12 насныхныг вакцинжуулах шаардлагатайг судлаачид уриалав. Учир нь тус улс Синофарм болон Синовак үйлдвэрийн хоёр вакциныг 3-17 насны хүүхдүүдэд яаралтай ашиглах зөвшөөрлийг олгоод байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.9.16 ПҮРЭВ № 182 (6659)