Б.ДОЛЖИНЖАВ
COVID-19-ийн мутацид орсон шинэ хувилбар болох “Mu” АНУ-д аюул учруулж чадахгүй гэж Цагаан ордны анагаах ухааны тэргүүлэх зөвлөх Энтони Фаучи пүрэв гарагт мэдэгдэж байв.
Тэгвэл “Mu” хувилбарын халдварын тохиолдол АНУ-ын 47 муж болон нийслэл Вашингтон хотод бүртгэгдсэн тухай Newsweek сэтгүүл бямба гарагт мэдээллээ.Хамгийн их тархалттай байгаа муж нь Аляска байна. Тус мужид хамгийн сүүлд 3837 сорьцод геномын шинжилгээ хийхэд 139-д нь буюу дөрвөн хувьд нь “Mu” хувилбарын вирус илэрчээ.Харин үнэмлэхүй тоон утгаараа 232 тохиолдол илэрсэн Калифорни муж нэгдүгээрт бичигдэж байна.Тодруулбал, Калифорни мужид сүүлийн байдлаар 139930 сорьцод геномын шинжилгээ хийхэд 232 тохиолдол илэрсэн нь нэг хүрэхгүй хувь болжээ. Дельта хувилбарын тархалт хамгийн түгээмэл байгаа АНУ-д “Mu” хувилбарын тархалтын эзлэх хэмжээ одоогоор нэг хүрэхгүй хувьтай байна.
“Mu” буюу шинжлэх ухаанчдын нэрлэснээр B.1.621 хувилбарыг ДЭМБ-ын COVID-19-ийн мутацид орсон хувилбарын жагсаалтад оруулсныг өнгөрсөн даваа гарагт зарласан билээ. Энэ тухай доктор Энтони Фаучи “Энэ хувилбар нь вакцинаар үүссэн болон халдвараар үүссэн эсрэг биетүүдийг эсэргүүцэх чадвартай байж болзошгүй гэсэн таамаг бий. Гэхдээ үүнийг батлах клиникийн туршилтын мэдээлэл хангалттай их биш байна. Одоогоор ихэнх мэдээлэл лабораторид хийсэн туршилтынх юм. Шинээр гарч ирж байгаа хувилбаруудын эсрэг үзүүлэх вакцины нөлөөлөл бага гэж эхэндээ мэдэгддэг боловч одоогийн байдлаар бүртгэгдээд байгаа хувилбаруудын эсрэг вакцинууд нөлөө үзүүлсээр байна” гэв.
ДЭМБ-аас тавдугаар сарын эхээр дельта гэсэн өмнөх хувилбаруудаасаа хурдацтай тархдаг шинэ хувилбар гарч ирснийг зарлаж эхэлсэн билээ. Тэгвэл одоогийн дэлхийн улс орнуудын хурдацтай тархалт тэр дундаа АНУ-ын халдварын тархалт буураагүйд дельта хувилбарыг буруутгаж байна. Тухайлбал, АНУ-ын нийт халдварын 99 хувийг дельта хувилбар эзэлж байна. Харин “Mu” хувилбар тийм ч хурдацтай тархаагүй байгаа юм. “Mu” хувилбар нь Колумб улсад анх энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш 39 оронд гараад байгааг ДЭМБ мэдэгдэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.9.6 ДАВАА № 174 (6651)