Б.ДОЛЖИНЖАВ

Шилэн саванд нь гадны биет буюу бохирдуулагч бодис хөвж байгааг илрүүлсний дараа 863 вакцинжуулалтын цэгээс 1.63 сая тун Модерна вакциныг эргүүлэн татсан талаар Японы Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн. Тэгвэл энэ вакциныг тариулсны дараа хоёр  хүн нас барсан тохиолдол бүртгэгдээд байна.

Япон улсын эрүүл мэндийн яам бохирдсон вакцин дээрх хоёр хүний үхэлд хамаатай эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм.Шалгалтын ажилд Засгийн газраас гадна Модерна вакциныг Японы зах зээлд нийлүүлэгч “Takeda Pharmaceutical” компани оролцож байна. “Одоогоор эдгээр хүмүүсийн үхэлд Модерна вакцин холбоотой эсэх нь тогтоогдоогүй байна. Гэхдээ энэ бол нарийвчлан шалгах ёстой, ноцтой асуудал гэж бид үзэж байна” гэж Takeda компани мэдэгджээ.

Японы 19 мужийн иргэдэд нийт 180 мянган тун бохирдуулагч бодис бүхий тарилга хийсэн болохыг орон нутгийн мэдээлэлд үндэслэн “Kyodo” агентлаг өчигдөр мэдээллээ. Тухайлбал, Токио хотын вакцинжуулалтын хоёр цэгт 9100 орчим хүн,  Осакад 50 мянга, Хиогод 41500, Айчид 28 мянга орчим хүнд дээрх вакциныг тарьсныг тогтоожээ.

“Takeda”  компани наймдугаар сарын 16-наас хойш Ибараки, Сайтама, Токио, Гифу, Айчи зэрэг таван мужийн найман вакцинжуулалтын цэгт тарьж байсан Модерна вакцинаас гадны биет илрүүлж эхэлсэн байна. Тодруулбал, нийт 39 хуруу шилнээс сэжиг бүхий бодис илэрчээ. “Takeda”-ийн ахлах ажилтны хэлснээр хэдэн миллиметр хэмжээтэй “жижиг хар биетүүд" нь металлын хэлтэрхийнүүд байх магадлалтай юм.

Японы Засгийн газраас мэдэгдэж байгаагаар Модерна вакциныг өнгөрсөн тавдугаар сард баталснаас хойш улс даяар нийт 10 сая тун вакцинд иргэдээ хамруулжээ. Мөн ирэх сарын эцэс гэхэд нийт 50 сая тун вакцин нийлүүлэх гэрээг “Moderna” компанитай байгуулсан байна.

Харин тус вакциныг Япон улсад худалдах, түгээх ажлыг хариуцаж буй “Moderna” болон “Takeda” компанийн аль аль нь вакцины аюулгүй байдлын талаар мэдэгдэл хүлээн аваагүй гэжээ. АНУ-ын “Moderna” компани асуудлыг тодруулж байгаа тул нэмэлт тайлбар өгөх боломжгүй гэдгийг онцолсон байна. Тэд олон улсын зах зээлээс өөрийн үйлдвэрийн вакцины талаархи мэдээллийг цуглуулж байгаа бөгөөд Японы эрх баригчдын шийдвэрийг харгалзан холбогдох үнэлгээг нийтэд танилцуулах юм.

  Эх сурвалж:CNN