Б.ДОЛЖИНЖАВ
Америкт 39.6 сая хүн COVID-19 халдвар авч, 654 мянган хүн нас барж дэлхийд тэргүүлж байна. Дельта хувилбарын хурдацтай тархалт болон вакцинд хамрагдаагүй хүмүүс халдварт ихээр өртөх болсноор тус улсын халдварын тоо дахин өслөө. Үүний улмаас эмнэлэгт хэвтэх өвчтөнүүдийн тоо эрчимтэй нэмэгдэж, өмнөд хэсгийн эмнэлгүүдэд хүчилтөрөгч дутагдаж эхэлжээ. Тодруулбал, Флорида, Өмнөд Каролина, Техас, Луизина мужуудын хэд хэдэн эмнэлэг хүчилтөрөгчийн хомсдолд орсон байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах “Premier” компанийн захирал Донна Кросс “Энгийн үед хүчилтөрөгчийн савны 90 хувь нь дүүрэн байдаг. Шаардлагатай үед 30-40 хувийг нь ашигласны дараагаар ханган нийлүүлэгчээс 3-5 өдөрт дахин хүчилтөрөгч нийлүүлдэг. Гэтэл одоо нийлүүлэгчид 1-2 өдөрт хүчилтөрөгч нийлүүлж байгаа ч хүчилтөрөгчийн савныхаа 10-20 хувьд хүрч, өмнөх хэмжээнд хүрч чадахгүй байна.Буцаан дүүргэсэн ч нийлүүлэлтийн 50 хувийг хангаж байгаа нь маш ноцтой нөхцөл юм” гэж ярилаа.
Флорида мужийн 100 мянган оршин суугч тутмын 75 нь халдварын улмаас эмнэлэгт хэвтсэн гэсэн тооцооллыг Жон Хопкинсийн их сургуулиас гаргажээ. Тус мужид COVID-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэгсдийн тоо оргилдоо хүрсэн нь энэ юм. Энэ талаар Флорида мужийн эрчимт эмчилгээний тасгийн эмч, доктор Ахмед Элхаддад “Вакциндаа хамрагдаагүй хүмүүс халдвар авсны улмаас хүндэрч, нас барж байгааг харах үнэхээр хэцүү байна. Дельта хувилбар хүмүүсийн уушгийг “идэж”, улмаар хүмүүсийн амийг авч байна. Дельтагаар өвчилсөн хүмүүс маш хурдан нас барж байна. Үүнд 30, 40, 50 настай хүмүүс өртөж, хүчилтөрөгчийн дутагдлаар нас барж байгаа нь харамсалтай.Халдвараас сэргийлэх ид шидийн эм байхгүй. Гагцхүү вакцин л үхлээс биднийг хамгаалж чадна” гэж ярьжээ. Флорида мужийн хүн амын 52 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Харин Өмнөд Каролина, Луизана, Тэхас мужийн иргэдийн 50 хүрэхгүй хувь нь вакциндаа хамрагдсан учир хүчилтөрөгчийн дутагдалд ороод байна. Бүрэн тун вакцин дельта хувилбараас хамгаалдаг нь судалгаагаар батлагдсан юм. АНУ-д улсын хэмжээнд 52 хувь нь бүрэн тундаа хамрагджээ.
Харин АНУ-ын Засгийн газрын халдварт өвчний тэргүүлэх судлаач, доктор Энтони Фаучи “Урьдчилан төлөвлөж, урьдчилан сэргийлж байсан зүйлтэйгээ бид нүүр туллаа. Тодруулбал, Вашингтоны их сургуулиас арванхоёрдугаар сар гэхэд COVID-19 халдвараар амиа алдагсдын тоо 100 мянгаар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргаж байсан. Гэхдээ үүнээс сэргийлэх вакцины нөөц бидэнд бий. Тиймээс вакцинд хамрагдаагүй байгаа 80 сая хүн вакцинаа хийлгэчихвэл эрсдэлт нөхцөлөөс хурдан, үр дүнтэй гарч чадна” гэв.
Сурагчдын танхимын хичээл намар эхлэхээр эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо өсөх магадлал өндөр байна. Энэ талаар “Oregon” эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн доктор Эстер Чу “Залуу хүмүүст үнэхээр хатуу цаг үе ирлээ. Гэтэл бид маскгүйгээр хичээллэх гэж байна. Хүүхдээ сургуульд нь аюулгүй байлгахын тулд вакцинд хамруулж, маск зүүлгэх хэрэгтэй” гэв. Одоогийн байдлаар 12-оос доош насны хүүхдүүд хараахан вакциндаа хамрагдаагүй байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.31 МЯГМАР № 170 (6647)