Б.ДОЛЖИНЖАВ
Шинэ Зеланд улсад өнгөрсөн долоо хоногт COVID-19 халдварын дельта хувилбарын нэг тохиолдол бүртгэгдсэний дараа хөл хорио тогтоосон нь шүүмжлэлд өртлөө. Тухайлбал, The Times сонин Шинэ Зеланд бол “Нууцлаг, социалист гэгээн үндэстэн” гэсэн бол The Telegraph-д “тусгаарлагдсан гүрэн” хэмээн тодотгожээ. Дэлхийн улс орнууд хөл хорио халдварын тархалтыг бууруулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч эхлээд байгаа юм. Тодруулбал, Их Британи тэргүүтэй орнууд хөл хорио тогтоохын оронд COVID-19 халдвартай дасан зохицож амьдрахад илүүтэй анхаарч байна.
Харин Шинэ Зеланд улсад дельта хувилбарын анхны тохиолдол бүртгэгдсэнээс нэг цагийн дараа улс даяар хөл хорио тогтоож байгаагаа Ерөнхий сайд Жасинда Ардерн зарласан.
Үүнээс 10 хоногийн дараа буюу баасан гарагийн байдлаар 347 хүн халдвар авчээ. Тус улсын халдварыг бүр дарж, хуучин амьдралдаа шилжих “Covid zero” бодлого хэрэгжих эсэх нь дельта хувилбарын тархалтыг хэрхэн дарснаас хамаарах юм. Шинэ Зеландад ням гарагт 84 хүнээс халдвар илэрч, нийт 3464 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн нас баржээ. Үүнээс өмнө бямба гарагт 83, баасан гарагт 70 тохиолдол илэрч байв.
Иргэдийн 84 хувь нь хатуу хөл хориог дэмжжээ
Цар тахлын ихэнх хугацаанд тус улс олон нийтийг хамарсан хөгжмийн наадам, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байсан юм. Гэхдээ хилээ өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хаалттай байлгалаа. Энэ хугацаанд гаднаас өөрсдийн зардлаар ирж байгаа хүмүүсийг хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлагдахыг шаардаж байв. Ингэснээр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш 167 мянган хүн 4000 өрөөнд тусгаарлагджээ. Хил хаасны улмаас жуулчдын тоо энэ оны нэгдүгээр сарын байдлаар 98 хувь буурсан байна.
Ойролцоогоор нэг сая Шинэ Зеланд иргэн гадаадад амьдардагийн 600 мянга нь Австралид байдаг аж. Мөн таван сая оршин суугчийн нэг найз эсвэл хамаатан нь гадаадад амьдардаг. Гэсэн хэдий ч саяхан “Stickybeak” компаниас явуулсан санал асуулгаар иргэдийн 84 хувь нь хатуу хөл хориог дэмжжээ.
Энэ тухай 28 настай багш Шарлота Гигу “Хөл хорионы улмаас Францад байгаа гэр бүлийнхэнтэйгээ уулзаж чадахгүй байгаад үнэхээр их уур хүрч байна. Мөн үүнээс өмнө бид энгийн хэв маягаар амьдарч байхад бүх зүйл сайхан байсан. Энэ удаагийн хөл хорио үнэхээр хатуу юм. Хилээ хэзээ нээж, бид хэзээ энгийн амьдралдаа шилжих бол гэдэгт санаа зовниж байна. Гэхдээ хөл хорионы үр дүнд халдварын тоо тэг болно гэсэн нь бүхнээс үнэ цэнэтэй зүйл” гэж ярьжээ.
Харин Европт амьдарч байгаад дөрөвдүгээр сард Шинэ Зеландад ирсэн 32 настай Анна Робинсон “Хилийн хоригоос хурим, төрсөн өдөр гэсэн хайртай хүмүүсийнхээ чухал мөчүүдэд хамтдаа байж чадаагүй нь харамсалтай. Гэвч бүх нийтийн аюулгүй байдал, эрх чөлөөний хажууд хөл хорио “хямдхан үнэтэй” санагдаж байна” гэжээ.
Шинэ Зеландын COVID-19 хариуцсан сайд Крис Хипкинс “Дельта вирус тархсан нь бидний одоогийн хамгаалалт хангалтгүй болж эхэлсний илрэл юм. Тиймээс одоо бид чадах бүхнээ хийж байж үр дүнд хүрнэ” гэв. Тус улсын хүн амын 20 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ.
Эх сурвалж:CNN