Т.САЙХАН

МҮОХ-ны бүх гишүүдийн хурал цахим болон танхимаар явагджээ. Хуралд Монголын үндэсний олимпын хорооны 176 гишүүнээс 104 нь оролцож, 65 хувийн ирцтэй хуралдсан байна. Оролцогчдын 62.5 хувь буюу 66 гишүүн олимпын төрлийн холбоодын төлөөлөл, үлдсэн 38 гишүүн олимпын бус төрлийн холбоодын төлөөлөл байжээ. Хурлаар Монголын үндэсний олимпын хорооны энэ оны эхний найман сарын үйл ажиллагааны мэдээллийг хүргэж, “Токио-2020” олимпын наадамд Монголын багийн оролцсон тайланг хэлэлцсэн байна.

 Түүнчлэн Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулганы товыг тогтоосон байна. Тодруулбал, хуралд оролцсон гишүүдийн саналаар ирэх арваннэгдүгээр сарын 30-нд Монголын үндэсний олимпын хорооны чуулганыг хуралдуулахаар болжээ. Тус чуулганаар ирэх олимпийн мөчлөгт Монголын үндэсний олимпийн хороог удирдах бүрэлдэхүүн (ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд)-ийг сонгохоор болсон байна. 

Эх сурвалж:www.polit.mn