Намжилцэрэнгийн САРАНГЭРЭЛ

Хүн бүхний ижий үрдээ цаглашгүй их ачтан. Тэрхүү ачтаныхаа тухай хайр асгаруулан өгүүлэх хүн бүхний яриа хэн бүхэнд сонин байхаас гадна ухаарал, гэгээрлийг хамтад нь өгнө хэмээн итгэж “Ижий бурхад” буланг үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонинд нээж байна.

Анхны зочноор нь Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Содномын Төгс-Оюуныг урилаа. 

Уран бийрээр будаг амилуулан зотон дээр амьдрал урлах зураач бүсгүйн өвөрмөц ертөнцөд түрхэн саатахдаа хүн болгон өсгөж өндийлгөсөн хамгаас хайртай ээжийнх нь  тухай дурсамжийг хуваалцлаа.

С.Төгс-Оюун зураачийн бүтээлүүдэд эх хүн, эмэгтэй хүний дүр тун олон. Үзэсгэлэн гоо, үлгэрийн мэт үзэмж яруу урласан бүсгүй бүрийнхээ дүрийг ээжээрээ төсөөлдөг тэрбээр  насан туршдаа шүтэн биширдэг ижий бурхныхаа тухай ийн хүүрнэсэн.

 

МИНИЙ ЭЭЖ ЖИНХЭНЭ ХҮРЭЭНИЙ ХҮН

-Миний ээжийг Авидын Өлзийдэлгэр гэдэг. 1918 онд Хүрээний зүүнтэй Амгаланбаатар хотноо төрсөн. Тэр үед Амгаланбаатар хот Маймаа нэртэй байсан юм билээ. Үүнээс өмнө Элбэг Амгалан гэж нэртэй байсан бөгөөд наймаачин иргэд олноор суурьшсан энэ газрыг сүүлд 1925 онд Амгаланбаатар нэртэй болгосон нь одоогийн Баянзүрх дүүрэг Амгалан орчим юм.

Ээж аав нь Налайх, Тэрэлж хавийн улс байсан бөгөөд залуудаа Хүрээнд ирцгээсэн. Аав нь цэргийн хүн, Сүхбаатар жанжинтай хамт алба хааж, эхлүүлсэн үйл хэрэгт нь оролцож явсан гэдэг. Ээж нь  залуудаа бурхан болж ээж минь эгч, дүү хоёртойгоо өнчирч хоцорсон. Эмээгийн дүү нь “Соёл Эрдэнэ”-ийн Галсанбат, 25 дугаар суваг телевизийн Галсанжаргал эд нарын эмээ нь.

Ээж Амгаланбаатарын анхны Үлгэр жишээ сургуулийн сурагч. Ардын  зураач Л.Гаваа, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын эмээ Бадамханд гуайтай нэг ангид сурч байснаа ярьдаг байв. Тэр үеийн хоёр найзтайгаа хамт авахуулсан, гэзэгтэй хэрнээ урдуураа халзан их хөөрхөн зураг надад бий. Яагаад ингэдэг байсан юм бэ гэж асуухад Хүрээний хүүхдүүдийн үсийг духнаас нь арагш дөрвөн хуруу хэртэй хусчихдаг. Насанд хүрсэн хойно нь ургуулдаг байсан нь охидыг хамгаалах нэг арга юм болов уу гэж байж билээ.

Ээж үйл үртсэнд сайн. Надад янз бүрийн ганган даашинз их оёж өгнө. Ердийн л эрээн даавуугаар өөр хэнд ч байхгүй тийм ганганыг урлана. Наадмаар охинтойгоо ижилсэнэ гээд дээл зориулж хийнэ. Энгэрийн зүү, ээмэг бөгж гээд нарийн нандин зүйлд дуртай. Хувцсаа мөн ч гоё өмсөнө шүү дээ. Тэр нь Хүрээний хүүхнүүдийн онцлог байсан юм билээ.

Намайг Москвад оюутан байхад  онгоцны билет бичүүлэх гээд очсон чинь тэндхийн ажилтан бүсгүй “Эгчээ та Амгалангийнх уу” гэж асууж гэнэ. Ээж гайхаад “Тиймээ, чи хэний хүүхэд вэ” гээд ярьсан чинь зураач С.Саранцацралтын ээж байж. Тэгээд Амгаланбаатарынхан андашгүй байдаг юм аа гэж байсан гэдэг.

Ээж бас хоол сайхан хийнэ. Багад нь тэднийх хятад тогоочтой байсан болохоор янз бүрийн хоол хийж сурсан. Ногоо хуураад л хүрээ маягийн хуурга хийнэ. Банш, гитүүртэй шөл, мянтууз гээд хачин гоё амттай хоолоор биднийг дайлна.

Их зохиолч Нацагдоржийн хөшөө одоогийн Хүүхдийн паркийн хойно байсныг мэднэ биз дээ. Тэр хөшөө байсны урдхантай манайх Сүхбаатар жанжны хүү Галсан гуайнтай айл, нэг хашаанд амьдардаг. Сүх жанжны гэргий Янжмаа гуай бидэнд их сайн, ялангуяа манай ах Төгсбаатарыг жигтэйхэн их эрхлүүлдэг байсан. Ээж их ярина аа, тэдний тухай. Ер нь бол их эртнээс нэгнээ мэддэг улс юм билээ. Галсан гуайг төрсний дараа Янжмаа гуайн хөх сүүгүй, манай эмээ хөхүүлдэг байсан болохоор тэд нар эмээг Мөөм ээж гэдэг байж. Харин бид Янжмаа гуайг Гаагаа гэдэг байсан юм. Би жаахан байсан болохоор бүүр түүрхэн санадаг юм, тэр үеийг.

Ээж Янжмаа гуайг Монголын эмэгтэйчүүдийн хорооны дарга байхад нарийн бичгийн даргаар нь хэдэн жил хамт ажилласан. Тэр их хүнтэй оровч гаравч хамт байж мөн ч их зүйл сурсан даа хэмээн байнга дурсдаг сан. Хожим нь Санхүүгийн сургуульд сурч нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэн нь ч Янжмаа гуайн нөлөө гэдэг байв.

Нягтлан болсныхоо дараа Хоршоодын холбоонд ажилласан. Дараа нь нийтийн хоолны газруудын санхүүгийн хянан шалгах ажил хийдэг болоод тэр үедээ томд ордог Бээжин гуанз, “Алтай” ресторан, Их дэлгүүрийн долоон давхрын гуанз, Долдугаар гуанз зэргийг шалгадаг байлаа.

 

ЭЭЖТЭЙГЭЭ БҮТЭЭСЭН ДУРСАМЖ НАМАЙГ АЯЛАГЧ БОЛГОСОН

-Жараад оны эхнээс ээж геологийн салбарт ажиллах болсон. Геологи шинжилгээний газар, Геологийн яам, Эрчим хүч, уул уурхайн яам нэртэй болтол нь энэ салбарт олон жил ажилласан билээ. 

Ээж хөдөөгийн ангиудаар, уурхайнуудаар их явна. Тэгэхэд нь би дагаад л явна. Авч явахгүй гэхээр нь гуйна, айлгана, янз бүр болно шүү дээ. Гэхдээ ээж намайг авч явах дуртай байсан. Бага балчраас минь хөдөө гадаа дагуулан явж эх орны өнцөг булан бүрийг надад үзүүлж, байгаль дэлхийгээ хайрлах, байгалийн сайханд дурлах сэтгэлийг баттай суулгаж өгсөн.

Ээжтэйгээ хамт хамгийн анх очсон газар минь Хужиртын амралт. Дараа нь Хэнтийн Гурван нуурын амралтанд очсон. Аав ээжтэйгээ  Тэрэлжид олон удаа амарсан даа. Тэр бүгд насан туршдаа мартахгүй гэгээн дурсамжуудыг надад үлдээсэн байдаг юм.

 1962 оны өвөл би ээжтэйгээ Тэрэлжийн Горхитын аманд өвөлжиж билээ. Монгол, Зөвлөлтийн геологичид тэнд Болорын уурхай нээн, утаат болон  усан болор олборлон авчирч зөндөө олон хайрцаг саванд хийн Улаанбаатар хот руу  явуулдаг байв. Нэг удаа надад ээжийн танил геологич эгч бор шаргал туяатай чулуу  өгөөд “Үүнийг молор эрдэнэ гэдэг юм, нүдний өвчинд бас мэдрэлд их сайн. Энэ чулуугаар жин тавьдаг юм, хадгалж яваарай” гэж билээ. Одоо бодоход нэг талд нь зургийн хүрээ шиг их сайхан хээн судалтай байсан санагддаг. Өвөлжин уулын мухарт ээжтэйгээ байгаа бяцхан охиныг хараад өрөвдсөн байх л даа. Сүүлд өөр нэг эгч тэр молор чулууг гуйж аваад эргүүлж өгөөгүй.

1966 онд ээжтэйгээ 69 машинаар Эрдэнэтийн овоонд анх очиж билээ. Модтой уулын энгэрт зөндөө олон майхан эгнүүлээд барьчихсан, Монгол, Чехословакийн төрийн далбааг өндөрт намируулчихсан, наана нь бас олон мотоцикль эгнүүлсэн байсныг жигтэйхэн их сонирхож билээ. Дөнгөж арваадхан настай хүүхдэд юм бүхэн сонин байлгүй яах вэ. Гэхдээ тэрнээс илүү арын мод руу гүйж хөл гишгэх зайгүй ургасан том том улаан гүзээлзгэнийг хараад хачин ихээр гайхаж билээ. Яг л зүүд шиг санагддаг. Учир нь амьдралдаа би дахиад тийм их гүзээлзгэнэ ургасан газрыг хараагүй.

Эндээс Хөвсгөлийн Рэнчинлхүмбэ орж сайхан өндөр сүрлэг уулсын барааг харж явсаар Хатгалд ирж зорчигч тээврийн  “Сүхбаатар” онгоцны ахмад Чадраабал гуайтай уулзан анх удаа далайгаар аялсан. Онгоцны тавцан дээрээс ус руу зоосон мөнгө шидэхэд арваад метрийн доор очсон мөртлөө цайран харагдсаар байх тийм тунгалаг ариухан ус ногоорон, цэнхэртэн харагдаж байсан даа. Бас Хөвсгөл  далайд “Ургац” гэдэг ачаа тээврийн онгоц явдаг байлаа. Хөвсгөл рүү сүүлд очиход Чадраабал гуайн хүү Батаа гэдэг хүн онгоцны ахмад болсон байсан. Ингэж багаасаа ээжийгээ хөдөө дагаж явдаг байсан минь намайг байгалийн сайханд тэмүүлдэг болгосон. Урин цаг ирэхээр өөрийн эрхгүй хаашаа ч хамаагүй  гараад явчихмаар болно. Сүүлдээ дүн өвлөөр ч хамаагүй үүргэвчээ аваад гарах аяллын хообийтой болгосон доо. Эх орны дөрвөн зүг найман зовхист надад очоогүй газар цөөн. Ялангуяа говьд мөн ч олон удаа очсон. Очсон газар бүхэндээ сайхан хүмүүстэй учирч ах дүү мэт нөхөрлөх бүртээ би ээждээ талархдаг.

 

НАМАЙГ ЗУРААЧ БОЛОХОД ЭЭЖЭЭС ИЛҮҮ ААВЫН ЗҮТГЭЛ ИХ БАЙСАН

 

-Ээж минь аавтай “Алтай” ресторанд танилцсан юм билээ. Манай аав Ламжавын Содном тэр үед тогооч байж. Дараа нь жолооч, автын механик болж сүүлд Хотын барилга трестийн баазын дарга байсан даа, аав минь. Уг гарлаараа Булганы хүн. Гэхдээ хотод эрт ирсэн, аавын ээж ах бид хоёрыг өсгөхөд их тус дэм болсон. Ах эмээтэй илүү ойр. Тэр хоёр их аминчхан. Байгаагаа ахад л гэнэ шүү дээ. Би харин илүү ээжийн хүүхэд. Хаа ч явсан дагаад л. Эмээтэйгээ муудна, дургүйгээ хүрвэл өөдөөс нь хэлээ гаргана, их ааштай нөхөр байсан байгаа юм. Ээжийг загнахаар ааваараа түрий бариад заримдаа тэднийгээ муудалцуулна шүү дээ. Өөрийнхөө тэр занг одоо нэг ач охиноосоо олж хараад л байгаа.

Ээж урлагт дуртай. Шинэ гарсан кино, ном, жүжиг алгасахгүй. Өөрөө бас юм бичнэ. Монголын зохиолчдын анхдугаар их хурлын хяналтын илтгэл гээчийг ээж тавьж байсан. Түүнийг нь архиваас үзэж болно. Зохиолчдын их хурлын илтгэлийг жирийн нэг нягтлан бичнэ гэдэг амар ажил биш биз.

Манай дээд давхарт Завханы нэртэй хөөмэйч Чимэддорж гуайнх байдаг байв. Тэднийд Мөрдөрж, Чойдог, Цэрэндорж гээд хөгжмийн мундаг зохиолчид их ирнэ. Аав ээжийг таньдаг болохоор манайд орж ирнэ. Дуу хөгжмийн талаар их ярина. Гаваа гуай ээжтэй багын найзууд болохоор манайд бас их ирнэ. Аав нэг хэсэг театрт тайзны ажилчин байсан юм.

Миний зураг зурах дуртайг аав анзаараад эхлээд Гаваа гуайтай уулзаж. Охин минь зураач болох санаатай гэхэд Гаваа гуай Цэвэгжав багш руу явуулсан гэнэ. Тэгсэн Цэвэгжав багш гараа харуулаад “Эмэгтэй хүн зураач болох амаргүй дээ. Миний гарыг хар л даа будгаас харшлаад нэл шарх сорви” гэхэд аав жаахан эргэлзээд ээжид хэлсэн чинь өөрөө хүсч байгаа бол тэр замаараа л яваг хүчлээд хэрэггүй гэсэн нь үндсэндээ миний ирээдүйг тодорхойлсон доо.

Ээж намайг зураач боллоо гээд хөөргөж магтаж ч байсангүй, хийснийг минь шүүмжилж элдэв зүйл ярьж ч байгаагүй. Гэхдээ зургуудыг минь анхааралтай ажиглана. Би нэг тийм хайнга хүн байсан байх. Ээжийн ширээний гоё бүтээлгийг нь будаг болгоод ер нь л факт ихтэй.

 

ЭМЭГТЭЙ ХҮН ТУЛГАРСАН БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛАХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ ГЭДЭГ СЭН

 

-Ээж их хөдөлмөрч, бас их зарчимч, хатуу чанга талдаа хүн байсан юм. Ах Төгсбаатар бид хоёрт “Эрдэм сур, ажил сур. Бид та хоёрын суръя гэсэн бүхнийг чинь дэмжинэ, нөхцөл боломжоор нь хангана. Өгч чадах өв хөрөнгө минь тэр. Та хоёрын сурсан эрдэм хэн ч булааж чадахгүй эрдэнэ” хэмээн сургадаг байсан. Бид хоёр ч аав ээжийнхээ чихийг халууцуулаагүй ээ.

Москвад оюутан болоод очсон хойноо ээжийгээ их санана, хааяа нэг өлсөх үедээ “Хоолоо ид ээ” гэж ахин дахин дууддаг ээжийгээ маш их үгүйлдэг байлаа. Тэр үед нь “Ямар яршигтай юм бэ, хичээлээ хийж байхад” гээд л дургүйцдэг байснаа санаад ихэд харамсаж, одоо ингээд дууддаг ч болоосой гэж хүсдэг байв.

Нялх бяцхан амьтныг өсгөж өндийлгөн хүн хийх гэдэг юутай хэцүүг энэ ертөнц дээрх үрт хүн бүр мэднэ. Би өөрөө ээж болж хүнээр хүн хийх гэж элдэв зүйлтэй учирч явахдаа үүнийг анх мэдэрч ээжийгээ илүү ихээр хайрлах болсон.

Багадаа эцэг эхээсээ өнчирч, амьдрал гэдэг хүнд давааг өөрийн чадал хүчээр даван өнгөрөөж, аливаа зүйлд хатуу чанга бас ухаалгаар ханддаг ээж минь эмэгтэй хүн эрдэм номтой байж, өөрийн амьдралаа хэнээр ч удирдуулахгүй, тулгарсан асуудлаа өөрөө шийдэх чадвартай байх ёстой гэсэн хатуу зарчимтай хүн байв.  Хүний гар хардаг хүн тэр хүнээ л байхгүй бол яадгаа алдаж орхино гэдэгсэн. Тэрийгээ амьдрал дээр өөрийн биеэр үлгэрлэсэн.

Тэтгэвэрт гараад одоогийн 32-ын тойргийн хавьд байсан Өндөр настны үйлдвэрт нягтлан хийсэн.Тэр үйлдвэрт ахмадууд гар урлал, мужаан гээд юм юм хийнэ. Хийсэн зүйлсийг нь Хүнсний нэгийн замын урд байх дэлгүүрт худалдана. Ахмадуудын хийсэн шүүр их эрэлттэй.

Дараа нь ээж хэдэн нөхөдтэйгөө нийлээд “Ард” кино театрын урд хоолны газар нээгээд бууз хуушуур хийдэг байсан. Зах зээл эхлэхээс өмнө шүү дээ. Одоо байсан бол гайхалтай бизнес ухаантай, жинхэнэ менежменттэй арилжаачин байх байсан даа гэж бодогддог юм.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд харин миний гарыг харан үгнээс зөрөхөө  больж эргээд бараг миний хүүхэд шиг болж эхэлсэн. Элэгний хүнд өвчин тусаад эмчлүүлж байхдаа өөрийн хүсэлтээр эмнэлгээсээ гараад сайн оточ маарамбатай учирч ахин хөл дээрээ боссон. Ийнхүү амьдралаа хориод жилээр уртасган, өөрийг нь эмчилж байсан эмч нарын гайхашралыг төрүүлж байлаа. Өөрийн дураар шийдвэр гаргадаг, тэр нь дандаа зөв байдаг сан.

Ээж бурхан шашин гэж шүтээд байхгүй, олон жил бидний гацуурны чимэглэл тоглоом хийдэг хайрцагт өвөг дээдсийнхээ шүтээн мөнгөн гуутай Лхам бурхныг хадгалсан. Нэг удаа бурхнаа гаргаж аваад Ганданд аваачаад өргөчихсөн. Ээжээс яагаад Ганданд өгч байгааг асуухад “Бид шүтэж чадахгүй, толгой тархи нь дээш, доошоо хараад хэвтэж байх юм, шүтээнтэй газраа байсан нь дээр” гэж билээ.

Өөд болохынхоо өмнөхөн “Ээжийгээ өнгөрөхөөр Алтан хайрцаг битгий нээлгээрэй. Ээжид нь энэ хорвоод хоргодох зүйл байхгүй, үр хүүхдийнхээ сайн сайхныг үзлээ, ач зээгээ харлаа. Миний сэтгэл энэ амьдралд ханасан” гэж билээ. Харин нэг удаа өөрийнхөө ээжид зориулан “Ногоон Дарь эх” бүтээлгэмээр байна гэхээр нь одоо Голландад амьдарч байгаа зураач найз Алтанцэцэгтээ захиалан бүтээлгэж өгсөнд ихэд баярлан дэргэдээсээ холдуулалгүй, яг хажуудаа тавиад амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл харсан даа.

Миний ээж өөрийнхөөрөө таньсан амьдралаа өөрийн хүссэнээрээ авч явсан  юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 42 (7538)