Б.ЖАВХЛАН
Хиймэл оюун ухааны асуудлаарх дээд хэмжээний уулзалт Парис хотноо нээлтээ хийхтэй зэрэгцэн “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага өөрийн түнш байгууллага болох “l’Alliance de la Presse d’Information Générale буюу мэдээний хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “l’Alliance” холбоотой хамтарсан “Spinoza” төслийн үр дүнг танилцууллаа. Энэхүү төслөөр анх удаа мэдээний 120 байгууллага, тэдгээрийн сэтгүүлчдийн оролцоотойгоор хиймэл оюун ухааны хэрэгслийг бүтээжээ. Сэтгүүлчид энэхүү үйл явцад оролцож, технологийн дэвшлийг редакцуудад түгээж чадвал хиймэл оюун ухаан сэтгүүл зүйг хөгжүүлж чадна гэдгийг "SpinozIA: инновац ба ёс зүйг ашиглан сэтгүүл зүйг хөгжүүлэх нь" төсөл харууллаа.
RSF нь 16 түнш байгууллагын хамтаар санаачлан, 2023 оны арван нэгдүгээр сард Энхтайвны төлөөх Парисын форумын үеэр танилцуулсан Хиймэл оюун ухаан ба сэтгүүл зүйн дүрэм боловсруулсныхаа дараа "SpinozIA: инновац ба ёс зүйг ашиглан сэтгүүл зүйг хөгжүүлэх нь” нэртэй тайланг танилцууллаа. Энэ нь Францын сэтгүүлчид, мэдээний байгууллагуудын оролцоотойгоор хиймэл оюун ухааны хэрэгслийг бүтээх зорилгоор “l’Alliance” холбоотой хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүн бөгөөд Парист болсон Хиймэл оюун ухааны асуудлаарх дээд хэмжээний уулзалттай давхацсан юм.
“Spinoza” төсөл гэдгээр танигдсан энэхүү санаачилга нь сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн дунд үүсгэгч хиймэл оюун ухаан (Generative AI)-ыг таньж мэдэх гэсэн хүслээс үүдэлтэй юм. Уг төсөл нь итгэл даахуйц мэдээллийн санд суурилсан хиймэл оюун ухааны хэрэгслийг бүтээснээр сэтгүүл зүйн чанарыг сайжруулах зорилготой. Одоогийн хувилбарт шинжлэх ухааны тайлан, эрх зүйн актууд, 2022 оноос хойш Францын сонин хэвлэлд нийтлэгдсэн 28.000 гаруй нийтлэл багтсан байна. Сэтгүүлчийн ёс зүйг дээдэлсэн хиймэл оюун ухааны хэрэгслийг бүтээх нь боломжтой төдийгүй зайлшгүй шаардлагатай гэдгийг уур амьсгалын өөрчлөлтийг судлахад сэтгүүлчдэд туслахад чиглэсэн энэхүү санаачилга нотолж байна.
RSF-ын Ерөнхий захирал Тибо Бруттин хэлэхдээ “RSF нь сэтгүүл зүйг орхигдуулдаггүй инновац бүхий ёс зүйтэй, хариуцлагатай арга замыг нэвтрүүлэхийг эрмэлздэг. “Spinoza” төсөл нь чанартай контентыг сонгох, эрэмбэлэх, үйлдвэрлэхэд гүйцэтгэх редакцын гол үүргийг бэхжүүлэхийн зэрэгцээ хиймэл оюуны системийн хүрээнд сэтгүүл зүйн нэн чухал хувь нэмрийг онцлох замаар дээрх үр дүнд хүрнэ. Сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид технологийн хараат бус байдлыг олж авснаар сэтгүүл зүйг өөрчлөх хүчтэй. Төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон “l’Alliance” холбоо, түүний удирдлага болоод гишүүдийн хүчин чармайлтыг бид сайшааж байна” гэв.
“l’Alliance” холбооны Ерөнхий захирал Пьер Петилло “Хиймэл оюун ухааныг нэгдмэл, зохион байгуулалттай, ил тод байдлаар ашиглаж болдгийг “Spinoza” төсөл харууллаа. Манай төсөл хиймэл оюун ухаанаас татгалзах, түүнийг сохроор нэвтрүүлэхийн хооронд тэнцвэртэй замыг нээж, сэтгүүл зүй болон мэдээллийг сайжруулахад чиглэсэн хариуцлагатай инновацыг хөхиүлэн дэмжих болно” гэсэн байна. “Spinoza” төсөл нь уур амьсгалын өөрчлөлт гэх мэт техникийн шинжтэй цогц сэдвээр сэтгүүл зүйн бүтээлийг сайжруулахын зэрэгцээ итгэл хүлээсэн мэдээлэл авах эрхийг хүндэтгэх чадамж бүхий хиймэл оюун ухааны хэрэгслийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэхэд чиглэсэн. Хэсэг бүлэг сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийн хараа хяналт дор боловсруулсны дараа “Ekimetrics” компанитай хамтран бүтээсэн загварыг сайн дурын сэтгүүлчид туршиж үзсэн.
"SpinozIA: инновац ба ёс зүйг ашиглан сэтгүүл зүйг хөгжүүлэх нь” төслийн тайланд сэтгүүл зүйг сайжруулах, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, хэвлэн нийтлэгчдийн эрхийг сахин хүндэтгэсэн загвар боловсруулахын тулд төслийн багийн ашигласан аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлажээ. Мөн үүсгэгч хиймэл оюун ухааны талаарх сэтгүүлчдийн төсөөллийн судалгааг багтаасан байна. Франц улсад ажилладаг 281 сэтгүүлчээс бүрдсэн баг “Econovia” агентлагтай хамтран хиймэл оюун ухаантай харилцах харилцааг үнэлэх зорилго бүхий судалгаанд оролцов.
“Spinoza” төслийн тайланд тусгасан найман гол дүгнэлт:
1. RSF-ын судалгаанд хамрагдсан Францын сэтгүүлчдийн 45 хувь нь мэргэжлийн ажилдаа хиймэл оюун ухааныг хэдийнээ ашиглаад эхэлсэн бол 93 хувь нь ашиглахаар төлөвлөж байна.
2. Сэтгүүлчид хиймэл оюун ухааны хэрэгслийг баримт бичиг орчуулах, ярилцлагын дуу бичлэгийг буулгах, мэдээллийг нэгтгэн дүгнэх, бичвэрийн үг, өгүүлбэрийг өөрчлөх, нийтлэлийн хураангуй гаргах зэрэг тодорхой ажил гүйцэтгэхэд цаг хэмнэдэг гэж үзжээ.
3. 2023 оны 11 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн “Spinoza” төсөл нь “Actu.fr”, EBRA, “L’Équipe”, “La Nouvelle République”, “La Provence”, “Le Télégramme”, “Libération”, “L’Unitinon”, “Nicemedia Suge”, SOPM зэрэг 12 хэвлэлийн компанид харьяалагддаг 120 гаруй түнш хэвлэл мэдээллийн хэрэгслийг эгнээндээ нэгтгэсэн.
4. “Spinoza” төслөөс сэтгүүлчдэд зориулсан итгэл даахуйц хиймэл оюун ухааны хэрэгслийг зохион бүтээхэд шаардлагатай дөрвөн үндсэн зарчмыг тодорхойлсон. Үүнд, сэтгүүлчдийг солих биш тэдэнд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн контент бүтээх, бодит кейс дээр тулгуурласан хэрэгсэл бүтээх, үүсгэгч алгоритмыг агуулсан байх шаардлагатай.
5. “Spinoza” нь шинжлэх ухаан, эрх зүйн мэдээлэл, төрийн байгууллагуудад хадгалагддаг өгөгдөл мэдээлэл, Францын Экологийн шилжилтийн агентлаг (Адеме), “Франс Пресс” (AFP) агентлагийн мэдээлэл, сэтгүүл зүйн контент гэсэн зургаан төрлийн мэдээллийн санг нэгтгэсэн.
6. “Spinoza” төсөл нь сонин хэвлэлийн нийтлэлүүдийг мэдээллийн сандаа оруулснаар гол төлөв тухайлсан бүс нутгаар хязгаарлагддаг эсвэл эсрэгээрээ юмс үзэгдлийг маш өргөн хүрээтэй дүрслэн тайлбарладаг шинжлэх ухааны тайлан, өгүүлэл гэх мэт бусад эх сурвалжийн орхигдуулсан орон зайг нөхсөн. Хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслүүдийн хувьд сэтгүүл зүйн контент ямар их ач холбогдолтой болохыг төслийн судалгааны үр дүн харуулав.
7. Төслийн тайланг нийтэлж буй явдал нь төслийн ажиллагааг эхлүүлэх алхам болсон. Хэрэглээг нь тэлэх, хамтын ашиглалтыг дэмжих үүднээс “Spinoza”-гийн кодыг нээлттэй болгоно. Ингэснээр, сэтгүүлчид болон хөгжүүлэгчдэд уг хэрэгслийг өөрсдийн тусгайлсан хэрэгцээнд нийцүүлэн тааруулах боломжийг олгоно.
8. Хиймэл оюун ухаанаар удирдуулсан сэтгүүл зүйн мэдээллийн үнэн зөв, тууштай, итгэл даахуйц байдлыг хангахад шаардлагатай ёс зүйн болоод техникийн хүрээг бий болгох үүднээс RSF-ээс хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж 10 санал, зөвлөмж гаргав.
“Spinoza”-ын талаар сэтгүүлчид ийн өгүүлж байна:
"Спинозагийн хамгийн гайхалтай зүйл нь редакцаар удирдуулдаг бөгөөд бидний төлөө ажилладаггүй, харин сэтгүүл зүйг бүтээхэд бидэнд тусалдаг."
"Спиноза бол өөрчлөгч бөгөөд контентыг сайжруулахад бидэнд тусалдаг."
"Спинозагийн мэдээллийн санг сэтгүүлчид бүтээсэн нь энэ хэрэгсэлд итгэх бидний итгэлийг нэмэгдүүлж байна."
“Спиноза бол сэтгүүлчдийг орлох тааруу хувилбар биш, харин сэтгүүлчдийн маш сайн туслах юм."
Эх сурвалж:www.zms.mn