Амар мэндийн ерөөл өргөн, ахан дүүсээрээ учран золгох сар шинийн баярын “Тусгай сурвалжилга”- аа Архангай аймгийн Жаргалант сумын Ч.Чулуунхүүгийнхээс бэлтгэлээ.
Лхам бурхан ирж ундаална хэмээгээд гэрийнхээ тотгон дээр гурван мөс тавьж, буг чөтгөр айлын буруу үүдээр ордог гэж хатавчиндаа улаан харгана хавчуулав
Өндөр уулс, модоор хүрээлэгдсэн байгалийн сайханд Жаргалант сум оршин байна. Битүүний өглөө тэнгэр будантаж, хааяа нэг цас хаялна. Өнөөдөр бол өвлийн адаг сарын сүүлийн өдөр. Энэ өдрийн өглөө хүн бүр л битүүлэхээр бэлдээд завгүй. Сумын төвөөр ганц хоёрхон машин, мотоцикл өгсөж, уруудан давхилдахаас өөр зүйлгүй эл хуль байх бөгөөд бүгд л хашаа хороо, гэр орноо цэвэрлэж, идээ цагаагаа бэлдэж сууна.
Монголчууд эрт дээр үеэс битүүний өдрийг тусгай зан үйлээр үдэж ирсэн. Тухайлбал, энэ өдөр хэн нэгэнтэй муудсан бол эвлэрч, хүнээс мөнгө, эд, мал зээлсэн бол даруй эргүүлэн өгөх, өр зээлгүй байх, аливаа хараалыг үг хэлэх зэргийг хатуу цээрлэж, гэр орныхоо хир буртгийг гүвж, бүх зүйл цэвэр цэмцгэр, сайн сайхан байхыг бэлгэшээдэг. Үүний нэгэн адил Ч.Чулуунхүүгийн гэр бүлийн эмэгтэйчүүд гэр орноо цэвэрлэж, идээ ундаагаа зэхнэ. Харин эрэгтэйчүүд хашаа хороогоо цэвэрлэж, түлээ мод бэлтгэнэ. Битүүний орой насаар дүү айл аав, ээж, ах дүүсээ хүндлэн түрүүлж цай уулгадаг уламжлалтай. Уламжлал ёсоор Ч.Чулуунхүүгийн гэргийн бага дүү Н.Бүдрагчаа “Битүүний цай уугаарай” хэмээн тэдний гэр бүлийг заллаа. Бага дүүгийнд нь очиход хамаатных нь ах дүүс, аав, ээж нь бүгд ирчихсэн “Сайхан битүүлж байна уу” хэмээн хөөрөг зөрүүлэн мэндэлж битүүлэг эхэллээ. Цугласан олон сар шинийн бөхийн барилдааныг хамгийн сайхан тайлбарлаж буй телевиз дээр сувгаа тааруулан шимтэн үзэцгээнэ.
Харин үүний дараа сумын ганданд хурж буй хурал номыг даган баясаж, бурханд мөргөн, сайн сайхан бүхнийг даатган залбирч, лам нараас адис хүртээд гэртээ ирцгээлээ.
Нар жаргахтай зэрэгцэн Ч.Чулуунхүү Лхам бурхан ирж ундаална хэмээгээд гэрийнхээ тотгон дээр гурван мөс тавьж, буг чөтгөр айлын буруу үүдээр ордог гэж хатавчиндаа улаан харгана хавчуулав. Энэ тухайгаа тэрээр “Тотгон дээр тавьдаг гурван мөсийг Лхам бурхны хүлгийн ундаа гэдэг. Харин хатавчиндаа хавчуулсан харгана нь аливаа ад зэтгэр, муу муухайгаас хамгаалж тэр жилдээ айл гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь саад тотгор учрахгүй хэмээн бүхий л зүйлс дээшлэн дэвжиж байхыг бэлгэддэг” гэж тайлбарласан юм.
Ингээд битүүний шөнө тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуй болж, маргааш өмсөх цагаан сарынхаа шинэхэн дээлийг бэлдээд унтлаа.
Буйдхан сумын хаврын тэргүүн сарын шинийн хоёрны өдөр
Хатуу өвөл харьж, урин хавартай золгох хаврын тэргүүн сарын шинийн хоёрны өдөр ирлээ. Учир нь энэ жил шинийн нэгэнгүй жил тохиож буй. Гэрийн эзэн нар мандахаас өмнө уул хангайдаа гарч ирэв. Харин гэрийн эзэгтэй Н.Нацагням цай сүүнийхээ дээжийг өргөнө. Энэ өглөө уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн туулай цаг буюу 05:40-07:40 цагийн хооронд босох ёстой. Сайн цагтаа амжиж босоод, цайлчхаад зүг мөрөө гаргана. Жил бүр гэрийн эзэн Ч.Чулуунхүү гэрийнхээ гишүүн бүрийн зурхайг сонин эсвэл цаг тооны бичиг эргүүлж нэг бүрчлэн зааж өгдөг байна. Зүг мөрөө гаргаж орж ирээд шинэ дээлээ өмсөж, эмэгтэйчүүд үс зүсээ гоён, тооноор нар тусахаас өмнө аав, ээждээ золгохоор гарцгаалаа. Ч.Чулуунхүүгийн хадам аавынх хажууханд нь учир цайны дээж, зул зэргийг авч орон, бурхан шүтээндээ мөргөж, зул хүжээ өргөв. Аавынд нь ороход ах дүү нар нь ар араасаа ирцгээж байлаа.
Урин цаг ирж, дулаан орсон болоод ч тэрүү ихэнх хүмүүс нимгэн дотортой өнгийн дээл, бүсээр гоёцгоожээ. Харин цөөн хэдэн хүн үзүүрсгэн нэхий, үстэй дээлээр гоёж, булга, үнэгэн малгай өмссөн байв.
Ингээд тэд ар араасаа цувран зогсож, хадаг барин аав, ээжийнхээ тохойг өргөн золгоцгоолоо. Бүгд золгож дууссаны дараа насны дарааллаараа эгнэн сууж хөөрөг зөрүүлэн эрэгтэй хүмүүстэй “Даага далантай бяруу булчинтай, сүрэг мал тарган, онд мэнд тарган тавтай оров уу” харин эмэгтэйчүүдтэй “Сар шинэдээ сайхан шинэлж байна уу”, хүүхдүүдтэй “Сайхан шинэлж байна уу, олзтой сайн оров уу, сурлага, ажил өндөр үү” хэмээн хөөрөглөв.
Хөөрөглөж дууссаны дараа бүсгүйчүүд бүгдэд цай аягалан өгч, идээ будаагаа тойруулна. Ингээд цагаан сарын баярын уламжлалт хоол бууз болох зуур шагайгаар алаг мэлхий өрж, гэрт байгаа хүмүүс хоёр хуваагдаж тэр жилийн аз хийморио бэлэгшээн дөрвөн бэрх буулгаж наадна. Алаг мэлхийнээс хамгийн олон шагай авсан нь ялагч болдог ёстой. Ингээд идээ зоогоо хүртэж, өнгөрсөн жилийн сонин сайхан, өнөтэй өвлийн талаар хүүхдүүд том болжээ гээд л гэр дүүрэн халуун дулаан яриа өрнөж, хүн бүр жаргалтай харагдана.
Хөдөө нутагт цагаан сар хорь гаруй хоног үргэлжлэх нь бий
Дараа нь Ч.Чулуунхүүгийн ах Ч.Намсрайжавынд золгохоор малчны хотыг зорьсон юм. Тэднийх сумын төвөөс 100 гаруй км-ийн зайд Өвөр хайлааст гэх газарт өвөлжинө. Бидэнтэй зэрэгцэн саахалт айлын өсвөр насны таван хөвгүүн морьтой шинэлэхээр иржээ. Энэ үеэр гэрийн эзэн Ч.Намсрайжав “Биднийг бага байхад сар шинээр мориор золгуут хийж, бааданд бэлгээ хийж дүүрээд, хоргой торгоор л бэлэг солилцдог байлаа. Одоо суурин болоод морь унаж золгуут хийх хүн ховор болсон үед морьтой ирж байгаа хүүхдүүд сайхан харагдаж байна” гэж байлаа.
Төд удалгүй дараагийн зочид ирлээ. Тэд мөнгөн хэт хутга, бэл зүүсэн нь тун ч чамин харагдана. Цугларсан олон “Ойрд харагдаагүй ховор эд байна даа” гэлцэнэ. Бид бууз болох хооронд даалуу, хорол, шагайгаар морь уралдах зэрэг олноороо тоглож болохуйц уламжлалт тоглоом наадгайг тоглож, цагийг ажралгүй өнгөрүүлнэ. Энэ жилийн цагаан сараар хүн бүр л “Өнтэй өвөл болж, сайхан жил гарлаа” гэнэ. Харин өнгөрсөн жилийн тухайд цас ихээр унаж, зуд турхан болсон, хэцүүхэн өвлийг давснаа эргэн ярилцаж, өнөө жил өнтэй сайхан, сэтгэл амар байгаа хэмээлцэнэ.
Ч.Чулуунхүү өөрөөс ахмад настай хүмүүст золгож ирээд өөрт нь ирж золгох ах дүүсээ хүлээх зуураа “Аавынд маань гурав хоногийн дотор 230 гаруй хүн ирсэн байна гэнэ. Сар шинэ манай хөдөөд хорь гаруй хоног үргэлжилж дуусдаг даа” гэсэн юм. Хөдөөгийн цагаан сар өргөн дэлгэр, тэнүүн жаргалтай, хол ойрын хамаатан садан зорин ирсэн тун чиг нүсэр болдог байна. “Бүтэн жил уулзаагүй хүмүүсийнхээ царайг ганц сар шинээр л харах юм даа” гэх тэр нэгэн эмээгийн хэлсэн үг үнэхээр оносон санагдана. Цагаан сар хамгийн том утга учиртай уламжлалт баяр тул хөдөөгийнхөн хүлээн хүлээсээр нижгэр гэгч нь тэмдэглэж ирсэн. Тиймдээ ч хөдөө нутагт цагаан сарын баярын уламжлал, мөн чанар илүү тод оршдог гэлтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 42 (7538)