Эргэх цагийн жамаар эрээн могой жил морилон ирлээ. Могой гадаад үзэмж сайтайгаас гадна мэргэн ухаан, алсын хараатай амьтан гэдгээрээ алдартай. “Могой жил бол нуугдан буй эрч хүчний бэлгэ тэмдэг” гэсэн эртний үг бий. Мэргэн могой Эрхэм хүн Танд “Бүү яар, гэхдээ байрандаа бүү зогс” хэмээн шивнэж байна. Могой жил таны далд эрч хүчийг бэлгэдэж буй тул хийж бүтээх, өөрчилж шинэчлэхийг хүсдэг зүйл байвал яг хийх цаг тань даруй мөн ажээ. Могой жил цэцэн цэлмэг ухаан, үнэнч шударга зан, хичээнгүй зүтгэлтнүүдийг ивээх болно.
Урган гарч буй хөхөгчин могой жил онцгой үйл явдал, оновчтой сонголт, төсөөлшгүй өөрчлөлт хийх өргөн дэлгэр боломжийг бидэнд бэлэглэх ажээ. Гагцхүү хүчин чармайлт, оролцоо оролдлого, хичээл зүтгэл гаргасан нэгэн л түүнийг хүртэх авшигтайг анхаарна уу.
Дорнын зурхайгаар зөн билэг, зүүд совинг эрхшээгч, мэргэн ухаан, эрх чөлөөг илэрхийлэгч лусын энэ амьтан өөрийг нь л үргээж оролдохгүй бол амар амгалан, ач буянтай хэмээдэг. Эм буюу зөөлөн, хөхөгчин, модон могой жил ч монголчууд биднийг ивээж, буян хишгээ хайрлах болтугай.
Нар, сарны аль алиных нь хөдөлгөөнд үндэслэсэн, таван махбодь, арга билиг хосолсон зурхайн жарны цаг тоолол эхлээд 999 дэх жил урган гарч байна. Түүхийг шүүдэггүй гэдэг. Ямар нэг гаргалгаа, дүгнэлт хийхийг ч зориогүй болно. Зүгээр л жарны тоолол эхэлснээс хойших могой жилүүдэд болж өнгөрсөн зарим онцлог үйл явдал, баримт сэлтийг товч хураангуйлан хүргэж байна.
1041. I жарны цагаагчин могой. Хятадад гүймэг үсгээр ном хэвлэж эхэлжээ.
1065. I жарны хөхөгчин могой. Амдогийн хаан Гэсэр нас нөгчиж, хүү Дунь Жан хаан суув.
1101. II жарны цагаагчин могой. Есүхэйн эцэг Бардан баатар төржээ.
1113. II жарны харагчин могой. Зөрчидүүд бослого гаргаж Хятан улсын эсрэг тэмцэв.
1125. II жарны хөхөгчин могой. Алтан улс Хятан улсыг мөхөөв.
1161. III жарны цагаагчин могой. Бөртэ үжин төрөв.
1173. III жарны харагчин могой. Тэмүжин, Жамуха хоёр хоёр дахь удаагаа анд бололцов. Тэмүжин эх өөр дүү Бэгтэрийг харван алжээ.
1185. III жарны Хөхөгчин могой. Цагаадай төрөв.
1197. III жарны улаагчин могой. Чингис хаан Жүрхэнийг мөхөөв. Жүрхэний нутгаас Борохулыг олж Өэлүн эхэд өгч тэжээлгэв.
1209. IV жарны шарагчин могой. Чингис хаан Алтан улсын хаанд бэлэг барих нэрийдлээр өөрийн биеэр Алтан улсын нийслэл Зүндү хотод очив. Мөнх хаан төрөв.
1221. IV жарны цагаагчин могой. Монгол цэрэг Аму-Даръяа мөрний эрэгт орших Балха хотыг эзлэн авав. Чингис хаан өөрийн биеэр цэрэг авч Инд мөрөн хүрч, желал-Ад дины цэрэг бут цохигдов. Чингис хаан Хорезмыг эзлэв.
1233. IV жарны харагчин могой. Монгол цэрэг Алтан улсын Ляодун мужийг эзлэн авав. Хааны санд хураах албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 42 (7538)