Ч.ҮЛ-ОЛДОХ

 “Зууны мэдээ” сонин ”Монгол ардын дуу” булангаараа монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын эрхлэгч, доктор А.Алимаатай монгол ардын дууны судалгааны талаар ярилцлаа. Тэрбээр Монгол нутгаас бичмэл хувилбараар уламжлагдан ирсэн уртын дуунууд тодруулбал, XVI-ХIХ зууны сүүл үе хүртэл монголчуудын найр наадамд дуулж байсан уртын дуу, ерөөл магтаалыг эмхтгэсэн 12 дэвтэр, Түвд үсгээр монгол дууны үгийг тэмдэглэн үлдээсэн олдворуудыг аман хувилбартай нь харьцуулан анх судалсан хүн юм. 2012 онд “Монгол уртын дууны эх хэрэглэгдэхүүнд хийсэн судалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалж, “Монгол уртын дууны хэв шинж, тархалт, хувилбар, хувилбарын онцлог” нэг сэдэвт бүтээл хэвлүүлсэн юм.

 

-Өнөөдөр цөөхөн уртын дуу дуулагддаг ч таны судалгаанд “Монголд 3000 гаруй уртын дуу байна” гэсэн байна. Өв соёлоо сэргээхэд манайд бодлого дутмаг, сэтгэл гаргахгүй байна гэсэн үг үү?

 -Тэр бол монгол туургатны хэмжээнд авч үзсэн баримжаа тоо юм. Өвөрмонгол, Халимаг, Буриад болон Тувад узун ырлыр гэж уртын дуу бий. Ая нь манайхтай төстэй, үг нь өөр. Мөн дархад дуу байна. Тэдгээрийг тоолоход 3000 орчим уртын дуу бий. Түүний талд арай л хүрэхгүй хэмжээний дуу манай улсад бүртгэгдсэн. Тэдгээрийг яаж бүртгэсэн бэ гэвэл эхлээд ном хэвлэлд гарсан бичмэл эх сурвалж, радио телевизийн “Алтан фонд”-д үлдсэн өв, Хэл зохиолын хүрээлэнгийн аман зохиол, нутгийн аялгууны хөмрөгт байгааг нэгтгэн бүртгэсэн. Дээр нь өөрөө хээрийн шинжилгээний ангиар Монголын зүүн хязгаараас баруун бүс хүртэл явахдаа цуглуулсан дуунуудаа оруулсан. Монголчууд уртын дуугаа амнаас ам дамжуулж, нэгээс нөгөөд зааж уламжлуулдаг аргаас гадна сударт бичиж үлдээдэг байсан. Найр хуримын эхэн, дунд, төгсгөлд ямар дуу дуулах вэ гэдгийг дэс дарааллаар нь бичсэн сударчилсан дэвтрүүд байдаг. Судалгааны ихэнхийг тэндээс бүрдүүлж 2015 онд дуусгасан. Үүнд үндэслэн дүгнэхэд монгол угсаатан бол уртын дууны арвин баялаг өв уламжлалтай байжээ. Өнөө цагт түүнээс маш бага хувь нь үлдэж хоцорчээ. Өнөөдөр өргөн дэлгэр дуулагддаг 100-гаад уртын дуу л байна. Саяхан улсын начин, уртын дуучин С.Эрхэмбаяр 300 дуу дуулсан. Ер нь бол манай уртын дуучдын урын сан энэ дуунууд дотор л эргэлдэж байна. Уртын дуу үг, ая, дуучин гэсэн гурвалсан тогтолцоотой. Дээр нь зан үйлийн орчин гэж бий. Монгол ардын ихэнх уртын дууны зөвхөн үг нь уламжлагдаж ирсэн. Тэгэхээр аялгуу байхгүй болохоор яаж дуулах вэ гэх асуулт гарна. Үгийг нь бичээд, ингэж дуулдаг байсан гэсэн мэдээ баримтаар тэр нь баталгааждаг.

-Уртын дуу хэдэн төрөл, зүйлтэй байдаг вэ?

 -Уртын дуу дотроо олон төрөл зүйлд хуваагддаг. Түүний ноён оргил нь айзам уртын дуу юм. Айзам уртын дуу нь төр, шашин, иргэний томоохон хэмжээний найр, наадамд дуулдаг, нийтдээ 32 дуу байдаг. 32 айзам уртын дуу, 32 зээ дуу гэж нэрлэдэг. Бичмэл дэвтрүүдээс үзэхэд энэ тоо заримдаа нэмэгддэг. Ерөнхийдөө 32 айзам дуун дээр энэ тоог тогтоосон. Том найранд эхлээд нэг дууг дуулахад дараагийнх нь нөгөө дууг нь дуулах зэргээр сөөлжиж дуулна. Бага хэмжээний найранд 12 ч юм уу, дуулах дууны тоог багасгана. Айзам дуу бол царааны хувьд маш том, баргийн дуучин чармайж дуулдаг. Дуу нь тодорхой дэс дараатай, эхлээд “Түмэн эх”, дараа нь “Хуурын магнай”-г дуулна гэсэн дарааллаар дуулна. Өнөөдөр харахад 32 айзам уртын дуунаас 10 хүрэхгүй нь үг, аятайгаа үлдсэн, бусад нь мартагдсан. Тиймээс одоо байгаа дуунууд дээр нэмээд мартагдах дөхсөн айзам дуунуудаа дуучид маань судалж дуулах хэрэгтэй байна. “Төрийн түмэн эх”, Хуур магнай”, “Уяхан замбуу тивийн наран” гэсэн хэдхэн дууг л дуулж байгаа болохоос “Хээр халтар”, “Хүдрэн гарагч” гэсэн сайхан дууг дуулахаа бараг больжээ. Дуулдаг хүн маш цөөн байна. Иймд мартагдсан дуунуудаа сэргээж эргэлтэд оруулах хэрэгтэй. Айзам дуу дотроо том аятай, дунд аятай, бага аятай гэж байсан. Жишээ нь хүүхдийн үсний найранд айзам дууг дуулаад байхгүй. Томоохон найр хуриманд дуулдаг байж. Тэгэхээр бид юуны өмнө айзам дуугаа сайн хамгаалах хэрэгтэй юм. Жирийн буюу суман дуу гэж бий, энэ төрөл нь уртын дууны ихэнх хувийг эзэлдэг. Энэ дуу хүмүүс хооронд, найран дээр чөлөөтэй дуулагддаг. Царааны хувьд арай бага. Айзам уртын дуу бол том найр, наадамд дуулдаг төрийн хүндэтгэлийн ёсны дуунууд юм. Тиймээс хаа хамаагүй дуулахгүй. Тэгвэл жирийн уртын дуу буюу суман дуунд янз бүрийн хорио цээр байхгүй. Сэдвийн хувьд хайр сэтгэлийн, морины, нутаг усны гээд янз бүр. Уртын дууны бараг нэг төрөл зүйл болохоор атал ая, үг нь өвөрмөц хэсэг дуу байдаг. Энэ бол шастир дуу юм. Шашин их дэлгэрч байх цаг үед зохиогдсон, шашны том баяр наадам, сүм дуган босгох, бурхан бүтээх, нээх аравнайлах ёслолд дуулдаг байсан. Ая нь уртын дуу шиг, дотроо залбирал дуу, мөргөл дуу, магтаал дуу, дурдатгал дуу гээд өөр. “Махагалын залбирал”,”Дара эхийн магтаал” гээд нэрнээс нь үзэхэд зориулалт нь ондоо. Энэ дуунууд социализмын үеийн үзэл суртлын нөлөө, цаг үеийн байдлаас болж дуулахыг хориглосноор мартагдаж алга болжээ. Үг нь судар номд бичигдэж үлдсэн ч аялгуу нь байхгүй. Дуулахыг хориглосон учраас хүмүүсийн ой ухаанааас арчигдаж, хатуу чанга шийтгэл, цээртэй учраас үр хойчдоо зааж өвлүүлээгүй. Гэхдээ хээрийн шинжилгээний ангиар явахад ганц нэг ахмад настан дуулаад байж байдаг. Баруун хязгаар нутгаар “Хан уул”, “Богдын өндөр” , наашлаад “Очир Дара лам” дууг дуулдаг, мэддэг хүмүүс нь дандаа настан буурлууд. Тэд байхгүй болчихвол залуус тэрийг өвлөж авах боломжгүй. Тиймээс мартагдаж замхарсан. Үг нь бол байгаа, иймд аяны эрэлд гарах хэрэгтэй юм. Ноотгүйн зовлон их байна. Эрт цагт тийм зүйл байсангүй, тиймээс үг нь байгаа ч аялгууг олох үндсэндээ хэцүү. Гэхдээ эрэл хайгуул хийх хэрэгтэй.

 -Бэсрэг уртын дуу ямар онцлогтой вэ?

 -Бэсрэг гэхээр хүмүүс богино хэмжээний дуу гэж ойлгодог. Гэтэл урт ч биш богино ч биш холимог шинжийг агуулсан дуу юм. Энэ дууг хүмүүс чармайвал дуулаад сурчихдаг. Гэхдээ ерөнхийдөө уртын дуучин гэдэг байгалиасаа заяагдаж төрдөг гэж хэлдэг, тэр нь ч ортой үг. Монголчуудын нүүдлийн соёл иргэншил, зан заншил, ахуй амьдрал, мал аж ахуй, байгаль цаг уур гээд бүх зүйлтэй холбоотой. Монголчууд уушгины багтаамж сайтай. Сийрэг өндөрдүү газар амьдардаг учраас амьсгалаа хурааж хуримтлуулах физиологийн боломж нь их. Амьсгаа аваад буцаагаад уртаар эгшиглүүлж гаргаж байгаа учраас уртын дуу, хөөмий, цуурын урлаг хөгжсөн. Мэдээж дуулах урлаг маш нарийн арга барилтай зүйл.

-Та уртын дууны судалгааг өөрөө сонирхож судалсан уу. Төрөөс өв соёлоо авч үлдэх бодлого гаргаж, тодорхой даалгавар чиглэл өгч хийлгэсэн үү?

 -Манай Хэл зохиолын хүрээлэн Монгол Улсын хэл, утга, соёлын олон талт судалгааг хийдэг суурь судалгааны байгууллага. Манай өмнөх үеийн ахмад эрдэмтэн, судлаачид хүрээлэнгийнхээ бодлогод нийцүүлж, улс үндэстнийхээ өв соёлыг аварч хамгаалж, хойч үед үлдээх алсыг харсан ухаанаар шавь нартаа “чи энэ чиглэлээр судалгаа хий, тийм чиглэлээр эрдмийн зэрэг хамгаал, энэ сэдвээр ном бич” гэж захиж хэлдэг байсан. Миний багш бол Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байсан, аман зохиол судлаач, академич, нэрт эрдэмтэн Х.Сампилдэндэв агсан юм. Багш маань намайг анх бичмэл хэлбэрээр уламжлагдаж ирсэн уртын дууны судалгааг хий гэсэн. Энэ судалгаагаа хийж байхдаа энэ дууг дуулдаг юм уу, үгүй юу гэж хайж явсаар аман хувилбар руу нь орсон. Ингэж сэдэв өргөжиж, судалгаа ч гүнзгийрсэн.

-Таны багш Х.Сампилдэндэв агсан уртын дууны судлалд яах аргагүй нэг том төлөөлөгч нь. Ер нь энэ чиглэлийн судалгааны ажил Монголд хэзээнээс бий болсон юм бол?

-Уртын дуу монголчуудын түүх, соёл, зан заншил гээд оюуны маш олон охь дээжийг шингээсэн гайхалтай өв. Монголын эрдэмтэн мэргэд эрт цагаас сударт бичиж үлдээсэн нь нэг талын судалгаа хийж ирсэн гэсэн үг. Ингэж дэвтэрлэж эмхэтгэж бичсэн багцаагаар бол XV-XVII зууны дунд үеэс бичсэн байдаг. Үүний дараа Оросын эрдэмтэн судлаачид, монголч эрдэмтэд, Монголоор аялж байсан хүмүүс уртын дууг сонирхож үгийг нь бичиж үлдээсэн. Тухайлбал, Оросын алдарт эрдэмтэн А.М.Позднеев 1880 онд хэвлүүлсэн “Монгол угсаатны аман зохиолын жишээ” бүтээлдээ буриад, халх, өөлд дууг багтааж, эрдмийн зэрэг хамгаалсан байдаг. Шинэ цагийн эхэнд буюу 1921 оноос Хэл зохиолын хүрээлэн байгуулагдаж манай эрдэмтэд хөдөө орон нутгаар хээрийн шинжилгээний ангиар явж аман зохиолын цуглуулга хийхдээ урдын дууны үгийг бичиж тэмдэглэн авч хурааж хуримтлуулсан нь өнөө ч хадгалагдаж байна. Оросын эрдэмтэдтэй хамтран шинжилгээ хийж ном бичсэн нь бий. Х.Сампилдэндэв багш, монголч эрдэмтэн, уртын дуу судлаач Клара Николаевнатай хамтран “Монгол ардын дуу” номыг хэвлүүлсэн. А.Яцковская “Дархад ардын дуучин Даваажаагийн 100 дуу”-г хэвлүүлсэн. Тэгэхээр манай уртын дууны судалгаа харьцангуй сайн. 1952 онд хуралдсан монголч эрдэмтдийн анхдугаар их хурал дээр Г.Ринченсамбуу гуай анх монгол ардын дууг ангилсан байдаг. Түүнээс өмнө Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов уртын дууны ардын ангиллыг бичиж тэмдэглэсэн байдаг. Оросын эрдэмтэн А.Д.Руднеев, С.А.Кондратьев, Б.Смирнов ч монгол уртын дуунуудын талаар нэлээд судалсан. П.Хорлоо, Ш.Дорж, Ж.Бадраа, С.Цоодол нарын хийсэн судалгаа бас бий. Ж.Бадраа гуай нэрт дуучин Ж.Дорждагватай уулзаж ярилцлага хийгээд хожим нь “Их дуучны яриа” хэмээх ном нь хэвлэгдсэн. Мөн монгол уртын дууг олон нийтэд таниулахад маш их зүйл хийсэн хүн.

-Уртын дууны тархалтын талаар та ямар судалгаа хийв?

-Монгол үндэстэн байгаа бүх газарт уртын дуу дэлгэрч байсан. Тэгэхдээ Өвөрмонгол, Буриад, Халимаг гээд монгол үндэстэн байгаа улс орноор явахад яах аргагүй Төв Азийн цээжинд байгаа Монгол Улсад уртын дууг анх хөгжүүлж хадгалсан голомт нутаг гэдэг нь мэдрэгддэг. Өвөрмонголын хилийн ойролцоох барга, үзэмчин хэсэгт уртын дуу нь өнгө аясаараа илүү байх жишээтэй. Цаашаа зарууд хошуунд уртын дууны хэмжээ богиносч үг, ая өөр болсон байдаг. Аялгууны хувьд Монгол Улс хоёр том ай савд хуваагддаг. Нэг нь төв халх, зүүн монголчууд нийлж уртын дууны нийтлэг ая байна. Баруун монголчуудын хувьд ойрд монголчуудын ая гэж тусдаа бий. Урагшаа говийн халхчуудын дуу бас өөр аятай. Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгорын чиглэлд мөн өвөрмөц аятай. Орчин үед дууны үг шүлэг сайн хадгалагдаж ирсэн байна. Харин ая аялгууны дэгийн тухайд хөгжим судлаачид судалгаа хийх ёстой

-Уртын дууг сэргээх, хойч үед өвлүүлэх, хадгалж хамгаалахын тулд хэрхэх хэрэгтэй юм бол?

-1921 оноос хойш 21 аймагт уртын дуучид өөрийн нутгийн онцлог, ая дангаар дуулж яг өнгө өнгийн цэцэг шиг дэлгэрч гарч ирсэн. Түүнээс хойш нэртэй дуучид тодрон гарч боржигон, баян бараат, биндэр, борх гэхчлэн аялгуунаас хамгийн гоёыг нь авч холимог байдлаар аялгуу зохиосон. Түүнийгээ тайз дэлгэцэнд дуулсаар тэр зохиомол маягийн ая нь хүчээ авч нутгийн аялгуунууд байхгүй болсон тал бий. Нутгийн аялгуу алга болсноор тухайн орон нутагт байдаг хүмүүсийн хэл соёл, зан заншил үлдэж хоцрох боломж хомс болсон. Бүх юм ижил болж болохгүй. Мөн цөөхөн хэдэн дуун дотор эргэлдэж байна. Өнөөдөр “Саруул тал” гэдэг дууг олон аяар нь дуулбал хэчнээн сайхан бэ. Тэгж байж дуучдын ур чадвар, дууны амт үнэр тодрон харагдана. Өнөөдөр Монгол Улс Соёлын яамтай боллоо, тодорхой бодлого гаргах байх гэж найдаж, харж байна. Ер нь бол уртын дууг ЮНЕСКО-д бүртгүүлчихлээ, СУИС-аар хэдэн дуучин бэлтгэчихлээ гээд санаа амарч болохгүй. Дуучид маань байгаа цөөхөн дуунд эргэлдэж дуулах бус дууг эрж сурж хайж олж, судалж дуулбал, хойч үед дэлгэрүүлбэл сайн байна. Уртын дууг түгээн дэлгэрүүлж байгаа уран бүтээлчдээс гадна судалгаа хийж байгаа, ном бүтээл туурвиж яваа хүмүүсийг төр, засаг бодлогоор дэмждэг болмоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.27 Баасан № 168 (6645)