Ч.ОЛДОХ

 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор, профессор Д.Зүмбэрэллхамтай Төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн тухай хуулийн эргэн тойронд ярилцлаа.

 

-Төрийн албыг бэхжүүлэхтэй холбоотойгоор эрхзүйн орчинг шинэчлэх хүрээнд хамгийн тулгамдсан, зайлшгүй шийдэх ёстой ямар асуудал байна?

-Одоо Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм  гэж үйлчилж байгаа. Гэхдээ салбар салбарт  өөрийнх нь онцлогийг тусгасан ёс зүйн дүрэм үйлчилж байна. Ёс зүйн дүрмийн  нийтлэг хэм хэмжээг хуульчилж нэг мөр болгохгүй бол 1990-ээд оноос хойш задгай явж ирсэн. Тиймээс ёс зүйн асуудлыг шийдвэрлэхэд төрийн албанд бүхэлд нь ёс зүй сахиулахад учир дутагдалтай байсан. Энэ үүднээс УИХ-аас санал болгож, Төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын тухай хуулийн төсөл өргөн барихаар боловсруулж  байна. Үүнд Төрийн албаны зөвлөл оролцож байгаа. Энэ хууль батлагдаж гарвал ёс зүйн хэм хэмжээг хуульчилсан анхны хууль болно. Хууль гаргахдаа гол биш ер нь бүхэлдээ нийгмийн хүлээлт болсон  нийгмийн ёс суртахууныг төрийн алба түүчээлж авч  явах ёстой. Төрийн албан хаагчдыг харж бусад нь ч  ёс зүйтэй  байх гэсэн уриалгыг бий болгож явах учиртай. Тиймээс төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг хуульчилж баталгаажуулж өгөх нь чухал алхам болно гэж харж байгаа.

-Ингэснээр төрийн албаны бүтэц, үйл ажиллагаа ямар байдлаар явах бол?

-Өнөөдөр төрийн албаны ёс зүйн хэм  хэмжээ ямар байх ёстой вэ. Түүнийг баримтлах талаар журам дүрэм гаргах нь нэг талын асуудал. Нөгөө талаас ёс зүй сахиулах  зохион байгуулалт, бүтцийн асуудал бий. Хууль батлагдвал төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хариуцсан тусгай хороо байна. Энэ хорооны салбар хороод  байгуулагдана. Ингэж байж улсын хэмжээнд төрийн алба  бүрэлдэнэ. Ажлаа тайлагнадаг, мэдээлдэг, УИХ-д хэлэлцүүлдэг байдлаар үйл ажиллагаа нь явна. Ёс зүйн хариуцлагын талаар мэдээ мэдээлэл түгээхээс эхлээд бүхэлдээ энэ байгууллагын цогц бүтэц бий болно.

-Өнөөдрийн байдлаар Төрийн албаны зөвлөлд ирсэн гомдол, мэдээ­лэл хэр олон байна. Аль салбарын төрийн албан хаагчид руу чиглэсэн гомдол давамгайлж байна вэ?

-Өнөөдөр  төрийн албаны бүх л салбарт 1000 гаруй байгууллагад Ёс зүйн зөвлөл ажиллаж байна. Энэ зөвлөлүүд дор бүрдээ асуудлаа шийдддэг. Түрүүн хэлсэн нэгдсэн, төвлөрсөн тогтолцоо бий болоогүй учраас ийм байдлаар явж байгаа. Хууль боловсруулж УИХ-аар батлуулснаар энэ орон зайг шийдвэрлэх юм.

-Тэгэхээр Ёс зүйн зөвлөлүүд хүчтэй нөлөө, үр дүн бараг л байхгүй байна гэсэн үг үү. Тэнд эрх мэдэл дутаж байгаа гэж ойлгох уу. Ёс зүйн хороо болсноор ямар дэвшил бий болох вэ?

-Одоо төрийн захиргааны болон үйлчилгээний  албан хаагчийн ёс зүйн дүрэм гэж үйлчилж байгаа. Тэр дүрмээр төрийн алба болгонд 5-7 хүнтэй ёс зүйн зөвлөл байна. Тэр зөвлөл нь асуудлаа шийдээд явдаг. Байгууллагын даргын оролцоо түүнд байхгүй гэдэг ийм дүрэм бий болчихоод байгаа юм. Тэгэхээр үүгээр асуудал шийдэгдэж бас болохгүй. Тиймээс эдгээр асуудлыг нэг мөр авч үзэж, цогцоор нь шийдэх алхам хуулийн төслөөр хийж байна.

-Төрийн албаны зөвлөлөөс чиг үүрэг, ялгаа нь ямар байх бол?

-Шинээр байгуулах Ёс зүйн хороо нь Төрийн албаны зөвлөлтэй зэрэгцсэн бүтэцтэй байна.  Одоо боловсруулж байгаа  хуулийн төсөлд тусгагдаад явж байгаагаар бол есөн гишүүнтэй байна. Түүний гурав нь орон тооных, бусад зургаан гишүүн нь орон тооны бус байх юм. Ингэхдээ  тэд туршлагатай, өмнө нь төрийн алба хашиж байсан хүмүүсээс бүрдсэн байна гэсэн байдлаар яриад явж байгаа. Ажлын албан дээр  нэг ажлын албатай байна гэж хуулийн төсөлд  тусгасан. Энэ байдлаар Ттөрийн албаны зөвлөлтэй үйл ажиллагаа нь уялдаж явах юм.

-Тэгэхээр хараат бус ажиллах боломж нь яаж гарч байгаа вэ?

-Хараат бус ажиллах боломж нь гурван гишүүн нь УИХ-аас томилогдоно. Хараат бус байна гэдэг нь Төрийн албаны зөвлөлтэй адил хараат бус статус нь хадгалагдаад явна. Төрийн албаны зөвлөл бол УИХ-аас байгуулагддаг хараат бус байгууллага шүү дээ. Ёс зүйн хороо үүнтэй адилхан. Төрийн албаны зөвлөл Ёс зүйн хорооноос илүү өргөн чиглэлтэй. Ёс зүйн хороо нь зөвхөн төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаа хариуцаад явах чиг үүрэгтэй байгаа.

-Хуулиар ёс зүйн зөрчил гаргасан төрийн албан хаагчдад хариуцлагын ямар арга хэмжээ авах вэ. Шийтгэлийн ямар хэлбэрүүдийг хуульд тусгах чигтэй байна  вэ?

-Төрийн албан хаагч ёс зүйн зөрчил гаргасан бол эхлээд ёс зүйн зөрчил гаргасныг нь шалгаж тогтооно. Түүний үндсэн дээр тухайн төрийн албан хаагч нь үнэхээр төрийн албанд ажиллах ёс зүйгүй хүн байна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд төрийн албыг орхиод явж болно. Үүнийг ёс зүйн хариуцлага хүлээсэнд тооцно гэж байгаа. Хэрэв тийм алхам хийхгүй байгаа тохиолдолд тухайн хүнд сануулахаас эхлээд ажлаас халах хүртэл шат шатны арга хэмжээ  авч болох заалт хуульд  бий. Одоогийн төрийн албаны ёс зүйн дүрмээр бол  зөвхөн уучлал гуйх хэм хэмжээ л байгаа. Тиймээс ерөнхийдөө төрийн албан хаагчийн  сахилга,  ёс зүйн  хэм хэмжээ хоорондоо жаахан ялгаатай.

-Тухайлбал?

-Төрийн албан хаагч үүргээ биелүүлэх явцдаа алдаа гаргасан бол энэ нь сахилгын асуудал болно. Төрийн албан хаагч ёс зүйн хүрээнд хүний мөрдвөл зохих хэм хэмжээг зөрчиж алдаа гаргасан бол энэ нь  төрийн албан хаагчийн ёс зүйн алдааны асуудал  болно. Энэ нь биеэ зөв авч явах зан үйлийн шинжтэй.  Тиймээс сахилгын, ёс зүйн зөрчил хоёрыг хооронд нь ялгаатай авч үзэх ёстой. Хуулийн төсөлд үүнийг ялгаж өгсөн. Одоогоор сахилгын, төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал хоёр нь хуулийн төсөлд нэг дор явж байгаа. Магадгүй явцын дунд ёс зүйн асуудлыг дангаар нь авч явах боломж бий байх гэж бодож байна. Тэгвэл илүү ойлгомжтой, үр дүнтэй болж магадүй.

-Хууль батлагдсанаар төрийн албанд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлнэ гэж байгаа. Энэ талаар та юу хэлэх бол?

-Ерөнхийдөө тус хууль шинэчлэн батлагдсанаар төрийн албаны шинэтгэлийн шинэ үеийн бодлого, стратеги тодорхой болж, тогтвортой, хариуцлагатай, мэргэшсэн, улс төрөөс ангид байх зарчмыг олон нийтэд ойлгуулж, хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь шинэтгэлд итгэх иргэдийн итгэл, дэмжлэгийн хөрс бүрдүүлэх алхам болно. Монгол Улсын төрийн албаны тогтвортой байдал бол ганц хуулийн асуудал биш юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.27 Баасан № 168 (6645)