Д.ДАРАМБАЗАР
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачлан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороотой хамтран Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ажил явагдаж байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдиннямаас тодрууллаа.
-Боловсролын шинэчлэл олон жил тасралтгүй яригдаж байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?
-“Боловсролын тухай багц хуулийн шинэчлэлийн энэ удаагийн онцлог нь бүтэн реформын шинжтэй хуулиуд орж ирж байгаа юм. Өмнө нь зөвхөн ЕБС-ийн, дээд боловсрол эсвэл СӨБ-ын хууль гэж тусдаа байсан. Бүх шатны боловсролын тухай, судалгааны их сургуулийн тухай, хүмүүнлэг боловсролын тухай хуулийг цогцоор нь шинэчлэхээр УИХ-аас долоон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Долоон хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил болон миний бие удирдаж хуулийн шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Нийгмиийн дунд боловсролын байгууллага нь мэдлэг олгоод хүн чанар, ёс уламжлалыг орхигдуулж байна гэсэн шүүмжлэл байдаг. Энэ удаагийн боловсролын багц хуульд Хүмүүнлэг боловсролын тухай хуулийг оруулж ирж байгаагаараа онцлог юм. Мөн бүх шатны боловсролын тухай хууль нь хүмүүнлэг боловсрол олгоход чиглэнэ. Бид ЕБС-ийн байгалийн ухааны хичээлийг олон улсын стандартад ойртуулах зорилго тавьсан. Их сургууль төгсөж байгаа оюутнууд, компаниуд, ажил олгогчдын шаардлагыг хангадаг байх мөн дээд боловсрол эзэмшихгүйгээр мэргэжилтэн ажиллах хүчин бэлтгэдэг тогтолцоог яаж бий болгох вэ гэдгийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Дээд боловсролын сүүлийн 10 жилийн завхарлыг яаж засах ёстой вэ гэдэг чиглэлийн өөрчлөлтүүдийг бид хийнэ. Боловсролын багц хуульд оролцогч талуудын эрх ашиг боломж нөхцөлийг хангах ёстой. Багш, боловсролын байгууллагын ажилчдын нийгмийн асуудал, цалин урамшуулал, суралцагчдын хөтөлбөрийг олон улсад өрсөлдөхүйц болгох хэрэгтэй. Хамгийн чухал асуудал нь багш бэлтгэх тогтолцоо. Энэ асуудыг бид МУБИС-д хариуцуулаад 31 жил боллоо. Үр дүн муутай байна. Багш бэлтгэх тогтолцоонд шинэчлэл хийх хэрэгтэй.
-Багц хууль гаргахын тулд Монгол Улсын боловсролын салбарыг олон улстай харьцуулж үзсэн байх. Бид аль шатанд явна вэ?
-Манай улс хөндлөнгийн үнэлгээний системийг оруулж ирэхгүй бол хаана яваагаа мэдэх боломжгүй. Тиймээс бид олон улсын хөндлөнгийн үнэлгээний системийг Монголд оруулж ирэхийг зорьж байна. Бид сайн, муу байгаагаа дотоодын үнэлгээгээр өөрсдөө тогтоогоод байна гэдэг учир дутагталтай. Олон улсын хөндлөнгийн үнэлгээний системийг боловсролын тогтолцоонд оруулж ирэх эрх зүйн зохицуулалтыг хийх болно.
-Боловсролын хуульд анхаарал татахуйц шинэчлэлүүдийн талаар яривал?
-СӨБ болон ЕБС-ийн тухай хуульд сургуульд орох нас, 12 жил суралцсан хүнийг ерөнхий боловсрол эзэмшсэн гэж тооцох, онцлох өөрчлөлтүүдийг оруулсан. Мөн дүйцүүлэх, тооцох тухай асуудал. Өөрөөр хэлбэл, олон улсын хөтөлбөрийг үзсэн хүүхэд заавал монголоор үзэх ёстой болдог. Үүнийг аль нэг хөтөлбөрийг нөгөөд дүйцүүлэн тооцдог болно. Мөн албан ёсны гадаад хэлийг англи хэл болгоё гэсэн саналтай байгаа. Энэ асуудал нэлээдгүй шүүмжлэл дагуулж байна. Үүн дээр бид дэлхий ертөнцийн шилжилттэй хамт явахаас аргагүй юм.
Дээд боловсролын тухай хуульд үндэсний их сургуулиудын санхүүжилт, багш боловсон хүчний тогтолцоо руу шилжих боломжийг тусгаж өгнө. Судалгааны чиглэлийн сургуулиудыг дэмжих зорилготой судалгааны их сургуулийн тухай тусдаа хуультай болж байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн тухай хууль нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яаманд харьяалагдаад 10 гаруй жил болсон. Бидний судалгаагаар МСҮТ-ийн сурагчид ерөнхий эрдмийн хичээлийнхээ 60 хувийг, мэргэжлийн хичээлийнхээ 40 хувийг авч чаддаггүйг тогтоосон. МСҮТ-ийн багш нарын давтан сургалт, тэдний чадварыг дээшлүүлэх асуудал орхигдоод 10 жил болж байна. Тиймээс бид МСҮТ-ийг боловсролын салбарт буцааж авах ёстой. Үүний тулд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой.
-Лаборатори сургуулиудын тоог нэмэх үү?
-Лаборатори сургуулийн шалгуур үзүүлэлтүүдийг оруулна. Шалгуураа хангаж байвал лаборитари сургуулиудын тоонд ороод явна.
-СӨБ, цэцэрлэгт авах хүүхдийн насны доод хязгаарыг нэмсэн нь эцэг эхчүүдийн дунд бухимдал төрүүлж байна. Энэ тал дээр тайлбар өгөөч?
-Манай улсад СӨБ-д хамрагдаж байгаа доод насны хүүхэд эцэг эхийн гараас гараад боловсролын байгууллагад очих олон улсын жишгээс хэт доогуур байна гэсэн шүүмжлэл олон улсын байгууллагуудаас ирж байгаа. Тиймээс энэ асуудлыг нийгмээрээ ярилцаж шийдэх ёстой болж байна. Хуулийн төсөлд гурван насны гэж орж ирсэн байгаа. Зургаан настай хүүхэд сургуульд ордог нь дараагийн асуудал болчихоод байна. Орон нутгийн малчид зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд аав ээжийнх нь нэг сумын төвд амьдрах шаардлагатай болно. Үүнээс болж гэр бүлийн асуудал болон мал ахуйн маллагаа муудах асуудал үүсдэг. Нялх хүүхдээ сургуулийн дотуур байранд оруулахаар хүчирхийлэлтэй холбоотой асуудлууд гардаг тухай баримтууд байдаг. Урьдчилсан байдлаар сургуульд орох насыг нэмнэ гэсэн шийдэлтэй байгаа ч нийгмийн хэлэлцүүлгээр эцсийн шийдвэрийг гаргана.
Эх сурвалж www.polit.mn