Б.ОД

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Үндэсний дөрвөн хороо байгуулсны нэг нь Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороо юм. Тус хорооны анхны хурал өчигдөр боллоо.

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургууль гээд боловсролын гурван байгууллагын түвшинд түгжрэлийг бууруулах судалгааг эхлүүлсэн. Энэ хүрээнд 25 цэцэрлэгт 60 ээлжийн багш ажиллуулахаар боллоо. Мөн цэцэрлэг, сургуулийн эхлэх, тарах цагийг зөв зохицуулах ёстой. Байгууллагын цэцэрлэгийг дэмжих нь  бага зардлаар том асуудлыг шийдэх шийдэл.Гэр хороололд 2-4 айлын газрыг авч, мөн олон хүн амтай орон сууцны хорооллын нэг давхрыг цэцэрлэг, бага сургууль болгох, цэцэрлэг, сургуулийн стандартыг шинэчлэхээр судалж байна. Мөн богино хугацааны шийдэл нь сургуулийн хэв шинжийг өөрчлөх. Өөрөөр хэлбэл, нийслэлд 5000-аас олон хүүхэдтэй төрийн өмчийн 10 сургууль бий. Түгжрэл үүсгэж байгаа энэ 10 сургуулийг ойролцоо ачаалал багатай сургуулиудтай нэгтгэж, бага, дунд, ахлах сургуулийн цогцолбор байдлаар хөгжүүлэх боломж байна. Их, дээд сургуулийн цагийн хуваарийг өөрчлөх хувилбарыг судалж байна” гэсэн юм.

 Эх сурвалж:www.polit.mn