Ч.ЗОТОЛ
Япон улсад амьдардаг ароматерапист, зохиолч, сэтгүүлч Х.Эрдэнэцэцэг саяхан “Зууны мэдээ” сонины “Утга зохиолын тухай яриа” буланд уригдаж ярилцсанаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Хүмүүст шинэ зүйлүүдийг таниулах хүсэ хүн болгоны дотор оршиж байдаг хэзээ ч унтрашгүй мөнхийн эрмэлзэл юм.
-Ном бичих нь миний өөртөө олгож буй ажил юм.
-Сарны тухай сэдэв рүү хөтлөгдсөн өөрөөр хэлбэл, миний антенн тэр зүг рүү анх чиглэснээс хойш 6-7 жил болжээ.
-Яончууд дотогшоо, яах гээд байгаа нь мэдэгдэггүй учир битүүлэг. Тэдний учрыг олж чин сэтгэлийг уудлах маш хэцүү.
-Анхилуун үнэрийн засал нь анагаах ухааны урьдчилан сэргийлэх засалд ордог.
-Үнэр нь зөн билэг мэдрэмжийг хариуцаж байдаг хүний төрөлхийн хүсэл, амьдралын хэрэгцээг холбож байдаг хэсэг эртний тархи руу шууд хүрдэг.
-Өнөөгийн нийгэм тэр чигээрээ оюун ухааны нийгэм, тиймээс хүмүүсийн их тархийг хөгжүүлээд байдаг. Эртний тархийг илүү хөгжүүлбэл бидний мэдрэхүй хөгжиж байдаг.
-Үнэрийн засал сэтгэл санааг тэнцвэржүүлдэг. Сэтгэл санаа өөдрөг байх нь эрүүл байхад маш их нөлөөтэй.
-Сүүлийн үед нийгэм нэг л бараан байж болж, бүсгүйчүүд дотор гундуу, итгэл алдсан, цөхөрсөн эсвэл хаширсан нь олон байна.
-Хүнд таалагдах гээд, эсвэл хүний сэтгэлд тааруулах гээд өөрийгөө бүрэн гаргаж илэрхийлж чадахгүй болсон бүсгүйчүүд мэр сэр тааралддаг.
-Бүсгүйчүүд хэнээс ч шалтгаалахгүй өөрөө өөрөөсөө баяр жаргал ундруулдаг, өөрийгөө засаад авчихдаг, өөрөөсөө сэтгэлийн хүч гаргадаг байгаасай.
-Хүн өөрийгөө хайрлаж, өөрийнхөө сэтгэлийн орчныг хямгадан засаж, дотроо бясалгаж өөрөө өөрийгөө тайвшруулж, аливаа зүйлээс хамгаалж явах тусам огторгуйн хүч, нар сарны энергийг авдаг.
-Бид гар утас, компьютер, телевиз, гадаад мэдээллийн урсгал гээд асар их давалгаа, долгис дунд хөвөөд, түүндээ автаад байдаг. Зөвхөн түүнээс шалтгаалж тэр сайн, энэ сайн гэсэн болгон руу хошуурч байна.
-Нар бол эрэгтэй хүнийг илэрхийлж байдаг, оюун ухааныг билэгддэг. Сар далд ухамсрыг илэрхийлдэг билэг шинж чанартай. Үүгээрээ бүсгүй хүнийг илэрхийлдэг.
- Нэг үеэ бодвол хүмүүс иог бясалгал их хийдэг болжээ. Өөр рүүгээ өнгийж, өөрөө өөрийгөө олох гэж мэрийсэн, эрүүл байхын төлөө хичээсэн хүн олон байгаад баярлаж байна.
- Өөрийгөө илүү их мэдэрч, дотор сэтгэлээ сонсч байгаасай. Ийм хүн илүү хөгждөг, илүү урагшилдаг, бусдаас түрүүлж алхдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.20 БААСАН № 163 (6640)
Ярилцлагын дэлгэрэнгүйг эндээс : https://www.polit.mn/a/91343