Б.ДОЛЖИНЖАВ

БНСУ-д ажиллах хүсэлтэй бүртгүүлсэн иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалтыг  энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 19-нд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын  хоёрдугаарт давхарт шалгалтын  (CBT) танхимд  авахаар болжээ.

Энэ жилийн хувьд COVID-19 халдварын нөхцөл байдалтай уялдуулан онцгойлон ур чадварын шалгалтыг Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн хариуг тухайн шалгалт бүрийн дараа гаргаж, тэнцсэн иргэнээс биеийн ерөнхий үзлэгийн шалгалтыг хялбаршуулан авах юм байна. Шалгалтад хамрагдах иргэд өөрийн шалгалт өгөх өдөр, цагийг  цахим бүртгэлийн solongos.hudulmur-halamj.gov.mn сайтаас харах боломжтой. 

Шалгалт өгөх иргэдэд дараах зүйлсийг анхааруулж байна.

-Тухайн шалгалт өгөх өдөр гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, ТҮЦ машинаас авсан цахим үнэмлэхний лавлагааг эх хувиар нь авч ирнэ. Бичиг баримтыг авч ирээгүй тохиолдолд шалгалтад оруулахгүй. 

-09:00 (1-р ээлж), 10:30 (2-р ээлж), 13:00 (3-р ээлж), 14:30 (4-р ээлж) цагуудыг ягштал баримталж ирнэ. Хэрэв шалгалтаас хоцорсон тохиолдолд нөхөж өгөх боломжгүйг анхаарна уу.

-Шалгалтын байранд бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс амны хаалт зүүж, шалгалтын комиссын зааврыг дагаж мөрдөнө. 

-Шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө халдвартай нь тогтоогдож илэрсэн иргэн урьдчилан эмнэлгийн магадлагааг шалгалт өгөх боломжгүй тухай хүсэлтийн хамт гаргасан тохиолдол бүртгэлийн хураамжийг буцаан олгоно. 

-Коронавирусын ойрын хавьтлын улмаас тусгаарлалтанд байгаа иргэн нь шалгалт өгөх хуваарьт өдрөөс өмнө холбогдох байгууллагын тодорхойлолт өгсөн тохиолдолд шалгалт дууссаны дараа өдөр товлож зөвхөн нэг удаа авна.

-Шалгалтад орохын өмнө биеийн халуун 37 хэмээс дээш, халдварын шинж тэмдэг илэрч байх тохиолдолд мөн шалгалтын дараа өдөр товлож тухайн иргэнээс шалгалтыг тус тус авна.Шалгалтад тэнцсэн иргэдийн нэрийг  арваннэгдүгээр сарын 3-нд зарлана.

Эх сурвалж:www.polit.mn