Б.ОД
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа Наркологийн эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Хорт зуршилгүй залуу” архи тамхины эсрэг аяны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ГБХЗХГ-ын залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ "Хүүхдийн хүчирхийллийн 77 хувь нь архинаас болдог. Гэмт хэрэг үйлдэгчдийн 60 хувь нь тухайн гэмт хэргийг үйлдсэн байдаг. Тиймээс “Хорт зуршилгүй залуу” гэсэн цахим үйлчилгээг бий болгож байгаа.Мэргэжлийн сэтгэл зүйч, наркологийн эмч нар 24 цагаар ажиллана. 1800-1893 дугаараар дамжуулан мэдээлэл зөвлөгөөг өгнө. Архи, тамхинаас гарах гэж байгаа залуучуудад зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ юм. Гурван төрлийн үйлчилгээг үзүүлнэ. 24 цагаар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлэх боломжийг бүрдүүллээ. Дэлхий нийтэд нэг өдөрт гурван сая хүн архинаас болж нас барж байна. Манай улсад ч гэсэн энэ асуудлыг авч үзэх цаг нь болсон. Тиймээс залуучууд архи, тамхинаас гарч гангарч байна.Олон жил архи, тамхины асуудлаар шаналж байгаа залуучууд холбогдож байгаа. Өөрөө санаачилга гаргасан залуучууд хорт зуршлаас маш амархан гардаг. Гадаадад байгаа залуучууд ч хорт зуршилгүй залуу цахим хуудаст нэгдэн энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой. Бид нарт хандсан хүмүүсийн мэдээллийг чанд хадгална" гэв.
Харин Наркологийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор "Энэ ажлын хүрээнд 100 залууг хорт зуршилгүй болгоно. Өнөөдрийн байдлаар 30 орчим залуу эмчлэгдсэн. Бид онлайнаар болон утсаар зөвлөгөө өгч байна. Манай эмнэлэгт жилд 2000-2200 гаруй хүн хэвтэн эмчлүүлдгээс 40-45 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Үүнээс 98 хувь нь ямар нэг байдлаар архины хамааралтай, 100 хувь нь тамхи татдаг. Эдгээр залуусын дунд тамхинаас татгалзах хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хоёр бүлгийн уулзалт сургалт, боловсролын үйлчилгээг давхар хэрэгжүүлж байгаа" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn