Б.ДОЛЖИНЖАВ
Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрөхөөр хэлэлцэж буй талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус улс гэр бүлүүдэд гурван хүүхэдтэй байхыг албан ёсоор зөвшөөрч, хуульдаа өөрчлөлт орууллаа. Тодруулбал, Хятадын үндэсний хууль тогтоох байгууллага эрх баригч Коммунист намын дэвшүүлсэн “Нэг айл-гурван хүүхэд” бодлогыг баасан гарагт албан ёсоор дэмжлээ. Хятад хосуудад гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн “Хүн ам, гэр бүл төлөвлөлтийн тухай хууль”-ийг Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооноос баталсан нь энэ юм.
БНХАУ-ын эрх баригчид энэ оны тавдугаар сард гэр бүлүүд дээд тал нь гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөхөө зарлаж байсан билээ. Тэгвэл өдгөө дээрх амлалт биеллээ олж, албан ёсоор хуулинд тусгагджээ. Шинэ шийдвэрийнхээ талаар БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Хүн амынхаа бүтцийг сайжруулах, хөгшрөлттэй идэвхтэй тэмцэх, хүний нөөцөө сайжруулахад энэ бодлого туслах болно” гэж мэдэгдсэн талаар Синьхуа агентлаг мэдээлэв. Синьхуа агентлагийн мэдээлснээр бүх ард түмний их хурлаар дээрх бодлогыг албан ёсоор зөвшөөрч, шинэ төрөлтийн тоог нэмэхийн төлөө, хүүхэд өсгөхөд гардаг хүндрэлүүдийг аль болох багасгах тухай хэд хэдэн арга хэмжээ авахаар хэлэлцсэн байна. Үүнд Засгийн газраас заасан хүүхдийн тоог хэтрүүлсэн гэр бүлүүдийн торгуулийг цуцлах, жирэмсний болон шинэ аавын цалинтай чөлөөг уртасгах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэх эрхийг дэмжих, хүүхэд хамгааллын газруудыг сайжруулах зэрэг багтжээ. Мөн хүүхэд өсгөж бойжуулах, боловсрол эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг бууруулахын тулд санхүү, татвар, даатгал, боловсрол, орон сууц, ажил эрхлэлтийг төрөөс дэмжих тухай заалтууд ч оржээ.
Эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгахын тулд нэг хүүхэдтэй байх бодлогыг 40 орчим жил баримталсан Хятадын эрх баригчдын хувьд энэ шийдвэр том сорилт юм. БНХАУ 1979 оноос “Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах, ажлаас нь халах, зарим тохиолдолд үр хөндүүлэхийг шаардаж байв. Түүнчлэн энэ бодлогоос үүдэн хүйсийн тэнцвэргүй байдал ихэсчээ. Тухайлбал, эмэгтэй хүүхдээ асрамжийн газарт өгөх, төрүүлэхгүйгээр үр хөндүүлэх, хаях гэсэн асуудал тулгарч, эрэгтэй хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Тус улс 2016 оноос хоёр хүүхэдтэй байх бодлогыг баримталснаар төрөлт буурч, 1.4 тэрбум хүн амын тоогоо тогтмол барьсан ч ахмад хүмүүсийн эзлэх тоо хурдацтай нэмэгдсэн байна. Үүнийг даган бүтээгдэхүүн үйлдвэрлэл, бүтээмж багасах нь улсын эдийн засгийн чадамжийг бууруулах гол шалтгаан болдог билээ. Үүнтэй холбогдуулан гурван хүүхэдтэй болох шийдвэрийг эрх баригчид гаргасан юм.
“Залуу хосууд гурван хүүхэдтэй болох талаар боддоггүй”
Олон нийтийн дунд санал асуулга явуулахад хосуудын ихэнх нь гурван хүүхэдтэй болох шийдвэрийг дэмжихгүйгээ илэрхийлжээ. Учир нь сургалтын өндөр өртөг, жирэмсний амралт авах болон тэтгэвэрт гарах үед эмэгтэйчүүдэд хангалттай дэмжлэг үзүүлдэггүй нь хосуудыг олон хүүхэдтэй болох гол бэрхшээл нь байв. Энэ талаар Хятадын эдийн засагч Рори Грин “Гурван хүүхдийн шинэ бодлого хүн амын тоог бууруулахаас сэргийлж чадахгүй. Нэг хүн цахим хуудаснаа “Би хоёр талынхаа дөрвөн ээж аав, хоёр хүүхэд, есөн ач зээгээ асардаг бол дахин хүүхэдтэй болохыг хүснэ гэж үү” хэмээн бичсэн байна. Тиймээс хүүхэд асрахад үзүүлэх дэмжлэг, хүртээмжийг сайжруулах бүтцийн өөрчлөлт нь хүүхдийн тоогоо нэмэгдүүлэх шийдвэрээс илүү чухал. Тухайлбал, боловсролын өртгийг бууруулах, жирэмсний амралтын хугацаа болон тэтгэврийн дэмжлэгийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэдгийг онцоллоо.
Хамгийн чухал нь эцэг эхчүүд хүүхдээ тохилог орчинтой сайн ажилд оруулахын тулд дүүргийн сайн сургууль сонгох, хичээлийн бус цагаар олон төрлийн сургалтад хамруулах нь их хэмжээний мөнгө шаарддаг гэсэн бэрхшээл байв. Тиймээс эрх баригчид гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн ч хосуудад энэ шийдвэр шууд нөлөөлөхгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь хүүхэдтэй болсны дараах төрийн халамжийн бодлого тааруу, хүүхэд төрүүлсний дараа ажлын байргүй болох, амьдралын баталгаагүй болох эрсдэл өндөр, мөн хүүхдийг дагаад маш том хариуцлага тулгардаг учир хосууд ихэвчлэн цөөн хүүхэдтэй байхыг эрмэлзэх болсон байна. Олон мянган хүнийг хамарсан судалгаагаар хосууд, эмэгтэйчүүд хоёр дахь хүүхдийг маш сайтар төлөвлөсний дараа гаргана, эсвэл нэг хүүхдээ маш “чанартай иргэн” болгон өсгөнө гэж хариулсан бол гурав дахь хүүхдийн талаар боддоггүй хэмээн хариулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.8.23 ДАВАА № 164 (6641)