Б.ДОЛЖИНЖАВ

 

Малайзын ерөнхий сайд Мухиддин Ясины тэргүүлсэн Засгийн газар хаан Аль Султан Абдуллад огцрох хүсэлтээ даваа гарагт өргөн барьжээ.  Энэ тухай “Засгийн газар огцрох хүсэлтээ хаанд өргөн барьсан” гэж Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан сайд Хаири Жамалуддин мэдэгдэв. Ерөнхий сайд Мухиддин Ясин даваа гарагийн өглөө Малайзын үндэсний ордон руу орсны дараа түүнийг огцрох хүсэлтээ хаанд өргөн барьсан гэж мэдээлсэн юм. Түүнийг парламентын доод танхимд олонх болж чадаагүй учир улс төрийн үймээн үүсгэхгүйн тулд огцрох өргөдлөө өгсөн гэж үзэж байна. Харин ерөнхий сайд Мухиддин Ясин энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Гэхдээ түүнийг даваа гарагт Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарласан гэж Малайзын төрийн мэдээллийн агентлаг “Bernama” мэдээлсэн юм.

 Тэрбээр өөрийн эвслийнхэнтэйгээ санал нийлээгүй, харилцаа муу байснаас сарын дараагаас түүний эрх мэдэл буурч эхэлсэн юм. Хэрэв хаан түүний хүсэлтийг хүлээн зөвшөөрвөл 17 сар үргэлжилсэн албан тушаалын маргаан дуусах боловч залгамжлагч байхгүй тул цар тахлын тархалтыг зогсоох, түүнээс үүдэн хямарсан эдийн засгийг дэмжих оновчтой бодлого хэрэгжүүлнэ гэсэн баталгаа алга. Парламентад олонх эвсэл байхгүй учир дараагийн Засгийн газрыг шинээр байгуулах эсэх нь, цар тахлын үед сонгууль явуулах эсэх нь тодорхойгүй байгаа юм. Гэхдээ хаан Аль Султан Абдулла олонхыг захирах хүнийг сонгон хууль тогтоогчдоос ерөнхий сайдыг томилох эрхтэй. Одоогоор ерөнхий сайд эсвэл ерөнхий сайдын албыг түр орлон гүйцэтгэгчийн албанд   шадар сайд Исмайл Сабри Якоб болон ахмад хууль тогтоогч Тенгку Разалейг Хамза нар өрсөлдөх магадлал хамгийн өндөр байна. Малайзын валют жилийн хамгийн доод түвшиндээ хүрч, хөрөнгийн зах зээл уналтад ороод байна. Учир нь тус улс нэг сая хүнд ногдох халдвар авсан болон нас барсан хүмүүсийн тоогоороо Өмнөд Азидаа тэргүүлж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.18 ЛХАГВА № 161 (6638)