Б.ДОЛЖИНЖАВ

Хятадын Хубэй мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, 21 хүн амь үрэгдсэн тухай албаныхан баасан гарагт мэдээлэв. Хубэй мужид цахилгаан эрчим хүч тасалдаж, хөрсний нуралт үүсч, олон зуун байшин барилга усанд автаж, 6000 орчим хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлжээ. Энэ тухай Синьхуа агентлаг "Лхагва гарагаас эхлэн орсон аадар борооны улмаас тосгон суурингуудад үер бууж, 21 хүн амиа алдаж, дөрвөн хүн сураггүй болоод байна" гэж мэдээлсэн юм.

Хубэй мужийн Ичэнь хотод пүрэв гарагт 480 мм хур тунадас унасан нь түүхэн дээд хэмжээ болсон байна. Суйжоу хотод голын усны түвшин 2-3 метр нэмэгдсэн нь сүүлийн 30 жилд үзэгдээгүй тохиолдол гэж орон нутгийн иргэд ярьжээ. Сүүлийн жилүүдэд Хятад даяар үер усны гамшиг түгээмэл тохиолддог болсон. Тухайлбал,  Хубэй мужийн хөрш Хэнань мужид өнгөрсөн сард үерийн гамшиг нүүрлэж 300 орчим хүн амиа алдсан бол өнгөрсөн долоо хоногт тус улсын баруун өмнөд Сичуань мужид үер буусны улмаас 100 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.Хүчтэй аадар бороо энэ хоногт үргэлжлэн орж, Шар мөрний сав дагуух газар нутагт үерийн аюул учруулж болзошгүйг Хятадын Цаг Уурын Хүрээлэн анхааруулжээ.

Эх сурвалж: www.polit.mn