Б.ДОЛЖИНЖАВ

Шинэ сар гарснаас хойш Афганистан ба Талибан хөдөлгөөнийхөний мөргөлдөөн дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Учир нь АНУ-ын цэрэг Афганистанаас гарч эхэлсэн тавдугаар сараас хойш Талибан хөдөлгөөнийхөний  Кабулын Засгийн газрын эсрэг дайралт эрчимжиж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.Талибанчууд Афганистаны умард хязгаарын сүүлчийн түшиц газар болох Мазар-и-Шариф хотыг бямба гарагт эзлэн авч, нийслэл Кабул хот руу улам ойртсон байна. Энэ үеэрээ Афганистаны нийслэл Кабул хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад нууц бичиг баримтуудаа устгах тушаал өгснийг хэд хэдэн хэвлэл мэдээлжээ. Мөн талибанчуудын суртал нэвтрүүлэгт ашиглагдахаас сэргийлж, АНУ-ын далбаа, сүлд бүхий бичиг цаас, материалуудыг бас устгах чиглэл өгсөн байна.Хэдийгээр Талибан хөдөлгөөнийхөн Кабулыг бүслэн хааж, тусгаарлах зорилготой байгаа ч Афганистаны нийслэлд одоогоор ямар нэг шууд аюул тулгараагүй байгааг Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби мэдэгджээ. Одоогоор талибанчууд Афгинастаны ихэнх мужийн талаас илүү хувийг хяналтдаа оруулаад байна.

 Гэхдээ Афганистаны Засгийн газрын цэргүүд тулалдалгүйгээр талибанчуудад бууж өгч, зэр зэвсэг, машин техникээ олзлуулж байгаа нь Вашингтоны удирдагчдын санааг зовоож байна. Тиймээс Афганистаны нийслэл Кабул хотоос Элчин сайдын яамны ажилтнууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлэх зорилгоор АНУ-ын засаг захиргаа 4000 цэрэг илгээсэн билээ.Тэгвэл энэ  хүчээ зузаатгаж, дахин мянган цэрэг илгээх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гаргажээ.

Тэрбээр “Манай дипломатчид, зэвсэгт хүчин, тагнуулын албаныхны зөвлөсний дагуу Америкийн иргэд болон бусад хүмүүсийг аюулгүй, дэг журамтай нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар нийт 5000 цэргийн алба хаагчийг илгээхээр боллоо. Афганы арми өөрийн улс орныг хамгаалж чадахгүй юм бол тэнд АНУ-ын цэрэг дахин нэг жил, таван жил байрлах ямар ч ялгаагүй. Өөр улс орны дотоодын зөрчил мөргөлдөөнд хутгалдахын тулд Америк цэрэг тодорхойгүй хугацаагаар гадаадад байрлахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Афганистанчууд өөрсдийнхөө төлөө тэмцэх цаг нь болсон” гэж мэдэгдсэн байна. Катарт Талибан хөдөлгөөнийхөнтэй уулзаж буй АНУ-ын  тусгай элч “Хэрэв манай иргэдийн амь насыг эрсдэлд оруулбал хүчтэй цохилт өгнө” хэмээн сануулсныг Байден энэ үеэр дурджээ. Мөн тэрбээр энэ дайныг АНУ-ын тав дахь ерөнхийлөгчид шилжүүлэн өгөхгүй гэж мэдэгдээд байгаа юм.Жо Байден наймдугаар сарын 31 гэхэд Афганистанаас өөрийн улсын бүх цэргээ эргүүлэн татахаа долдугаар сард зарласан билээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн  танхимын дарга Нанси Пелоси “Ерөнхийлөгч Афганистаны талаарх мэдэгдэл, тус улсын төлөө авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ зорилгыг тодорхой болгосон нь сайшаалтай. АНУ-НАТО хоорондын цэргийн харилцааны амжилтуудын нэг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах билээ. Тиймээс дэлхий тэдний үйлдлүүдийг ажиглаж байгааг талибанчууд мэдэх ёстой. АНУ, олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг болон Афганистаны Засгийн газар Талибаны хүмүүнлэг бус халдлагаас охид эмэгтэйчүүдийг хамгаалахын төлөө чадах бүхнээ хийх ёстой” гэж ярилаа. Харин НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужерик “Халдлагын хохирлыг энгийн иргэд амсаж байна. Энх тайван болоод хөгжил дэвшилд цэргийн хүчээр хүрэх боломжгүйг Талибан болоод Афганистаны түүх бидэнд баталлаа. Одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэн төрөлх мужаасаа дүрвэн Кабул хотод ирээд байна. Хоёр улсын энэ зөрчлийн эмэгтэйчүүд, охидод үзүүлэх сөрөг нөлөөлөлд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн газар санаа зовниж байна. Учир нь тавдугаар сараас хойш Афганистаны 250 мянган хүүхэд болон эмэгтэй нутгаа орхиход хүрээд байна” гэж ярьсан байна.

Эх сурвалж: www.polit.mn