Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв /CDC/ цар тахлын сүүлийн үеийн тоо баримтуудаа танилцууллаа. Тус улсад 164 сая гаруй хүн коронавирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Эдгээрээс 1507 нь буюу 0.001 хувь нь халдвар авсны дараа нас барсан бол 7101 хүн буюу 0.005 хувь нь өвчний хүндрэлийн улмаас эмнэлэгт хэвтжээ.Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүсээс сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд халдварын 938 тохиолдол хүндэрснээс 244 нь нас барсан байна.Үүнээс гадна вакцинжуулалтад бүрэн хамрагдсаны дараа халдвар авагсдын 74 хувь нь 65-аас дээш насныхан байсан аж.
АНУ даяар коронавирусын халдварын шинэ давалгаа өнгөрсөн сараас эхэлсэн юм. Энэ удаагийн давалгаа вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст хамгийн их эрсдэл учруулж байгааг CDC анхааруулж байна. Тиймээс  АНУ-ын армийн алба хаагчдыг вакцинжуулалтад заавал хамруулах шийдвэрийг Пентагон удахгүй гаргах гэж буйг хэвлэлүүд мэдээллээ. АНУ-д өчигдрийн байдлаар 36.7 сая хүн халдвар авч, 633 мянган хүн нас бараад байна.

Эх сурвалж: www.polit.mn