Б.ДОЛЖИНЖАВ

 

Австрали улсын хамгийн олон хүн амтай Сидней хотод COVID-19 цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш нэг өдөрт хамгийн олон тохиолдол илэрсэн тул хөл хориогоо чангатгахаар шийдвэрлэжээ. Шинэ Өмнөд Уэльс мужид даваа гарагт 356 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас барсан нь бүгд Сидней хотын иргэд байсныг мужийн захирагч Глэдис Бережиклиан өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Өнөөдрийн байдлаар Австралид 10 сая хүн цар тахлын улмаас хөл хорионд байгаа нь тус улсын хүн амын 40 хувийг эзэлж байна.

Шинэ Өмнөд Уэльс  бол халдварын тархалтыг дарахын төлөө тэмцэж, хөл хорио тогтоогоод байгаа Австралийн хамгийн том мужуудын нэг юм.  Тус мужийн захиргаа даваа гарагт Сиднейгээс баруун хойд зүгт 414 километрт орших Тамворт хот, Сиднейгээс хойд зүгт 770 километрт жуулчдын төв цэг Байрон бэй хотын хөл хориог нэмэгдүүлэв. Тодруулбал, хязгаарлалтыг зөрчин Тамворт хотод  аяллаар очсон хоёр хүнээс халдвар илэрсний дараа долоо хоногийн хатуу хөл хорио тогтоолоо. Мужийн захирагч Глэдис Бережиклиан “Тамворт хотод нэг долоо хоногийн хөл хорио тогтоож, сэрэмжтэй байхыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөсөн” гэв. Том хотдоо долоо хоногийн хатуу хөл хорио тогтоосноос үл  хамааран Шинэ Өмнөд Уэльс мужид дельта хувилбарын тархалт өндөр хэвээр байна. Гэвч удаан хугацааны хөл хорио тогтоогоогүй бол өдөрт мянга мянган тохиолдол бүртгэгдэх байсан гэж мужийн захирагч мэдэгдэв.Хөрш залгаа Виктория мужид даваа гарагт 20 тохиолдол бүртгэгдсэн байна. Гэхдээ тус мужийн нийслэл Мелбурнь хотын хөл хорио пүрэв гарагт дуусна. Харин Сидней хотын хөл хорио энэ сарын 28-нд дуусах боловч есдүгээр сар хүртэл үргэлжилнэ гэж хотын захирагч мэдэгдэв.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон вакцинжуулалтыг удаашруулснаас үүдэн 16-аас дээш насныхны 22.5 хувь нь бүрэн тундаа хамрагдаад байгаа нь маш бага үзүүлэлт юм.  Гэвч Ерөнхий сайд Скотт Моррисон иргэдээ тэвчээртэй байхыг уриалав. Тэрбээр “Иргэд халдвар авч, үүндээ бухимдаж, халдварыг зогсоож хуучин амьдралдаа шилжихийг хүсч байгааг би мэднэ. Гэхдээ үүнийг богино хугацаанд зогсоох боломжгүй. Энэ жилийн эцэс гэхэд 16-аас дээш насны бүх хүн вакциндаа хамрагдана” гэж ярилаа. Австрали улсад 36 мянга гаруй хүн халдвар авч, 940 хүн нас бараад байна. Тус улсын эмийн зохицуулах байгууллагаас даваа гарагт “Moderna” вакцинд зөвшөөрөл олгосон учир энэ зорилтдоо хүрэх боломжтой юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.11 ЛХАГВА № 156 (6633)