Б.ДОЛЖИНЖАВ

 

COVID-19 халдварын хамгийн анхны тохиолдол 2020 оны арванхоёрдугаар сард бүртгэгдэж байсан БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод дельта хувилбараас үүдэн халдварын тохиолдол дахин нэмэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Ухань хотод дотоодын халдвар хамгийн сүүлд өнгөрсөн  оны зургадугаар сард бүртгэгдэж байв. Өмнө нь 76 хоногийн хатуу хөл хориог оновчтой хэрэгжүүлсний үр дүнд халдварыг хяналтдаа оруулж чадсан тус улс хотынхоо 11 сая оршин суугчийг тав хоногийн дотор COVID-19-ийн шинжилгээнд хамруулжээ. Ухань хот иргэдээсээ энэ сарын 3-нд шинжилгээ авч эхэлсэн бөгөөд их сургуулийн оюутнууд болон зургаагаас доош насны хүүхдүүдээс бусад бүх оршин суугчийг хамрууллаа гэж Ухань хотын засаг захиргаанаас мэдэгджээ.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард Ухань хотод халдварын хэд хэдэн тохиолдол илэрсний дараа тус хотын бүх иргэнийг 10 хоногийн дотор коронавирусын шинжилгээнд хамруулж байсан билээ. Олон сая иргэнийг богино хугацаанд шинжилгээнд хамруулж байгаагаараа Хятад улс бусад орны атаархлыг төрүүлж байсан юм. Судлаачдын зүгээс бүх нийтийг шинжилгээнд хамруулах нь халдварыг эрт илрүүлэх, цааш тархахгүй байхад туслах хамгийн оновчтой арга гэдэгтэй санал нэгдээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.10 МЯГМАР № 155 (6632)