Б.ДОЛЖИНЖАВ

 

АНУ-ын Бостон хотын “Northeastern” их сургуулийн компюьтерын шинжлэх ухааны докторын ангийн Хятад оюутан Деннис Ху 2020 оны Цагаан сарын баяраар эх орондоо ирж, баяраа тэмдэглэжээ. Ийн сургууль руугаа буцах хугацаа нь өнгөрөөд жил гаруй хугацаа өнгөрсөн ч АНУ визийг нь сунгаагүй учир хэрхэн буцахаа мэдэхгүй гацаад байна. Тэр бол цар тахлын улмаас танхимын хичээл  нь зогсож, улмаар Трампын Засгийн газар визийг нь сунгаагүйгээс хохирсон АНУ-д суралцдаг  мянга мянган Хятад оюутны төлөөлөл юм.  АНУ, Хятадын харилцаа муудсанаас АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Америкт шинжлэх ухаан, технологи, математикын салбарт суралцаж байгаа Хятад оюутнуудыг төгсөхгүйн тулд визийн хориг арга хэмжээг авсан юм.

Энэ тухай Деннис Ху “Америкт суралцдаг Хятад оюутнуудыг тагнуулч гэсэн таамаглалаар визэнд хориг тавьсан. Миний бодлоор энэ хориг үндэстнээр нь ялгаварласан улс төрийн бодлогын хэлбэр юм. Үүнээс үүдэн оюутнуудын хичээл, ажил, амьдралд маш их сөрөг дагавар учирлаа. Өнгөрсөн жилийн эхний хэдэн сар халдварын тархалтаас болж Хятад руу буцахыг АНУ хориглосон. Үүний дараагаас буюу 2020 оны тавдугаар сараас улс төрийн зорилготой хорио эхэлж, визийг цуцалсан” гэж “CNN” агентлагт ярьжээ.АНУ-ын Тагнуулын албанаас Хятад улс оюутнуудаа ашиглан Америкын нууцыг хулгайлж байна хэмээн сүүлийн хэдэн жилийн турш анхааруулсаар ирсэн билээ.

Одоогийн байдлаар Америкт 370 гаруй мянган Хятад оюутан суралцаж байна. Гэвч вирусын тархалт болон аяллын хоригоос тэдний хичээл нэг жилээр хойшилжээ. Тэд шинэ ерөнхийлөгч Жо Байденг Трампын визний хоригийг цуцална хэмээн найдаж байв. Байден тавдугаар сараас Хятад оюутнуудад виз олгож эхэлсэн ч энэ нь нийт Хятад оюутны хоёр хувиас бага байгаа юм. Тиймээс БНХАУ-ын Гадаад хэргийн яам визний хоригоо цуцлахыг АНУ-д уриаллаа. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн ажилтан Зао Лицян “Визний хоригийг цуцлах нь АНУ-Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэх, хоёр үндэстний иргэдийн ойлголцлыг нэмэгдүүлэхэд асар их тустай” гэв. Мөн  Хятадын эрх баригчид Тяньжин хотод АНУ-ын мэргэжилтнүүдтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэрээ визний асуудлыг хөндсөн гэж Хятадын төв телевиз мэдэгдэв.

Гэхдээ хэрэв Байден энэ хоригийг цуцалвал Хятадад дэндүү зөөлөн хандлаа хэмээн Бүгд найрамдахчуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна гэж Америкийн ажиглагчид таамаглаж байна. Гэсэн хэдий ч АНУ-ын их сургуулиуд оюутнуудынхаа ирээдүйд санаа зовниж байна. Харин зарим судлаач энэ хориг Хятадад үр ашигтай хэмээн үзжээ. Учир нь Хятад улс судалгааны салбартаа ихээхэн хөрөнгө зарцуулж байгаа ч ихэнх шилдэг оюутнууд нь дэлхийн судалгааны төв болох Америкийг зорьсоор байна. Харин визийг цуцалснаар эх орондоо дээрх шилдэг судлаачид ажиллах боломжтой хэмээн тайлбарлав.Гэвч Америк дахь визээ цуцлуулсан оюутнууд Австрали,Англи, Канад, Сингапур, Хонгконгийг зорьж эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.8.7 ДАВАА № 154 (6631)