Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаниас цэргүүдээ есдүгээр сарын 11 гэхэд гаргахаар төлөвлөж байгаагаа дөрөвдүгээр сард мэдэгдэж байв.Дональд Трампын засаг захиргаа, “Талибан” хөдөлгөөний хооронд байгуулсан хэлэлцээрт 2021 оны тавдугаар сар гэхэд цэргүүдээ гаргана хэмээн тусгасан. Гэвч тавдугаар сарын 1 гэхэд цэргүүдээ татах нь тийм амар биш учир есдүгээр сарын 11-нийг 2001 оны Дэлхийн худалдааны төвд болсон террорист халдлагын 20 жилийн ойтой давхцуулан Жо Байден сонгосон юм.

Гэвч Байдены мэдэгдлээс хойш Талибан бүлэглэлийн ноёрхол улам эрчээ авч, орон нутгуудад ээлж дараалан хяналтаа тогтоож эхэллээ. Одоогийн байдлаар тэд Афганистаны нийт нутаг дэвсгэрийн тал хувийг, тэр дундаа Иран, Пакистантай хиллэдэг хилийн чухал зурвасыг эзлээд байна. Ийн орон нутгуудад эрх мэдлээ тогтоосон тус бүлэглэл томоохон хотууд руу дайрч эхэлжээ.

Тодруулбал,Афганистан улсын Херат, Лашкар Гах, Кандахар хотуудад Засгийн газрын цэргүүд болон “Талибан” бүлэглэлийн хооронд ням гарагт зэвсэгт мөргөлдөөн гарчээ. Афганистан, АНУ-ын нисэх хүчин хамтран “Талибан” бүлэглэлийн байрыг агаараас цохиж, хэдэн арван зэвсэгт этгээдийг устгасан  байна. АНУ, Их Британийн цөөнгүй цэрэг амь эрсдээд буй Хелманд мужийн төв Лашкар Гах хотод байдал тогтворгүй байна. Хот бүхэлдээ “Талибан” бүлэглэлийн мэдэлд шилжих эрсдэлтэй байгаа аж.

2001 оны арванэгдүгээр сард АНУ-ын арми, НАТО болон бусад холбоотнууд Афганистаны тухайн үеийн Засгийн газрыг бүрдүүлж байсан талибанчуудаас эрх мэдлийг нь булаан авч байв. Учир нь тус бүлэглэлийг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан “Аль-Кайда” бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладен болон бусад гишүүдийг орогнуулж байна гэж буруутгасан юм. Ийн Афганистаны шинэ газрыг байгуулахад олон улсаас хэдэн тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлж, олон ч сургалт зохион байгуулж байсан ч “Талибан” бүлэглэл эргэн хүчээ авсан нь энэ юм.

Эх сурвалж:BBC