З.БАТЦЭЦЭГ
-Зам засварын ажил нь хилийн шалган нэвтрүүлэх боомтын чадварыг нэмэгдүүлнэ-
“Буриадад Монгол Улстай хил залгаа хурдны А-333, А-340 автозамыг шинэчлэх болно” гэж “Южный Байкал” холбооны замын агентлагийн хэвлэлийн албанаас мэдэгджээ. Энэ нь Монгол Улстай хиллэдэг Култук-Мондын А-333 хурдны замын 206-210 дугаар замын хэсгүүд, 216-218 дугаар замын хэсгүүд мөн Монгол, Улаан-Үдийн хил Хиагтын А-340 хурдны замын 0-0,194 км замын тухай яригдаж байна гэсэн үг юм. Засвар хийгдэж байгаа автозамын хэсгүүд нь Монди-Ханхын хоёр талт автомашины шалган нэвтрүүлэх пост, ОХУ-ын Монгол улстай хил залгаа Хиагт-Алтанбулагийн олон улсын автомашины шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо байдаг.
А-333 хурдны замын 206-210 км хэсгүүдэд их засварын ажил энэ хавраас эхэлсэн. Мэргэжилтнүүд замын гадаргууг сэтэлж, газар шорооны ажлыг эхлүүлжээ. Ус зайлуулах хоолойг сольж, замын суурийг буталсан чулуу элсний хольцоор хучсан байна.
А-340 хурдны замын 0-0,194 км хэсгийн их засвар ажил долоодугаар сарын дундуур эхэлжээ. Энэ хэсэгт асфальтан хучилт, ус зайлуулах хоолойг бүрэн сольж, доод давхрагын далангийн өргөтгөл, замын хучилтын дээд давхрагын төхөөрөмжийг буталсан чулуун мастик асфальт бетоноор хийх аж.
Түүнчлэн шинээр замын тэмдэг, төмөр хаалт, хэвтээ тэмдэглэгээг зам дээр байрлуулна.
-“Их засварын ажлыг энэ 10 сард дуусгах төлөвлөгөөтэй. Замын эдгээр хэсгүүдийг стандартад нийцүүлсэнээр хоёр ба олон улсын хяналтын цэгүүдийн хөдөлгөөний урсгал, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх боломжтой болно” гэж “Южный Байкал” холбооны авто замын газрын дарга Радик Фаразутдинов хэлсэн байна.
Засаж байгаа зам дээр зохих замын тэмдгийг урьдчилан суулгасан байна. Тухайлбал, А-333 хурдны зам дээр хурдны хязгаарыг 40км/цаг, А-340 зам дээр 5км/цаг хүртэл хязгаарлаж байгаа юм.
Эх сурвалж: www.baikal-daily.ru