Х.ОЮУНБОЛД
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены Засгийн газар Кубын Гуантанамо цэргийн шоронг нэг мөсөн хаахыг зорьж байна. Тиймээс тэнд байгаа хоригдогсдыг өөр газар руу шилжүүлэхээр ажиллаж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки энэ сарын 19-нд хийсэн чуулганы үеэр ярьжээ. Тэрээр “Бидний зорилго бол энэ шоронг хаах явдал юм. Гэхдээ надад та нарт зориулсан төлөвлөгөө хуваарь байхгүй. Нэг болон өөр өөр давхар үйл ажиллагаа явагдаж байгааг та нар мэдэж байгаа. Гэхдээ энэ нь бидний хэрэгжүүлэхийг зорьж байгаа зорилго хэвээр байна. Мөн бид хариуцлагатайгаар хоригдогсдыг шилжүүлэхийн тулд бүх боломжтой аргыг харгалзан үзэж байна. Мэдээж Гуантанамогийн шоронг хаах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн сард Конгрессийн чуулганы үеэр Гуантанамогийн шоронг хаах үйл ажиллагааг хөнгөвчлөхөд туслах тусгай төлөөлөгчийн албыг дахин байгуулах аргыг хайж байна гэж мэдэгджээ. Гуантанамод АНУ-ын усан цэргийн байдаг газрыг Гавана, Вашингтоны хооронд цэргийн болон нүүрсний агуулах барих зорилгоор гарын үсэг зурж байгуулсан гэрээний үр дүнд 1903 онд АНУ-ын цэргийнхэн эзэлсэн аж. Гэхдээ арлын энэ орныг хараат бус байсан нөхцөлд гэрээг байгуулсан учраас Кубын эрх баригчид энэ газар нутгийг эзэлж авсныг нь хууль бус гэж үздэг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.21 ЛХАГВА № 141 (6618)