З.Батцэцэг

ОХУ-ын Ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаанаар Байгаль нуур дахь цэвэрлэх байгууламжийн санхүүжилтийн асуудлыг хөндөж ярив.

Стратегийн хөгжил, үндэсний төслүүдийн зөвлөлийн хуралдаан дээр ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын гишүүдээс Байгаль нуурт бохир ус цэвэрлэх байгууламж байгуулах нөхцөл байдлын талаар мэдээлэхийг хүсчээ.

Төсөлд хяналт тавьж байгаа ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко Буриадад цэвэрлэх байгууламж барих хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гэж хэлсэн байна.

-Улаан-Үдэд цэвэрлэх байгууламж барих тухайд үнийн өсөлт гарсан. Одоо бид Барилгын яамтай хамтран нэмэлт хөрөнгө хайж байгаа. Бид төсөл, дүн шинжилгээ хийж дууссан байгаа гэж Ерөнхий сайдын орлогч нэмж хэлсэн талаар  www.baikal-daily.ru мэдээлжээ.

Цэвэрлэх байгууламж барих хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас шүүуд гаргах байсан гэдэгт ерөнхийлөгч анхаарлаа хандуулав. ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов энэ асуудлыг шийдвэрлэхэд зориулж Барилгын яамнаас 92 сая рублийн санхүүжилт олгох саналыг ирүүлсэн байгаа гэж хэлээд ойрын хугацаанд энэ асуудлыг шийдэхээ амлав. Барилгын яамны тэргүүн Ирек Файзуллин яамд хэлэлцээрийн шатандаа явж байгаа, дахин хоёр долоо хоног шаардагдана гэж ерөнхийлөгчид тайлагнав.

-Антон Германович, хоёр долоо хоногийн хугацаанд энэ асуудлыг шийдэх үү?- гэж ерөнхийлөгч асуув.

-Тэрнээс ч наана шийдчихнээ Владимир Владимирович- гэж Силуанов хариулжээ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов нөөц сангаас санхүүждэг Выдрино дахь бохир ус цэвэрлэх байгууламжуудыг оны эцэс гэхэд ерөнхийлөгчийн заасан хугацаанд барьж дуусгана гэж цохон тэмдэглэсэн байна. 2024 он хүртэл бүх 21 цэвэрлэх байгууламжийг барьж, сэргээн босгоход нийт өртөг нь ойролцоогоор 14 тэрбум рубль болох юм. Ерөнхийлөгчийн зааврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  Байгалийн нөөцийн дэд сайд Сергей Ястребов, Барилгын дэд сайд Юрий Гордеев нар Буриадад зочилжээ. Шаардлагатай бүх ажил явагдаж байна.

-“Байгаль нуурын экологийг хамгаалах зорилгоор ерөнхийлөгч Байгаль нуурт цутгадаг голууд дээр байрлах суурийн газруудад 21 цэвэрлэх байгууламж барих, сэргээн босгох талаар оны эхэнд заавар өгсөн. Энэ онд засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр баригдах Выдрино тосгоны анхны цэвэрлэх байгууламжууд аль хэдийнэ баригдаж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн олгосон хугацаанд ажилаа дуусгах юм байна. Сангийн сайд Антон Силуановын тэмдэглэснээр төсвийн шаардлагатай 92 сая рублийн санхүүжилт ойрын хугацаанд шийдэгдэнэ. Үүний зэрэгцээ бусад цэвэрлэх байгууламжийн хувьд үнийн өсөлт гарч, зураг төсөл тооцоонд засвар гарсан гэдэгийг Ерөнхий Сайдын орлогч Виктория Абрамченко зөв тэмдэглэж хэллээ. 2024 он хүртэл бүх 21 цэвэрлэх байгууламжийг барьж, сэргээн босгоход нийт өртөг нь ойролцоогоор 14 тэрбум рубль болох юм. Шинэ зохицуулалтын дагуу санхүүжилтийн талаар засгийн газартай хамтран ажиллаж байна” гэж Буриадын тэргүүн хэллээ. Орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламж барих нь нэн яаралтай ажил болж байгааг тэрээр цохон тэмдэглэв.

-Байгалийн нөөцийн дэд сайд Сергей Ястребов, Барилгын дэд сайд Юрий Гордеев нар ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу баригдаж буй цэвэрлэх байгууламжид биечлэн очиж үзсэн. Засгийн газартай бүтээлчээр хамтран ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэхийг хүсч байна. Байгаль нуурыг хамгаалахад байнга анхаарч байдаг Владимир Владимирович Путинд дахин талархал илэрхийлье!- гэж Алексей Цыденов онцолсон байна.

Эх сурвалж: zms.mn