З.БАТЦЭЦЭГ

Оросын нэрт жүжигчин  Светлана Афанасьевна Светличнаягийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

 

-Светлана Афанасьевна таныг ЗХУ-ын хамгийн алдартай шаргал үст байсан гэвэл хэтрүүлсэн болохгүй байх. Гэхдээ их залуудаа тоглосон кинонууддаа та бараан үстэй байсан?

-Тийм ээ, би байгалиасаа бор шаргал үстэй. Их сургуульд сурч байх эхэн үе, эхний кино бүтээлүүддээ би тэр үстэйгээ байсан. Манай сургууль Горькийн нэрэмжит кино студитэй нэг дор байсан учраас бид байнга киноны пробд орох гэж тийшээ гүйдэгсэн. Нэг удаа би тэнд Польшийн жүжигчин бүсгүйн зургийг харсан юм.  Тэр надтай төстэй, том шанаатай, цэнхэр нүдтэй, гэхдээ шар үстэй байсан. Тэгэхэд би надад юу дутагдаж байгааг ойлгосон. Тэндээсээ шууд гараад үсчин орсон. Үсээ будуулж ирээд шууд хамгийн урд эгнээнд суусан. Хүмүүс хажуугаар өнгөрөхдөө над руу харж байсан ч, хэн нь ч надтай мэндлээгүй, таниагүй. Би тэгтлээ өөрчлөгдсөн байсан. Тэгэхээр нь би өөрөө “Сайн уу, Светлана байна” хүмүүстэй мэндлэхэд өөдөөс “Өө, сайн уу? Яасан сайхан харагдаж байна аа” гэж хэлсэн. Тэгэхэд би зөв шийдвэр гаргаснаа ойлгосон.

-Таныг шар үстэй болоод ирэхэд, нөхөр Владимир Ивашов тань юу гэж хэлсэн бэ?

-Володяд таалагдсан. Тэр өдөр бид гэртээ их оройтож ирээд, бүгд унтаж байсан. Өглөө нь Володяг ээж нь их ууртай сэрээсэн. Өөр бүсгүй аваад ирж гэж уурлаад. Володя “Ээжээ, энэ чинь Светка байна” гэхэд нэг юм тайвширсан. “Таньсангүй, гэрлээгүй байж, шар үстэй өөр бүсгүй аваад ирлээ л гэж бодлоо” гэж ээж нь хэлж байсан. Володягийн ээж, аав их энгийн, даруухан хүмүүс байсан. Аав нь нисэх онгоцны үйлдвэрт ажилладаг, ээж нь оёдолчин байсан. Ээж нь надад бэлэг болгож номин ногоон өнгөтэй ноосон юбка, пиджак оёж өгсөн. Биед их эвтэйхэн, хөнгөхөн, би бараг 10 жил өмссөн. Тэднийх тийм баян байгаагүй, ялангуяа орон байрны хувьд давчуухан байсан. Нэг өрөөнд тавуулаа. Володя намайг оюутны байрнаас гаргаж аваад очиход, зургуулаа болсон. Унтах болохоороо тавилгуудаа хана руу шахаад, аав ээж нь орон дээр, охин дүү нь үүдэнд шкафны ард хайрцаган дээр, бид 2, ахтай нь шалан дээр унтдаг. Володя ах бид хоёрын дундуур хэвтдэг байлаа.

-Та гадаад тэс өөр орчинд өссөн...

-Намайг төрөхөд аав офицер байсан. Түүний хошуучийн тэмдгээр би маш их баярладаг байлаа. Хүүхэд надад генерал шиг л санагддаг байж. Дайны дараа аав Австри, Унгар, Германд дандаа хотын комендантад сайн албан тушаал хашдаг байсан. ЗХУ-д буцаж ирэхэд аав дэд хурандаа болсон байсан. Түүнийг Советск хотын комендантаар томилсон. Комендант гэдэг чинь бараг л хотын дарга. Бид дутагдах зүйлгүй амьдарч байсан. Гэхдээ намайг гүнж шиг өсгөөгүй. Хувцасны тал дээр бол харин эрхэлж өссөөн. Манай ээж гоёх дуртай. Өөрийн гэсэн оёдолчинтой байсан. Би өөрөө эскизыг нь зурдаг. Тэр үед хэн ч малгай өмсдөггүй байхад, ээж дэгжин малгайнууд өмсдөг байлаа. Энэ сонирхол нь надад дамжсан. Харж байгаа биз дээ, би гэртээ хүртэл малгайтай сууж байна. Ингэхээр өөрийгөө хамгаалалтад байгаа мэдрэмж төрдөг. Советскд би Австрийн хичээлийн форм өмсдөг байлаа. Урд хормогч нь ээжийн загвараар хийсэн, онцгой дэрэвгэр хормойтой. Би сургуульдаа нэр сайтай. Бүгд л намайг “Манай Света”, “Манай охин”, “хамгийн, хамгийн” гэдэг. Ээж сургуульд аж ахуйн дарга. Уг нь бол комендантын эхнэр гээд ажил хийх шаардлагагүй байсан. Түүнээс зүгээр л сургуулийн аж ахуйг хариуцаачээ гэж гуйхад зөвшөөрсөн юм. Тэгээд ч сургууль дээр ээж, ах бид хоёрыг харах боломжтой болчихно. Ээж нэг хором ч зүгээр сууж чаддаггүй хүн байсан. Би тэр талаараа ээжийгээ дуурайсан хүн. Ээж гэнэт л “алив шкафаа зөөе” гэнэ. Тэгээд бид бүгдээрээ босоод шкафаа хөдөлгөнө. Ээжийн ачаар бид хөгжилтэй амьдардаг байлаа. Би бас тавилгын байрлалаа солих дуртай, боломжгүй бол зүгээр малгайгаа сольдог. Сургуульд ээж бас сайн дурын уран сайхныг удирддаг байсан. Ээж театрт их дуртай. Хотоос ирсэн жүжгийг нэгийг ч алгасахгүй үздэг. Тэгээд л намайг тайзан дээр гаргаад сургачихсан. Би шүлэг уншина, концерт хөтлөнө, бүжиглэнэ. Ганцаараа дуулахаас ичдэг байсан. Өөр би усанд сэлэлтээр хичэллэдэг байлаа. Цаасны үйлдвэр бассейнтэй байсан. Би бүр тэмцээнд түрүүлэн, зэрэг авч байлаа.

-Москвад ирж кино урлагийн сургуульд орох шийдвэрийг яаж гаргав?

-Энэ ээжийн шийдвэр байсан. Надад Зоя Космодемьянскийн шүлгийг цээжлүүлсэн. Шүлгээ тайзнаа гараад уншихаар үзэгчид, офицерууд уйлдаг. Ээж надад чадвар байгааг харж байсан. Тэрээр ВГИК-ийн талаар бүгдийг олж мэдээд, намайг бэлдэж эхэлсэн. Гэрийн хүмүүжилтэй би Москва явах гэж тэмүүлдэггүй байлаа. “Явахгүй байвал яасан юм?” гэхээр ээж шийдэмгий “Өнөөдөр тасалбараа аваад, маргааш явна аа” гэсэн. Тэр жил жүжигчин, найруулагчийн хосолсон курсын элсэлтийг Михайл Ромм авч байсан. Шалгалтын өмнө шөнө цагаан өрөвтасыг олоод гэртээ авчирч байна гэж зүүдлээд. Иймэрхүү зүйлд би үргэлж итгэдэг. Тиймээс ерөөсөө сандрахаа больсон. Би ер нь их амархан элссэн. Курсынхээ Галя Польскихтай дотно найзууд болсон. Амьдрал биднийг салгасан ч, сэтгэлээрээ ойр байдаг. Оюутан байхадбид  эгч дүү шиг л харагддаг байлаа. Тэрээр эмээтэйгээ хоёулаа амьдардаг, энгийн зүйлийг үнэлж чаддаг нэгэн байсан. Хүмүүс түүнд их татагддаг. Цэвэр цэмцгэр, гоо сайхан, чин сэтгэлээсээ. Өнөөдөр ч тэрээр ийм зантай хэвээрээ. Би түүнийг зурагтаар харах бүртээ баярладаг. Галя хоолой нь өвдсөн чинь, түүнд сайн байсан Игорь  Ясулович биднийг эргээд ир гээд зохион байгуулсан. Манай курсыхэн мөнгөө цуглуулаад, юм хум аваад, түүн дээр очиж байсан юм. Эмээ нь хотын гэхээргүй, жинхэнэ орос эмэгтэй байсан санагддаг. Биднийг хараад “Ямар туранхай юм. Би та нарыг хооллоё” гээд эхэлж билээ. Бидний олонх нь аав, ээжээсээ хол, оюутны байранд амьдардаг. Өрөөндөө гурав, дөрвүүлээ, давхартаа нэг  ариун цэврийн өрөө, гал тогоотой. Усанд орох газар байхгүй, бид баня ордог. Заримдаа гал тогоонд дээд курсын Светлана Дружининатай тааралдана. Би түүнээс их айдаг байсан. Светлана гал тогоонд орж ирээд л “Энэ юу болж байна? Одоохон наадхаа цэвэрлэ” гээд загнана. Бид үг дуугүй, үгэнд нь ороод, ум хумгүй гал тогооноос гардаг. Хоол хийхээр явах бүртээ Дружининатай л таарчихгүй юмсан гэж айдаг байлаа.

Эхэн үед Михайл Ромм сургууль дээр ирдэггүй байсан. Түүний туслах, гайхалтай багш Сан Бендер бидэнтэй ажилладаг. Дараа нь Роммтой танилцсанаас хойш, түүний хичээл орохыг хүлээгээд цаг тоолдог байлаа. Үнэхээр сонирхолтой, амьдралтай байдаг байсан. Нэгэн удаа тэрээр ангид орж ирээд “Танилц, Жанна Прохоренко, Владимир Ивашов. Хамтдаа сурах болно”. Володя, Жанна хоёрыг танилцуулах шаардлагагүй. Тэр үед дэлгэцнээ “Цэрэг эрийн дууль” гарсан байсан. Би Ивашовын тоглосон дүрд дурласан байсан болохоор түүнийг хараад амьсгао тасалдах шин болсон.

-Та ирээдүйхээ нөхрийн анхаарлыг татах гэж оролдсон уу?

-Үгүй. Би анхны алхам хийдэг хүн биш. Володяг хараад, түүнтэй хамт жүжиг тоглож үзэх юмсан гэж бодсон. Үнсэлцвэл бүр гоё. Тэгээд тийм жүжиг олдсоон. Яг үнсэлцдэг. Бэлтгэлийн үеэр яг үнсэлцэх гэтэл би ичээд, айгаад, улайгаад, мөрөөдлөө биелүүлж чадаагүй. Тэгэхэд Володя найруулагчид хандан “энэ хэсгийг өнөөдөр орхиод, маргааш тоглоё” гэв. Тийм хүмүүжилтэй, намайг ичиж байгааг хараад, аварсан. Маргааш нь найруулагч бэлтгэлээ “үнсэлтээсээ эхлэе” гэв. Тэр үнсэлтийг би насан туршдаа санаж явдаг. Бэлтгэлийн дараа намайг хүргэж өгөх боллоо. Замдаа намайг, хөтлөөд, тэврээд, үнсээд. Би бөөн аз жаргал. Хүргэж өгчихөөд “Маргааш уулзъя” гээд зөөлхөн хэлсэн. Бид  шууд л нэг нэгэндээ дотноссон. Ивашов, Прохоренко хоёр Америкаас жийнсэн өмд, ковбой малгай өмсөж ирээд, бөөн шуугиан тарив. Энэ бол 1960 он. Чухрайтай хамт Сан-Францискогийн фестивальд оролцоод ирсэн юм. “Цэрэг эрийн дууль” тэгэхэд “Шилдэг кино”, “Шилдэг найруулга” шагнал авсан. Америкт Володя, Чухрай хоёр нэгэн бооцоот тэмцээнд очоод, Ивашов хожсон гээд бод доо. Хожсон муугүй мөнгөөрөө гэрийхэндээ бэлэгтэй ирсэн. Ээждээ- дулаахан, нэхмэл, цэнхэр костюм. Аавдаа- богино ковбой нэхий дээл. Ээж нь ичээд костюмаа өмсөж гардаггүй, аав нь бол дуртайяа өмсөөд гардаг байсан.

-Ивашов та хоёр хурим хийсэн үү? Та аав, ээжээсээ зөвшөөрөл авсан уу?

-Онцгой тэмдэглээгүй ээ. Москвад тэмдэглээгүй, харин манай аав, ээжийнд очоод тэмдэглэсэн. Дүүрэн загас, котлет байсныг санаж байна. Би Володятай гэрлэх болохдоо ээждээ хэлсэн “Би хүнтэй суулаа” гэж хэлэхэд “Юу? Хэнтэй?” гэхэд нь “Цэрэг эрийн дуулийг үзээрэй” гэсэн сэн. Аав, ээжид миний сонголт их таалагдсан. Володятай танилцаад бүр их таашаасан. Гэхдээ бүхнээс илүү ээжийн эгч Катяд их таалагдсан. “Светка, ямар хүнтэй гэрлэсэн гээч. Эх орноо хамгаалагч” гээд л. Володяг их дайлдаг. Ер нь эрчүүдийг дайлах дуртай байсан. Би ч бас эрчүүдийг дайлах дуртай. Жинхэнээсээ зөвхөн эрчүүдтэй л найзалж чаддаг. Володя бид хоёрыг хүүтэй болоход хоёр өрөө байр өгсөн. Бид шууд Катя эгчийг дуудаж авчирсан. Хүүхэд өсгөх, гэрийн ажилд бидэнд их тус болсон доо.

-Та оюутан байхдаа жирэмсэн болсон уу?

-Мэдээж, хичээлд саад болж болох байсан. Гэхдээ надад аз таараад. Михайл Ромм “Нэгэн жилийн 9 хоног” кино зураг авалттай болоод оюутнууддаа жилийн чөлөө олгосон юм. Би санаа амар аав, ээж рүүгээ явсан. Тэндээ 1961 онд хүүгээ төрүүлсөн. Мэдээж хүүгээ “Цэрэг эрсийн дууль” киноны Алешагийн нэрээр нэрлэсэн. Дараагийн хүүхдээ 11 жилийн дараа төрүүлсэн. Би охинтой болъё гэж бодсон боловч Олег төрсөн. Дахиад хүүтэй болсондоо би хэзээ ч харамсаж байгаагүй. Манай хүү анхаарал халамжтай, сайхан сэтгэлтэй. Бүр жаахан байхдаа гадаа гарч тоглоод, цагтаа ирдэггүй. Манайх тэгэхэд төмөр замтай ойр амьдардаг байсан. Яагаад ч юм тийшээ л хүүгээ хайхаар шууд явсан. Төмөр замын өндөрлөг дээр гараад түүнийг дуудсан чинь тэр доор харагдаж байна. Өөдөөс “Ээжээ, битгий загнаарай. Одоо очлоо” гээд айсан дуугарч байна. Хүүгээ татаад гаргаад иртэл, нэг гартаа цэцгийн баглаа зулгаагаад барьцан байсан. Хүү минь 33 насандаа өөд болсон....

-Хүнд хэцүү үеийг эргэн дурсаад яах вэ, киноны тухай яръя. Анхны кино пробоо санаж байна уу?

-Михайл Каликын “Бүүвэйн дуу” гэж дайны эхэн үе, залуучуудын тухай. Надад кино зохиол, найруулагч нь их таалагдсан. Миний эргэн тойронд сайхан хүмүүс байх нь надад их чухал. Энэ кинопробод амжилттай ороод Молдав руу зураг авалтад явсан. Анхны цалингаараа гэрийхэндээ бүгдэд нь бэлэг авчирсан. Дараа нь хэдэн жил хүүхдээ гэртээ харсан. Тэр үед Ростоцкийн “На семи вертах” кинонд тоглож болох байсан байна лээ. Тэр баатрыг нь хэн гэдэг байсан гээч? Светлана Ивашова. Олон жилийн дараа найруулагч намайг тоглуулах хүсэлтэй байсан тул гол дүрээ миний нэрээр нэрлэсэн гэдгийг мэдсэн. Би тэр үед жирэмсэн байсан. Гэхдээ Лариса Лужина маш сайн тоглосон. Миний хувьд тийм дүр алдсан даа харамсах л үлдсэн дээ.

-Гэхдээ та “Тогооч” киноны гол дүрд тоглосон. Та найруулагч Эдмонд Кеосаянтай гэр бүлээрээ найзалж байсан уу?

-ВГИК-д Кеосаян найруулагчийн ангид сурч байсан. Намайг пробд дуудахад, би зохиолыг уншаад, надад тохирох дүр биш байна гэж шийдсэн. Пробын үеэр надад тосгоны энгийн даашинз өмсгөхөд “Бурхан минь, надад ямар хэрэгтэй юм бэ? Би тосгоны авгайтай адил байна уу?” гэж бодсон. Дандаа царайлаг бүсгүйн дүрд тоглох хүсэлтэй байлаа. Гэвч Кеосаян жүжигчидтэйгээ сайн ажиллаж чаддаг найруулагч. Краснодарт хүмүүс өөрийн гэсэн аялгатай ярьдаг. Найруулагч надад энэ бүгдийг зааж өгснөөр проб амжилттай болсон. Кеосаянтай ажиллахад давуу тал ихтэйг анзаараад, энэ дүрийг алдахыг хүсээгүй юм. Энэ ажил надад их таалагдсан, Эдмонд бид насан туршийн найзууд болсон. Володя ч бас Кеосаянтай хамтарч “Баригдашгүй өшөө авагчид” киноны цагаантны цэрэг Перовын дүрд тоглосон. Тэр кинонд тэрээр “Оросын тал” дууг дуулж, түүний нэрийн хуудас болсон.

-“Тогооч” кинонд та Высоцкийтай хамт тоглосон. Ямар байсан бэ?

-Бид Краснодарын нэгэн гацаанд айлд амьдарч байсан. Би 3 залуу жүжигчинтэй. Би гол дүрд нь тоглож байгаа болохоор хамгийн том өрөө минийх. Эв найрамдалтай, хөгжилтэй байсан. Заримдаа Высоцкийг урьдаг. Хоол хийгээд, ширээ засаад, дуудна. Высоцкий гитартайгаа ирнэ. Тэр үед Высоцкийн дуунууд надад таалагддаг байгаагүй. Би түүнийг агуу яруу найрагч гэж үзээгүй, эр хүний хувьд ч миний сонирхлыг татаагүй. Надад Ивашов, Делон шиг эрчүүд таалагддаг.

-Хөршүүдтэйгээ найзууд болсон уу?

-Люса Марченко бид 2 оюутан цагын найзууд. Заль мэхгүй түүнд Пырьевтэй тохиолдсон асуудлын талаар олон хүмүүс Марченког өрөвдөж байсан. (Пырьев олон жилийн турш Марченкод бэлгийн дарамт үзүүлж байсан). Инна Чуриковатай бас найзууд болсон. Бие биенийхээрээ орж гардаг, нэгнийхээ жүжигийг очиж үздэг байлаа. Тэр үед Инна баба-яга дүр аваад “яаж тоглохоо мэдэхгүй байна” гэхэд би түүнд “чи тачаангуй баба яга дүр бүтээ” гэж зөвлөсөн. Инна миний зөлөгөөг авснаар, бүх Москва даяараа энэ жүжигийг үзэх гэж очиж байсанд бахархаж байна.

-Татьяна Лиозновагийн “Тэд тэнгэрийг байлдан дагуулсан” киноны дүр таныг яаж олов?

-Мэдэхгүй юм. Жүжгийн хэсгээс үзсэн юм уу, хэн нэгэн миний тухай хэлсэн юм уу? Би пробод орох урилга авсан. Лиозноватай анх уулзахад цох шиг хоёр хар нүд нь таалагдсан. Намайг нэвт харах шиг л болсон. Юм ярьж байснаа гэнэт сэдвээ өөрчлөөд “Чамд ямар улирал таалагддаг вэ? Хаварт дуртай юу?” гээд асууна. Яагаад намайг Лиознова сонгосон бол? Сэтгэлээсээ байсан болохоор тэр байх. Гол дүр Нини Колчина ийм зан чанартай.

-Таны амрагийн дүрд Николай Рыбников тоглосон. Таныг хүлээж авсан уу?

-Шууд биш. Хэцүү хүн байсан.

-Таны оронд өөрийн эхнэр Алла Ларионоваг тоглуулах хүсэлтэй байсан байх?

-Магадгүй. Тиймээс л надтай тоглоно гэж сонсоод дургүй байсан байх. Түүнийг ойлгож болно. Туршлагхгүй жүжигчинтэй амрагийн дүр бүтээснээс эхнэртэйгээ тоглобол амар байсан болов уу. Ямартай ч найруулагч биднээс кадрт хайр шингээсэн харц шаардсан. Гэтэл Рыбников над руу гунигтай хараад болдоггүй. Монино дахь цэргийн онгоцны буудал дээр эхнэр Алла нь ирснээр бүх зүйл өөрчлөгдсөн. Лиознова байдлыг ойлгоод зориуд эхнэрийг нь дуудаж, сэтгэлийг нь сэргээсэн байх. Эхнэрээ ирээд явсны маргааш тэс өөр хүн болцон, инээмсэглээд ороод ирсэн. Тэрнээс хойш хамт ажиллахад амар болсон. Энэ нь мэдээж үр дүнд нөлөөлнө. Киноны нээлтэн дээр нисэгчид ирээд, бидний ажлыг өндрөөр үнэлсэн. Үзэгчид ч сайхан хүлээж авсан. Их амжилттай гарсан. Би дүрээ сайн тоглосон гэж боддог. Олон жилийн дараа Лиозновагийн 90 насны ойн баярт би оролцсон юм. Концертын зохион байгуулагч Вячеслав Шмыров тайзан дээр надад “МИГ-9” онгоцны жижиг хувилбарыг бэлэглэсэн. Энэ онгоц Лиозновагийн гэрийг олон жил чимсэн. Тэр онгоцыг аваад, залуу насандаа эргээд очих шиг л санагдсан.

-Дараа нь Лиознова таныг “Хаврын 17 учирал” кинондоо тоглуулсан. Жижигхэн ч, их чухал дүр. Габи.

-Дахиад Лиозноватай ажиллах боломж гарсанд би маш их баяртай байсан. Тэрээр кино зохиолоо өгөөд, Габигийн дүрд анхаарлаа хандуулаарай гэсэн. Зохиол надад их таалагдсан. Семенов гайхалтай сайн драматургч. Зохиолыг уншаад Штирлиц, Габи хоёр зүгээр нэг тохиолдлоор учирсан гэж бодоогүй. Штирлицийн сонирхлыг татах бүсгүй. Энэ Герман эмэгтэй Штирлицэд эхнэрийг нь санагдуулдаг. Надад нэгэн зоригтой санаа төрөөд, Лиознова дээр ирээд хэллээ. “Энэ 2 бүсгүй адилхан юм чинь, би хоёуланд нь тоглоё” гэв. Лиознова намайг анхааралтай сонссон ч, миний саналыг хүлээж аваагүй. Штирлицийн эхнэрт Элеонора Шашкова тоглосон. Надаас таны дуртай дүр гэж байнга асуудаг. Би Габи гэж хариулдаг.

-Гэхдээ “Эрдэнэ нуусан гар” киноны Анна Сергеевна таныг илүү нэрд гаргасан.

-Миний тоглосон олон драмын, гол дүрүүдээс энэ л жижиг дүрийг онцолж ярихад надад гомдмоор байдаг. Гэхдээ миний Анна Сергеевна үзэгчидэд дандаа таалагддаг. Энэ дүр цаг хугацаа, миний гадаад төрх гээд олон зүйлээрээ тохироо нь бүрдсэн. 1968 он гэхэд би их туршлагатай болсон байсан. Өөрийхөө ажлыг дүгнэж хэлэхэд, ямар ч хэтрүүлэг байхгүй.

-Яагаад Анна Сергеевнад өөр жүжигчин дуу оруулсан юм бэ?

-Энэ их гэнэтийн бөгөөд таагүй явдал болсон. Би бодохдоо Гайдай намайг аялгатай ярьж байна гэж үзсэн байх. Би хотоос хол өссөн. Одоо бол надад аялга байхгүй л дээ. Намайг уг нь дуу оруулалтанд дуудсан. Би ганц л өгүүлбэр бичүүлсэн. “Би буруугүй, тэр өөрөө ирсэн” гэж. Гэтэл энэ өгүүлбэр л хамгийн их хүмүүст хүрсэн. Хамгийн сүүлд Никулин буудалд Анна Сергеевна дээр ирээд, ухаан балартсан үедээ байрны дарга нүдэнд нь харагддаг хэсгийг Нонна Мордюкова өөрөө бодож олсон. Мордюкова чиний халат надад таарах болов уу гэж санаа зовж байсан. Халат сул загвартай байсан болохоор түүнд таарсан. Мордюкова  их инээдтэй тоглосон учир тэр хэрсгийг Гайдай үлдээхээр шийдсэн.

Мэргэжлээс гадна хүн өөрийн ханиа олох их чухал. Кино урлагийн ачаар, “Цэрэг эрийн дууль”-ийн Алеша байгаагүй бол би нөхөртөө дурлахгүй байсан байх. Володя их сайн хүн байж таарсан. Өнөөдөр хань минь байхгүй үед би ямар азтай байснаа их сайн ойлгож байна. Ямар азаар бид учирч, 2 хүүгийн аав, ээж болсон юм бол.

Эх сурвалж: www.7dn.ru