С.САРУУЛ

 

Коронавирусийн цар тахлыг амжилттай хязгаарлаж байсан Өмнөд Солонгост нөхцөл байдал хяналтаас гарч эхэлжээ. Өчигдөр тус улсад халдварын 1,615 шинэ тохиолдол нэмэгдсэн нь цар тахал эхэлсэн цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Эдгээрийн 1,568 нь дотоодод тархсан тохиолдлууд, үүний 75 хувь нь нийслэл Сөүл орчимд илэрчээ. Өмнөд Солонгост сүүлийн найман өдөр дараалан өдөр бүр 1,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдээд байна.

 

Зургадугаар сарын дундуур анх коронавирусийн Дельта хувилбар тус улсад тархаж эхэлжээ. Гэвч Засгийн газар аюултай хувилбарын тархалтыг үл хайхран долдугаар сарын 1-нээс хорио цээрийн дэглэмээ сулруулсан нь гол алдаа гэж ажиглагчид дүгнэж байна. Улмаар өвчлөл нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан энэ долоо хоногийн Даваа гарагаас Сөүл орчимд онц байдлын дэглэмийг хамгийн дээд буюу дөрөвдүгээр түвшинд ахиулсан юм. Долдугаар сарын 4-өөс 10-ны хооронд шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын 23.3 хувь нь Дельта хувилбараар өвчилсөн байжээ.

 

Хэрвээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл наймдугаар сарын дундуур өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 2,331 хүрэхийг Солонгосын Халдварт Өвчинтэй Тэмцэх Төвийн коммиссар Жон Юн Кён мэдэгджээ.

 

Халдвар тархалт нийслэлээс орон нутагт өргөжих аюул ойрхон байгаа тул Сөүлээс бусад бүс нутагт тогтоосон онц байдлын түвшнийг Пүрэв гарагаас эхлэн 1-ээс 2 болгон ахиулах болсныг Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ким Бү Кюм мэдээлсэн байна.

 

Тус улсын ерөнхийлөгчийн “Хөх ордон”-д хүртэл коронавирусийн халдвар дэгджээ. Ерөнхийлөгчийн туслахуудын нэг халдвар авсан нь батлагдаж тусгаарлагдсан байна. Түүнтэй ерөнхийлөгч Мүүн Жэ Ин хавьтал болоогүйг хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.polit.mn