Слава Жижек- Соёл судлаач, философич, Любляны Их Сургуулийн философи, социологийн тэнхимийн ахлах судлаач, Нью-Йоркийн их сургуулийн герман хэлний хүндэт профессор, Лондонгийн их сургуулийн Биркбек Хүмүүнлэгийн хүрээлэнгийн олон улсын захирал. Түүний rt.com-д Жуллиан Ассанжийн тухай бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
* * *
Жуллиан Ассанж 50 насны ойгоо шоронд угтаж байгаа нь эрх чөлөөгүй байх нь эрх чөлөөний мэдрэмжийг төрүүлдэг барууны ардчиллын гаж үзэгдлийн нотолгоо юм.
АНУ-ын тусгаар тогтнолын өдрөөс нэг хоногийн өмнө шоронд хоригдож байгаа Ассанж 50 нас хүрч буй нь бидэнд “эрх чөлөөний орны” болон барууны ардчилалын харанхуй талыг сануулж байна.
WikiLeaks-ийн үүсгэн байгуулагчдын нэг Ассанж Лондонгийн Белмарш чанга дэглэмтэй хорих ангид 50 насны ойгоо тэмдэглэж байна. Вашингтон түүнийг АНУ руу шилжүүлэн өгөхийг хүсэж байгаа юм. Шилжүүлсэн тохиолдолд гэм буруутай нь тогтоогдвол түүнийг 175 жил хорих ялаар шийтгэнэ.
Беларусийн Засгийн газраас сөрөг хүчний идэвхтэн Роман Протасевичийг барихын тулд Афинаас Вильнюс нисэж байсан Ryanair авиакомпаний онгоцыг Минскт албадан буулгахад энэ хулгайн хэргийг бүгд шүүмжилж байсан. Барууны эрх мэдэлтнүүд 2003 онд Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесын онгоцыг Австрид яг ингэж газардуулж байсныг санах хэрэгтэй. Үүнийг Вашингтоны тушаалаар хийсэн. Гол зорилго нь Үндэсний аюулгүй байдлын агентлагын мэдээлэгч Эдвард Сноуденыг Латин Америкаас Орос руу ирэх зорилготой уг онгоцонд байна гэж үзсэн. Гэтэл Сноуден онгоцонд байхгүй байснаар энэ таагүй явдлыг улам хүндрүүлсэн.
Ассанж нь хуучин “тоталитар” аргуудаас илүү үр дүнтэй байдаг бидний амьдралын хяналт, зохицуулалтын шинэ дижитал хэлбэрийн эсрэг бидний тэмцлийн билэгдэл болж, барууны ардчиллын харанхуй талын билэг тэмдэг болж хувирсан. Англи, Америкаас илүү эрх чөлөөг хэрцгийгээр шууд дардаг улс орнууд байдаг гэж барууны олон либералууд үздэг. Тэгвэл Ассанжийн хэрэг яагаад ийм их дургүйцлийг төрүүлнэ вэ? Ийм улс орнууд үнэхээр байдаг, гэхдээ тэнд дарангуйлал ил, тод. Харин либерал баруунд ажиглагдаж буй дарангуйлал нь бидний эрх чөлөөний мэдрэмжинд мэдэгдэггүй. Энэ эрх чөлөөгүй байдлыг эрх чөлөө гэж ойлгодог гаж үзэгдлийг Ассанж анзаарч харсан. Ийм учраас түүний нэр хүндийг бүрэн устгахаар шийдсэн. Тэвчишгүй ааш зантай гэдгээс эхлээд бэлгийн хүчирхийлэгч гэж хүртэл худлаа буруутгасан. Мөн Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны ханыг сүйдэлсэн тухай цуу тараасан. “Засгийн газар цуст гэмт хэрэг хийснийг нотлох баримт надад байгаа бол би Засгийн газрын нууцыг дэлгэх эрхтэй юу?” гэсэн Ассанжийн сөргөлдөөнд тэд хариулахаасаа айн түүний хувийн амьдралаар цуу яриа дэлгэн доошоо оржээ. Энэ бүгд улс төрийн мэтгэлцээний доройтол байгаад зогсохгүй Ассанж гэж хувь хүн рүү дайран довтолж байгаа нь аймшигтай юм.
“Тэр зүгээр нэг билэг тэмдэг биш, сүүлийн 10 жил багагүй шаналал амсаж яваа хүн. АНУ тусгаар тогтнолын баяр тэмдэглэж, салют буудаж, жагсаал баяр хийж, бүгд гэр бүлээрээ цуглаж байна...Харин нэг гэр бүл баттай цуглаж чадахгүй байна. Тэр бол Ассанжийн гэр бүл”.
Нил Армстронг 1969 оны 7-р сарын 29-нд саран дуур буусан гэх домгоор бол (энэ үнэхээр домог байсан бололтой) Нил “Энэ бол хүний нэг жижиг алхам, гэхдээ хүн төрөлхтний хувьд нэг том үсрэлт” гэж хэлсний дараа “Мистер Горски танд амжилт хүсье” гэж нууцлаг үг нэмж хэлсэн байдаг. НАСА-д үүнийг Зөвлөлтийн нэгэн сансрын нисэгчид хандаж хэлсэн үг хэмээн ихэнх нь үзсэн. Зөвхөн 1995 оны долдугаар сарын 5-нд асуултад хариулж байхдаа Армстронг энэ нууцаа нээсэн. 1938 онд тэрээр жаахан хүүхэд байхдаа найзтайгаа бейсбол тоглож байжээ. Бөмбөг нь хажуугийн хөрш Мистер Горскигийн хашаанд уначихжээ. Армстронг бөмбгөө авах гээд тонгойтол мистер Горски эхнэрээ загнаж байхыг сонсжээ. “Хажуу айлын хөрш хүү саран дээр очсоны дараа чамд секс зөвшөөрнө” гэж хашгирч байжээ. Тэгээд яг 31 жилийн дараа хүү саран дээр очжээ.
Үүнийг сонсмогцоо Ассанжийн талаар иймэрхүү зүйлийг би төсөөллөө. Бодоод үз дээ. Түүний сүйт бүсгүй Стелла Моррис түүнтэй шоронд уулзахаар ирэхэд тэр хоёрыг зузаан шил тусгаарлана. Эхнэр нь “...Манай цаг үеийн баатар болчоод Нью-Йоркийн гудмаар чөлөөтэй алхах үед чинь чамд секс зөвшөөрнө” гэж хэлнэ. Энэ бодол 1938 онд хүн саран дээр очно гэдэг шиг боломжгүй сонсогдож байгаа биз. Ийм л учраас 31 жилээс өмнө энэ бодлыг биелүүлэхийн тулд бүгд хичээх хэрэгтэй. Бид сэтгэлээсээ “Амжилт хүсье мистер Ассанж” гэж хэлье.
Яг л Rolling Stones хамтлагийн “Цаг хугацаа бидний талд” дуу шиг эрх мэдэлтнүүд цаг хугацаа тэдний талд гэж бодож байгаа. Ассанжийг амьдаар нь үхсэн юм шиг хорьсоор байгаад бид алгуурханаар түүнийг мартвал яана. Тийм байх боломжгүй гэдгийг бид сануулах үүрэгтэй.
Эх сурвалж: www.polit.mn