З.Батцэцэг
“Бид өөрийх нь тоглосон бүх киног мэдэж байсанд Аль Пачино их гайхсан. Тэрээр миний сүүлд тоглосон киног үзсэн үү" гэж асуусан. Тэр нь Де Ниротой хамт тоглосон “НЕАТ” кино байсан. "Маргааш би та нарт зориулаад шинэ киноны кассетаа буудалд үлдээнэ. Та нар үзээрэй" гэсэн. Бид зүгээр соёлтой зан гаргаж тэгэж хэллээ гэж бодсон. Гэтэл маргааш нь яг л кассетаа үлдээсэн байсан. Аль Пачино амласандаа хүрдэг юм билээ.
-“Современник” театраас гарсан хүн тийшээ буцаж ирсэн тохиолдол байгаагүй. Харин та дөрөв дэх удаагаа буцаж ирж байна. Саяхан таны гол дүрд нь тоглосон “Театр” жүжиг нээлтээ хийсэн?
- Энэ бүгдийг сүр дуулиантай буцаж ирж байгаа мэтээр толилуулна гэж би бодоогүй. Театрын уран сайхны удирдагч Виктор Рыжаков надад шинэ жүжиг бэлтгэх санал ирүүлсэн. Ямар жүжиг, найруулагч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байсан. Дараа нь Уильям Сомерсет Моэмын “Театр” зохиолоор Владимир Панков найруулахаар болсон. Бид эртнээс хамтарч ажиллаж байсан. Бүр дараа нь энэ жүжиг “Современник” театрын 65 жилийн ойд зориулагдсан болохыг олж мэдсэн. Ингэж л надад том хариуцлага оногдсон.
-Та яаж "Современник" театрын жүжигчин болсон бэ?
-Би 1984 онд ГИТИС төгсөөд, курсээрээ янз бүрийн театрт шалгуулсан. Галина Волчек “Эшелон” жүжигт тоглох хүн хайж байсан юм. Хуучин тоглож байсан жүжигчин нь амаржих гээд амралтаа авсан байсан. “Современник”-ийн бэлтгэлийн зааланд бид дипломны жүжгээ тоглосон. Волчек хэд хэдэн хүнийг онцолж тогтоосны нэг нь би байсан. Волчек бидэнд өөр зүйл тоглож харуулаа даа гэлээ. Гэтэл тэр үед бүгд өөр театруудад хувиарь авсан байсан тул Современникт хэн ч ирээгүй. Тэгээд би монолог санал болготол, Галина Борисовна “Би монолог сонсох дургүй” би хариуд нь “Надад өөр үзүүлэх юм алга” гэтэл “За одоо яахав, үзүүл дээ” гэж байна. Уран сайхны зөвлөл тэр чигээрээ сууж байсан Гафт, Кваша, Ахеджакова, Толмачева....
-Та айсан уу?
-Огт үгүй. Би өөр хотоос ирсэн. Надад хэлэхдээ, энэ жил өөр хотыхныг авахгүй, орон тоо дууссан гэж байсан. Надад найдаж алдах зүйл байгаагүй учраас, сандралгүй, анхаарлаа төвлөрүүлэхэд юу ч саад болоогүй. Маргааш нь надад “Таныг оройн 23.00 цагийн үед Современник театрт хүлээж байна” гэлээ. Яах гэж гэдгийг хэлээгүй. Би орой 19.00 цагийн үед очлоо. Галина Борисовна жүжгийн бэлтгэл дээр байгаад, дараа нь жүжгийн хэлэлцүүлэгт оролцоод аймаар ядарсан хүн гарч ирсэн. “Жүжгийн жагсаалтыг очиж хар” гэж хэлсэн. Би “яаж?” гэж асуутал, “Захиргаан дээр оч”. Намайг ажилд авсан гэдгээ хэлээгүй. Ийм сайхан театрт орой бүр ирэх боломж олддог ямар том бэлэг вэ гэж бодож байлаа. Сургуульдаа бид дипломны жүжгээ тоглоод, төгсөлтдөө бэлдэж байсан үе. Декан дээр байн байн гүйж очоод, ямар нэгэн театраас урилга ирж үү? гээд асуудаг байлаа. Дараа нь орой бүр Современникт очдог. Ажилчдын хаалгаар орж байгаадаа бөөн баяр. Хажуугаар жүжигчид өнгөрөхдөө мэндлээд л. Жишээ нь Гафт. “Современникт” ер нь өөрөөсөө илүү байр суурьтай хүнтэй түрүүлж мэндэлсний дараа тэд чамтай мэндэлнэ гэсэн ойлголт байдаггүй. Эдгээр хүмүүс одоогийн одууд шиг их зантай байгаагүй. Том од байх тусмаа харьцахад энгийн байдаг. Би орой бүр ийм уур амьсгалд байсан. Дараа нь намайг бичиг баримтаа авчир гэхэд л би ойлгосон. Надад “Современник”-ийн ажилтан гэсэн үнэмлэх өгөхөд ёстой ангайсан. Байн байн цүнхнээсээ гаргаж үзээд, нүдэндээ итгэхгүй байлаа. Тэр үнэмлэх долоо хоногийн дотор үнгэгдээд, дахиж шинээр авсан. Миний анхны жүжиг “Турбины өдрүүд”. Тайзан дээр гарч байгаагүй. Хүчирхийлэлд өртөж байгаа бүсгүйн дуу хоолойг тайзны араас хашгирдаг байлаа.
-Театрын ойгоор үүсгэн байгуулсан долоон хүнд нь зориулж хөшөө босгох гэж байгаа гэж сонссон. Та бүгдтэй нь харьцаж байсан уу?
-Үүсгэн байгуулагчид гэдэг нь Олег Ефремов, Галина Волчек, Игорь Кваша, Лилия Толмачёва, Евгений Евстигнеев, Олег Табаков, Виктор Сергачев. Ефремоваас бусадтай нь театрт таарч байсан. Харин Ефремовтай хамт кинонд тоглосон. Эдгээр агуу хүмүүсээс суралцсан би азтай хүн. Бэлтгэл үргэлж баяр баясгалантай ярианаас эхэлдэг. Өглөө 11.00 цагт ирээд шууд бэлтгэлдээ орох хэцүү л дээ. Толмачёва “Өглөө индүүгээ унтраахаа мартаад, банзалаа түлчихлээ”. Тэгэнгүүт бүгд л хэзээ, юу, түлснээ ярьж эхэлнэ. Бид бүх үйл явдлаа хуваалцдаг байсан учраас нэгдмэл байсан. Толмачёва, Кваша, Волчек гурав шинэ “Современник”-г үүсгэн байгуулж байхдаа, уугаад, ядраад, гурвуулаа нэг орон дээр унтаж байснаа дурсан ярьдаг байсан. Яагаад гэвэл өрөө нь нэг, ор нь нэг. Анжей Вайда багтахгүй, хажууд нь хивсэн дээр унтсан гэсэн. Тэгээд нэг нь шөнө босоод, дээр нь гишгэж орхиж. Бэлтгэлийн өмнө үүнийгээ дурсан ярьтал, гурвуулаа гишгэсэн болж таараад. Хэнд нь итгэх үү? гэтэл Кваша хэлж байна “Галя чи гишгэсэн бол, Анжей юу гэж амьд үлдэх вэ дээ”бүгд инээлдээд бэлтгэлдээ орж байлаа. Энэ ажлын өмнөх 30-40 мин их эрч хүч өгдөг байсан юм.
-Найруулагч бүр өөрийн бэлтгэл хийх аргатай. Галина Борисовнагийн хувьд?
-Жүжиг бүрийг шинэ аргаар. Ямар нэгэн схемээр ажиллаж байгаагүй. Заримдаа шууд төгсгөлийг нь төсөөлцөн байдаг байсан тул бэлтгэлийн явцыг энэ төгсгөл рүү чиглүүлдэг байсан. “Мурлин Мурло ” жүжигт яг тэгсэн. Төгсгөлд нь бүгдийг нь нураана гэж шийдсэн байсан. Техникийг нөхцөлдөө тааруулаад яаж нураах талаар бодож эхэлсэн. Гэвч Волчек хүссэндээ хүрдэг. Түүнд боломжгүй гэж хэлсэн ч...”Мурлин Мурло” гайхалтай жүжиг. Галина Борисовна маш хурдан найруулсан. Бараг сарын дотор. Тэр үед жүжиг их удаан бэлддэг байсан, бараг зургаан сар, бүгд ширээ тойрч суугаад, дүрээ уншаад, дасан зохицдог. Харин ”Мурлин Мурло”-г их хурдан хийсэн. Тиймээс ч их удаан тоглогдсон байх, бид 600 удаа тоглосон. Тоглох бүртээ шинэ, инээдтэй үгнүүд төрж гардаг. Бид энэ жүжгээр амьдарч байсан. Заримдаа хөгтэй юм болно. Жүжгийн утга нь би Гармашийн нууц амраг нь, эхнэр нь хажуугийн хаалганд амьдардаг. Бид хоёр хэрэлдээд, тэр намайг дэрээр зоддог юм. Би түүнд “Чи дахиж манайд битгий ирээрэй, би чамд хайргүй. Үгүй бол би эхнэр Иркад чинь хэлнэ шүү”. Тэр үед Гармаш намайг шкафны ард байгаа ор руу түлхээд, зодож байгаа дүр эсгэж, дуу авиа гаргадаг юм. Зориуд шкафны ард орж зоддог, ямар хүмүүсийн нүдэн дээр эмэгтэй хүнийг зодолтой биш. Гэтэл гэнэт үзэгчид дундаас нэг эмэгттэй “Зөв, эхнэрт нь хэл” гээд хашгирч байна. Бид хоёр гайхаад, шкафны ард хөшчихөж билээ.
-Би тэр жүжгийг үзсэн, тэр үзэгчийг ойлгож байна. Та нар их үнэмшилтэй тоглосон.
-Бид өөрсдийгөө сайн тоглолоо гээд магтаад л өнгөрсөн....Нэгэн удаа жүжгийн явцад би буланд очоод эвхрээд хэвтдэг хэсэгт тоглож байлаа. Заал нам гүм, намайг цаашаа яах бол гээд хүлээдэг, их драмтай хэсэг. Гэнэт балкон дээрээс нэгэн эрэгтэй бүдүүн хоолойгоор “Жүжигчин хаана байна?” гээд ориллоо. Намайг хараанаасаа алдчихсан хэрэг. Унтаж байсан юм уу, яасан юм бүү мэд. Театрт янз бүрийн зүйл тохиолддог. Нэгэн жүжгийн үеэр нэг үзэгч тайзан дээр гараад ирсэн. Шоронд болдог үйл явдал гардаг юм. Бүгд номертой, каш идээд, төмөр саваа халбагаараа нүдээд сууж байлаа. Тэр залуу гарч ирснээ Толмачева дээр ирээд “Хоолноосоо өгөөч” гэв. Наташа Каташева маш хурдан сэтгээд шоронгийн хаалга дээр очин “Хаалгаа онгойлгоорой” гээд хашгирлаа. Жүжигт ийм хэсэг байхгүй юм чинь, харгалзагч нарын дүрд тоглож байсан жүжигчид тамхи татах гээд явсан байж. Найруулагчийн туслах ч хардаггүй. Эмэгтэйчүүдийн камерт гадны эр хүн байгааг. Жүжигчдийн нэг нь гүйж ирээд, түүнийг аваад явсны дараа жүжгээ үргэлжлүүлсэн. Хамгийн инээдтэй нь үзэгчид юу болсныг ойлгоогүй. Ингэх л ёстой гэж бодсон.
Заримдаа таатай гэнэтийн зүйл болдог. Яг тэр жүжгийн төгсгөлд (энэ Галина Волчекийн хүчтэй төгсгөлүүдийн нэг) бүх бүсгүйчүүд зогсоод, шоронгийн хаалга хаагдаад, гэрэл бүдгэрсээр бүдгэрсээр, унтардаг. Ёслоход зориулж жаахан бүүдгэр гэрэл асаахыг бид хүлээгээд зогсож байлаа. Гэнэт нэг үзэгч чичирхийлсэн хоолойгоор “Бүсгүйчүүдээ, биднийг уучлаарай” гээд хэлж байна. Бид бүгдээрээ уйлахаа дөхсөн.
-Та энэ жүжгээрээ Америкт аялан тоглосон байхаа?
-Тийм ээ, Бродвейд тоглосон. “Интоорын цэцэрлэг”, “Пигмалион”-ыг өөр тайзан дээр тоглогдсон. Энэ бол томоохон, гайхалтай аялан тоглолт болсон. МХАТ, Станиславскийн дараа Америкт ингэж томоохон тоглолт хийсэн анхны театр манайх. Бараг бүгдээрээ явсан. Маш зоригтой Марина, Рина Ковалева гэх продюссерууд зохион байгуулсан. Гайхалтай Бродвейн тайзнаа мөн Атлантик ситид тоглосон. Энэ бол зүгээр л мөрөөдөл.
-Нина Дорошина тэр аялан тоглолтыг тэгэж сайхан дурсаж ярьдаггүй. Онгоцны буудлаас маш удаан авч явсан, их муу буудалд буулгасан. Та юуг дурсдаг вэ?
-Би залуу байсан тул ахуйн зүйлд анхаарлаа хандуулаагүй. Анх удаа тийм хол нисч үзэж байна. Эхлээд их сайн ярьж байснаа, дараа нь унтаж амрах нь дээр гэдгийг ойлгосон. Унтаад Нью-Йоркод сэрсэн. Америк биднийг хил дээр маш урт оочир дугаартай угтаж авсан. Хэзээ ч дуусахгүй дараалал байна даа гэж бодож байлаа. Одоо бол онгоцны буудалд тийм дараалал энгийн үзэгдэл болж...Биднийг үнэхээр удаан авч явсан. Том, том, өндөр байшингууд. Биднийг шууд буудалд буулгаагүй, эхлээд Брайтон-Бичд хоолонд оруулсан. Борщ, хүрэн манжингийн салат. Бид чинь хот дог, кока кола мөрөөдөж очсон хүмүүс шүү дээ. Аймаар урам хугарч билээ. Явсаар байгаал арай гэж нэг юм ирлээ....Ресторанд нь манайхан орос дуу дуулаад л... Энэ Нью-Йорк мөн үү? буудалдаа ирмэгцээ цүнхээ шидчихээд л, шууд шинэхэн пицца олж идэхээр гарч гүйсэн. Залуу, ядраагүй хүмүүс нь шүү. Дорошина ядарсан байж л дээ. Биднийг төвд, Таймс-скверын хажууд буулгасан. Бүх зүйл гялалзаад л...Ямар нэг барилга дээр гэрэл огтлолцож харагдах юм бол кино нээлт болдог юм байна гэдгийг маш хурдан ойлгосон. Тэгээд л тийшээ гүйчихнэ. “101 далматин” киноны нээлт болж байсныг санаж байна. Бид улаан хивсэн дээгүүр явж байгаа жүжигчдийг хараад л...Би гүйж очоод тэвэрчихгүйн тулд биеэ их барьж байсан. Гүйгээд очсон ч Холливудын жүжигчид эелдгээр хүлээж авдаг. Энэ үзэгч, энэ чиний рейтинг. Бид бүтэн сар тоглоход заал дүүрэн. Зөвхөн Оросууд биш Америкчууд бас ирж байсан. Хадмал орчуулгатай жүжиг тоглогдож байсан юм. Жулиа Робертс, Ванесса Редгрейв, Аль Пачино нар ирсэн. Аль Пачино үлдээд, жүжгийн дараа бидэнтэй уулзсан. Бид бөөн баяр, зургаа авхуулсан. Бид өөрийнх нь тоглосон бүх киног мэдэж байсанд Аль Пачино их гайхсан. Тэрээр миний сүүлд тоглосон киног үзсэн үү? гэж асуусан. Тэр нь Де Ниротой хамт тоглосон “НЕАТ” кино байсан. -Маргааш би та нарт зориулаад шинэ киноны кассетаа буудалд үлдээнэ. Та нар үзээрэй гэсэн. Бид зүгээр соёлтой зан гаргаж тэгэж хэллээ гэж бодсон. Гэтэл маргааш нь яг л кассетаа үлдээсэн байсан. Аль Пачино амласандаа хүрдэг юм билээ.
-Жүжгээс гадуур чөлөөт цагаараа юу хийж байв?
-Бүгдээрээ бөөнөөрөө гардаг байсан. Сиэтлд явж байтал, нэг хар арьстай залуу уут тавьчихсан сууж байна. Гармаш түүнийг гуйлга гуйж байна гэж бодоод задгай мөнгө шидтэл шингэн юм дуугарч байна. Тэгсэн пиво ууж байсан юм байж. Тэнд гадаа гудамжинд савтай нь пиво ууж болдоггүй юм байна л даа. Тэр харын хашгирахыг та нар сонссон ч болоосой. Бүсгүйчүүд бид яахав дэлгүүрийн шилэн хорго харах дуртай. Тэнд чинь санаандгүй зам руу оруулахгүй гээд замын хажуугаар босоо багануудтай. Юун замаа харах, нөгөөхөд чинь тээглэж унаад л явна. Америкийн элбэг дэлбэг байдал ангайлгаж байсан. Гэртээ цамц, пүүз, жийнс авчирч байлаа. Авчрахаасаа илүү, үзэж явсан. Галина Борисовна яаж мэдэхгүй, бидэнд зориулаад, контейнер дүүрэн гэр ахуйн бараа авсан байсан. Дандаа ажилчдаа халамжилж явдаг хүн байсан юм.
-Волчек хэлэхдээ театрт завгүй байснаас болоод хувийн амьдралаа хаясан, дахиж хүүхэд гаргаагүй. Үүндээ их харамсдаг гэж байсан. Та уран бүтээлийн төлөө юугаа золиослосон бэ?
-Би мэдэхгүй байна. Театраас болоод хийж чадаагүй зүйл надад байхгүй. Дахиж хүүхэд гаргаагүйдээ ч харамсдаггүй. Нөхөр бид хоёр Денисыг 11 дүгээр анги төгстөл нь өөрсдөө өсгөсөн. Юун дахиж хүүхэд гаргах. Одоо бол хүүхэд асрагч, камер эн тэр гээд туслахууд байна. Хоёр байтугай арван ч хүүхэд гаргасан яахав. Памперс бол гайхамшиг, зохиосон хүнд нь Нобелын шагнал өгөхөөр. Бид бол гараараа даавуугаа угааж, индүүднэ. Ахуй амьдралын хичнээн ч их асуудал байсан юм.
-Таны нөхөр бас “Современник”-н жүжигчин. Та хоёр тоглолтоор явахаар Денис хэнтэй үлдээдэг байв?
-Аваад явна. Олон сайхан газраар аялсан. Хамгийн сайхан дурсамжтай нь Израйль. Манай хүү анх удаа далай үзсэн. Оройн жүжиг эхэлтэл бүх театраараа далайн эрэг дээр. Манай хүү анх далай хараад ямар том шалбааг вэ? гээд гутлаа тайлаад гүйсэн. Элсэн дээр гишгичихээд бүлээн цас байна гэж хашгирч байсан юм. Дараа нь Тель-Авиваас Хайф явлаа. Автобусаар. Би Денист хэллээ: “Бүгд оройн жүжгээс өмнө амрах ёстой. Чи чимээгүй цонхоор хараад яваарай”. Гафт бидний урд сууж байсан юм. Яагаад ч юм Гафт ам хуурайгүй ярьж гарлаа. Инээж, хөхрөөд л, яриад байна. Тэгсэн Денис түүн рүү бөхийгөөд: “Оройн жүжгээс өмнө хүмүүс амрах ёстой. Тиймээс чимээгүй цонхоор хараад яв”. Гафт хэлэх ч үггүй, ангайсан.
-Денист тайзан дээр гарах хүсэл байсан уу?
-Үгүй. Жүжигчдийн гаж амьдралыг ойлгодоггүй юм. Өөр сонирхолтой. Олон талын авьяастай. Хэд хэдэн мэргэжил эзэмшсэн. Одоо фитнесс дасгалжуулагч. Их сайхан сэтгэлтэй. Гудамж, асрамжийн газраас муур авч тэжээдэг.
-Жүжигчдийн амьдрал юугаараа ялгаатай вэ?
-Бүх зүйлээрээ. Тантай танихгүй хүн гудамжинд мэндэлдэг үү? Залуучууд мэндэлдэг л байх. Гэхдээ хажуугаар зөрсөн хүн бүр.
-Үгүй
-Надтай мэндэлдэг. Би хариуд нь бүгдтэй нь мэндэлдэг. Бүгдтэй нь. Ер нь жүжигчид сонин, сайхан амьдралтай хүмүүс. Би жүжигчин болсондоо их азтай гэж боддог.
-Та театрт сүнс байдаг гэдэгт итгэдэг гэж байсан. Галина Волчекийн сүнс байгаа юм шиг санагдахгүй байна уу?
-Тийм мэдрэмж бий. Тэрээр “Современник”-т болж байгаа бүх зүйлийг харж байгаа. Жүжгийн нээлтийн өмнө би Волчек, Гафт гарыг зүүдэлсэн. Би ер нь ховор зүүдэлдэг хүн л дээ. Их бодитоор зүүдэлсэн. Хоёулаа суугаад юм яриад, инээлдээд, хөгжилтэй байсан.
-Одоо “Современник” театрт ажиллах ямар байна. Владимир Панковтай ажиллахад хир байв?
-Гайхалтай. Бэлтгэлийн үе сайхан байсан. Бүгд сэтгэл өндөр байлаа. Материал, нөхцөл байдал, хамтран ажиллах хүмүүс бүгд ингэж сайхан тохирох нь ховор.
-Энэ жүжигт театрын бараг бүх жүжигчид оролцож байгаа. Олон ахмад жүжигчид байсан.
-Ахмадууд, залуучууд. Рыжаковын курсийхэн дадлага хийгээд тэр чигээрээ байгаа. SounDrama хөгжимчид үргэлж тайзан дээр.
Эх сурвалж: www.7dn.ru