Б.ДОЛЖИНЖАВ

Америкийн нэгдсэн улс худалдаж авсан 500 сая тун COVID-19 эсрэг "Pfizer" вакциныг ядуу буурай  орнуудад хандивлахаар болсон гэж нэр бүхий хүн хэлсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Жо Байден Их-7-гийн уулзалтын үеэр энэ тухай зарлахаар төлөвлөжээ. Ингэхдээ энэ ондоо багтаан 200 сая тунг, ирэх оны эхний хагас гэхэд үлдсэн 300 сая тунг нийлүүлэхээр болсон байна. Үүнийгээ COVAX хөтөлбөрөөр дамжуулан бага болон багаас доош орлоготой 92 оронд хандивлах юм.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “Ерөнхийлөгч Жо Байден "Pfizer" вакцин худалдан авахаас гадна Их-7-гийн уулзалтад оролцож цар тахлыг зогсоох хамтарсан мэдэгдэл гаргана. Тэр ардчилсан орнууд дэлхийн өнцөг булан бүр дэх асуудлыг шийдвэрлэхэд хамгийн сайн туслалцааг үзүүүлж чадна гэдгийг харуулахыг хүсч байгаа. Энэ бүхэн нь цар тахлын тархалтыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, эдийн засгийг сэргээх, бүх хүний эрх болон нэр хүндний төлөө юм” гэж гадаадын сурвалжлагчдад ярьжээ.

Үүнээс өмнө Байден 80 сая тун вакциныг энэ сарын сүүлээр гэхэд хандивлаж дуусгахаа амлаж байв. Үүнийхээ 25 сая тунг түгээж эхлэхээ өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.Энэ вакциныхаа 75 хувийг COVAX хөтөлбөрт, 25 хувийг шаардлагатай байгаа улсуудад хүргэх юм. Жо Байден насанд хүрсэн хүн амынхаа 70 хувийг долдугаар сарын 4 гэхэд вакцинжуулж дуусгахаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөгөө биелүүлэхэд хангалттай COVID-19 эсрэг вакцин байгаа гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж:CNN