З.БАТЦЭЦЭГ

Намраас Rutube дээр оригинал контент бий болно гэж “Газпром-медиа холдинг”-ийн ерөнхий захирал Александр Жаров Петербургийн олон улсын эдийн засгийн чуулганы үеэр хэлсэн талаар www.ria.ru мэдээлжээ.

“Энэ платформыг бүгдээрээ үндэсний болгох саналыг гаргаж байна. Контент хийж байгаа, цаашдаа ч хийх болно” гэж тэрээр сервисыг танилцуулахдаа онцоллоо. “Газпром-медиа” уг видеоплатформыг цаашид сайжруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

“Энд зөвхөн мэдээлэл, санал бодлоо хуваалцаад зогсохгүй мөн мөнгө олж болох юм. Одоогоор зар сурталчилгаа, хандив байгаа. Намраас өөр бусад мөнгө олох боломжууд гарч ирнэ” гэж Жаров тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр Rutube-ийн сарын үзэгчид 20 сая дөхөж байгаа нь 12 дугаар сартай харьцуулахад 2,8 дахин өссөн байна. Үүнээс гадна холдинг нь богино хэмжээний босоо платформыг ажиллуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үйл ажиллагаа нь TikTok, Likee-гээс давж гарна гэж үзэж байгаа аж.

Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга 2021 оны зургадугаар сарын 2-5 хооронд зохион байгуулагдаж байгаа билээ.

Эх сурвалж: zms.mn