З.БАТЦЭЦЭГ

Буриадын Курумкан хийдийн хамба лам Еши Намжил (Олег Намжилов) Буддын шашны итгэл үнэмшил, дорнын анагаах ухааны талаархи сонирхолтой нийтлэлийн цувралыг үргэжлүүлж байна. Энэ удаа уушгинд сайн хүнсний талаар www.daily-baikal.ru-д ярьжээ.

-Уушгинд айраг, зээрийн мах, хүдэрийн мах, бүх эрүүл амьтдын уушиг, тэр дундаа ишиг, хурганы уушиг сайн байдаг байна. Ургамлаас хамгийн сайн нь хулсны гурил. Дараа нь чихэр өвс, усан үзэм, чацаргана, тарваган шийр, костус, колеус, дэвхэргийн цагаан зэрэг ордог байна. Нян, вирусыг устгаж, цэр сайн ховхлоход хулуу, брокколи, наранцэцэгийн үр, урт чинжүү, шанцай, манжин, гишүүнэ, чинцай сайн. Сонгино, сармис ч бас муугүй. Цитрус, цагаан гаа, зөгийн бал дархлаа дэмждэг гэж Буриад лам хэлсэн байна.

Мөн түүний хэлснээр, тухайн хүний амьдарч байгаа бүсэд ургаж, тарьсан хүнс сайн нөлөөлдөг байна. Мөн тухайн бүсийн халуун шөлтэй хоол сайн аж.

-Хоол идээд, хөдлөөд хөлрөх нь сайн. Шөлтэй хоол, загасны шөл нь ямар ч цагаан гаа, зөгийн балнаас илүү гэж лам онцолжээ.

Цар тахлын үед “Буддын хоолны дэглэм” хамгийн сайн гэж лам нэрлэсэн байна.  /Өдөрт 2 удаа хооллох/. Дорнын анагаах ухаанд уушигны өвчнийг эдгээхэд бага хооллох хэрэгтэй гэж үздэг. Мөн тэрээр амьсгалын дасгал, йог хийх нь үр дүнтэй гэсэн байна.

-Амьсгалын дасгал хийхэд тусгай өрөө, хувцас шаардлагагүй. Шалнаас багадаа 10 см өндөрт суугаад болоо. Цэвэр агаарт байвал сайн. Амьсгаагаа гүн авч, гаргах нь уушигийг хэрэггүй зүйлээс цэвэрлэн, цусны эргэлтийг сайжруулан, зүрхний булчин, судсанд сайнаар нөлөөлж, бага зэрэг гемоглобин нэмдэг. Буддын дасгал- мөргөл, сунаж мөргөх, амьсгалын йог нь хамгийн сайн бөгөөд үйлийн үрийг ариусгадаг гэж Еши Намжил лам хэлсэн байна.

Эх сурвалж: polit.mn