Х.ОЮУНБОЛД

 

Ирландын агаарын тээврийн “Райанаир” компанийн Атенасаас Вильнюс руу ниссэн нэг онгоц энэ сарын 23-нд тэсрэх бөмбөгний тухай хуурамч мэдээллийн улмаас Минск хотод ослын буулт хийсэн. Энэ үйлдлийг нь Брюсселийн зүгээс олон улсын хуулийг зөрчсөн гэж үзэж байгааг Германы канцлер Ангела Меркель мэдэгджээ. Тэрбээр “Энэ үйлдэл нь олон улсын хуулийг зөрчсөн. Олон улсын нийгэмлэг хамтарч ажиллахыг хүсч байгаа ч үүнийг нь хүлээн зөвшөөрөх  боломжгүй” гэж Европын холбооны чуулган өндөрлөх үеэр хэлсэн байна. Түүнээс гадна Ангела Меркель энэ онгоцоор нисэж явсан Роман Протасевич болон Софья Сапега нарыг суллахыг уриалснаа дахин мэдэгджээ. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага ослын буулт хийх болсон шалтгааны талаар судлахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Литва улсын зүгээс онгоцыг газардсаны дараа зарим зорчигчийг хулгайлж барьцаалсан байж болзошгүй учраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэж тус улсын цагдаагийн газрын ерөнхий комиссар Ренатас Позела мэдэгджээ. Тэрбээр “Белоруссын сэтгүүлч  Роман Протасевич, түүний найз бүсгүй Софья Сапега орсон зургаан хүн Вильнюст ирээгүйг би мэдэж байна. Бусад асуудлыг энэ хэргийн хүрээнд мөрдөн судалж байна” гэж “The New York Times” сонинд ярьжээ. Мөн нисгэгчдийг байцаасан гэж нэмж мэдээлсэн байна. Түүний хэлснээр онгоцны ахмад агаарын тээврийн компанитай тохиролцсоноор Минск хотод ослын буулт хийх шийдвэрийг гаргасан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.27 ПҮРЭВ № 107 (6584)