Б.ДОЛЖИНЖАВ
Цар тахлын хоёрдугаар давлагаанд нэрвэгдсэн Энэтхэг улсад даваа гарагийн байдлаар 26.7 сая хүн халдвар авч, 303 мянга гаруй хүн нас барсныг зарлалаа. Ингэснээр COVID-19 халдварын тархалтаараа АНУ-ын дараа орж, цар тахлын гол голомт боллоо. Гэвч халдварын улмаас амиа алдсан хүний тоо албаны мэдээллээс их байх магадлалтайг шинжээчид анхааруулав. Учир нь нас баралтын ихэнх нь хөдөөгийн тосгоныхүмүүс байхаас гадна гэртээ нас барсныг бүрэн дүүрэн тооцоолж чадахгүй байна. Тиймээс сэтгүүлчид шарилуудыг тоолон, үнэн мэдээллийг хүргэхээр ажиллаж байгаа юм. Зарим хүн нэг сая орчим хүн нас барсан байж болзошгүйг онцлов.

Мөн нийт нас баралтын 100 мянга нь нэг сар хүрэхгүй хугацаанд бүртгэгдээд байгаа юм. Тус улсын эрүүл мэндийн салбар доройтож, эмнэлгийн ор, хүчилтөрөгч болон бусад шаардлагатай эм, хэрэгсэл дууссан нь нас баралтыг хурдацтай өсөхөд нөлөөлсөн хэмээн судлаачид шүүмжилж байна. Үүнээс гадна сүүлийн өдрүүдэд тус улсад үхлийн аюултай мөөгөнцрийн халдвар бүртгэгдэж байгаа нь олон нийтийн санаа зовнилыг улам нэмэгдүүлсэн юм. Үүнээс гадна чандарлах газруудын талбай дүүрсэн тул зарим нэг цэцэрлэгт хүрээлэнг түр зуурын чандарлах газар болгохоос өөр аргагүйд хүрчээ. Түүнчлэн вакцинжуулалт халдварын тархалтыг хумих хэмжээнд хурдан үргэлжлэхгүй байна.

Эх сурвалж:BBC