Х.ОЮУНБОЛД

ДЭМБ-аас 2021 онд цар тахлаас урьдчилан сэргийлэх тал дээр их амжилтад хүрсэн ч өнгөрсөн жилийнхээс илүү олон хүн нас барж болзошгүй гэж сануулжээ. Тодруулбал, энэ байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейсус твиттертээ “2021 онд өнгөрсөн жилтэй харьцуулахад цар тахлын улмаас илүү олон хүн нас барахад хүргэж болзошгүй. Тиймээс хариу арга хэмжээг батлах ёстой” гэж бичсэн байна. Мөн цар тахлын улмаас 3.3 сая хүн нас бараад байна. Түүний хэлснээр энэ эрсдэлээс хүний амь, гэр бүлүүдийг аврахын тулд салгаж хэрэгжүүлж болохгүй урьдчилан сэргийлэх тариа, нийтийн эрүүл мэндийн арга хэмжээг давхар хэрэгжүүлэх ёстой аж. Гэхдээ өөр нэг тулгараад байгаа том асуудлуудын нэг нь нэн ядуу орнуудад урьдчилан сэргийлэх тарианы хүртээмжтэй холбоотой юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд Тедрос Адханом Гебрейесус хүүхдүүдийг цар тахлаас урьдчилан сэргийлэх тарилгад хамруулахын оронд хөгжингүй орнууд “Ковакс” төслийн хүрээнд урьдчилан сэргийлэх тариаг түгээн хуваарилах санал тавьсан байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа дархлаажуулахад хүрэлцэх урьдчилан сэргийлэх тариа хангалттай биш дундаж орлоготой эсвэл орлого багатай орнууд байна. Мөн энэ орнуудын эмнэлэг яаралтай тусламж хэрэгтэй хүмүүсээр дүүрээд байна. Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх  тарианы зөвхөн 0.3 хувь нь энэ орнуудад очиж байна гэж онцолжээ. Мөн Энэтхэг, Непал, Шри Ланк, Вьетнам, Кампучи, Тайланд, Египетэд нөхцөл байдал хүнд хэвээр байна гэв. Нөгөө талаар өнгөрсөн долоо хоногт COVID-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн 40 хувь нь Америк тивд бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.5.17 ДАВАА № 99, 100 (6576, 6577)